70114100

92114100

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

Баянхонгор аймгийн шүүгч Д.Батцэнгэлийн Монгол улсын Шүүхийн тухай хуулийн төсөлд өгөх санал

  Баянхонгор

  Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасан шүүгчийн мэргэжлийн хариуцлагын зөрчил гэх заалтын “шүүгч хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хуулийн тодорхой заалтыг ноцтой зөрчсөн, хуулийг илтэд буруу хэрэглэсэн бол тухайн шүүгчийн  мэргэшлийн түвшин, ажил хэргийн чадварт дүгнэлт гаргуулахаар давж заалдах болон хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоол гаргаж мэргэшлийн хороонд хүргүүлнэ” гэсэн заалт нь  шүүгчийн хараат бус байдалд дээд шатны шүүхээс шууд хөндлөнгөөс оролцох нөхцлийг бүрдүүлсэн заалт болсон байна гэж үзэж байна.

            Учир нь Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлд заасан “шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана” гэсэнтэй зөрчилдөж байгаа бөгөөд  дээд шатны шүүх нь доод шатны шүүхэд шууд шийдвэр гаргахад нөлөөлөхөөр болсон заалт орсон учир уг заалтыг төслөөс бүхэлд нь хасах нь зүйтэй гэж үзэж байна.

            2. Мөн төслийн 32 дугаар зүйлийн 32.3-д “анхан шатны шүүх нь тодорхой хэрэг маргааны төрлөөр танхимтай байж болно” гэж заасан нь учир дутагдалтай бөгөөд одоогийн байгаагаар анхан шатанд шүүхийг эрүү, иргэн захиргааны чиглэлээр дагнан байгуулж үйл ажиллагааг явуулах нь зүйтэй бөгөөд харин анхан шатанд дагнасан шүүх тус бүр  нэг ерөнхий шүүгчтэй байх нь зохимжтой байна.

            Учир нь дагнасан шүүх байгуулснаар шүүгчийн ур чадвар дээшилж шүүн таслах ажлын чанарт нөлөөлж иргэд чирэгдэлгүй үйлчлүүлж байгаа бөгөөд шүүгч бүр эрүү иргэний хэргээ шийдвэрлэвэл ачаалал ихсэж энэ хэрээр иргэд чирэгдэнэ.

            Ийм учраас уг төсөлд танхимтай гэхийг эрүү, иргэний захиргааны хэргийн анхан шатны шүүхтэй байна гэж өөрчлөх нь зүйтэй гэж бид үзэж байна.

            Мөн төслийн 32 дугаар зүйлийн 32.4-ийг хэрэв танхим байгуулахаар болох бол тухайн танхимын шүүгч нарыг тухайн шатны ерөнхий шүүгч бүрэлдэхүүнийг батлах биш харин дагнасан шүүгч нарыг шууд Монгол улсын ерөнхийлөгчөөр томилуулдаг байхаар өөрчлөх нь зүйтэй байна.

            Одоогийн төсөлд дагнасан шүүгч нарыг аймаг нийслэлийн ерөнхий шүүгч батлахаар тусгасан нь учир дутагдалтай бөгөөд бүх шатны дагнасан шүүхийн шүүгч нарыг Монгол улсын ерөнхийлөгч томилдог байх нь зүйтэй байна.

            Мөн хуулийн төсөлд бүх шатны ерөнхий шүүгч нарыг шүүгчдийн зөвлөгөөнөөс дотроосоо сонгодог байхаар тусгасан нь учир дутагдалтай бөгөөд энэ шинэ залуу шүүгч нарыг шатлан дэвших боломжийг хязгаарлаж тухайн шүүхдээ олон жил ажилласан шүүгч байнга ажиллах буруу тогтолцоог үүсгэж урьдын тогтолцоо руу шилжиж байгаа нь шүүхийг ухарсан алхамд хүргэж байна.

            Харин бүх шатны ерөнхий шүүгч нарыг ажилласан жилийг харгалзан Монгол улсын ерөнхийлөгч томилдог байхаар төсөлд тусгах нь зүйтэй гэж үзэж байна.

            Иймд учраас Монгол улсын ерөнхийлөгч та  бид бүхний саналыг харгалзаж үзэж Шүүхийн тухай хуулийн төсөлд зохих өөрчлөлтийг оруулах талаар хуулийн төслийг санаачилж өгнө үү гэж хүсэж байна.

Сэтгэгдэл бичих

Баянхонгор аймгийн шүүгч Д.Батцэнгэлийн Монгол улсын Шүүхийн тухай хуулийн төсөлд өгөх санал