70114100

92114100

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

Монголын Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн

2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хурлын тойм

Хуралдаанд холбооны тэргүүн Ж.Оюунтунгалаг, удирдах зөвлөлийн гишүүн О.Номуулин, Ш.Оюунтуул, Т.Бадрах, Л.Баатар, З.Ганзориг, гүйцэтгэх захирал М.Дамирансүрэн, нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг болон урилгаар Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр нар оролцов.

Тус хурлаар Шүүгчдийн холбооноос мэргэжлийн, судалгааны байгууллагаар хийлгэсэн “Иргэдийн шүүх болон шүүгчдэд хандах хандлага”-ын талаарх судалгааны тайланг хүлээн авч хэлэлцэн, цаашид хэрэгжүүлэх бодлогын асуудлаар хуралдаанд оролцогчид санал солилцов.

Уг судалгаагаар шүүхээр үйлчлүүлсэн иргэдийн 66 хувь нь шүүх болон шүүгчдийн үйл ажиллагааг эерэг хандлагаар хүлээн авсан бол, шүүхээр үйлчлүүлж байгаагүй, жирийн иргэдийн зөвхөн 30 хувь нь эерэг үнэлгээ өгсөн бөгөөд иргэдийн дунд шүүхийн үйл ажиллагаа, чиг үүргийн талаарх эрх зүйн мэдлэг дутуу, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шүүхийн талаарх бүрэн бус, сөрөг ойлголтууд түгээгдэж байгаа нь үүнд нөлөөлж буйг тогтоосон байна.

1. Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр нар нь “Иргэдийн шүүх болон шүүгчдэд хандах хандлага”-ын талаар хийсэн судалгааны үр дүнгийн талаар цаашид холбооноос хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хамтарч ажиллах, дэмжлэг туслалцаа үзүүлэх боломжтой талаар санал солилцсонд УЗ-ийн гишүүд талархлаа илэрхийллээ.

2. Цаашид уг судалгаанд түшиглэн шүүх, шүүгчдийн олон нийтийн хандлагад сөргөөр нөлөөлж буй сөрөг хүчин зүйлийн нөлөөллийг буруулах, олон нийтийн дунд зөв ойлголт хандлага төлөвшүүлэхэд чиглэсэн ажлыг зохион байгуулахад тус холбооны үйл ажиллагааг голлон хөгжүүлэх талаар Удирдах зөвлөлийн гишүүд тогтов.

3. Тус Холбооны гүйцэтгэх захирал М.Дамирансүрэн, нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг нар нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлж, Удирдах зөвлөл хэлэлцсэнээр гүйцэтгэх захирлаар Т.Туяаг томилов.

4. “Шударга ёсны хэмжүүр” сэтгүүлийг 2021 оноос эхлэн цахим хэлбэрээр гаргаж, “Шүүх эрх мэдэл” сэтгүүлд “Шүүгчдийн холбоо” гэсэн бие даасан буланд тус холбооны мэдээллийг цахим хэлбэрээр тавьж байхаар тогтов.

5. Монголын Шүүгчдийн холбооны салбар хороодоос дараах асуудлаар шүүгчдийн дунд асуулга явуулан дүн болон санал ирүүлэхийг уламжлахаар тогтов.

5.1 Монгол Улсын Шүүхийн тухай багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд шүүгчдийг Монголын Хуульчдын холбооны гишүүн байх болон түдгэлзэх талаар  тусгасантай холбогдуулан шүүгчид Хуульчдын холбооны гишүүн байхыг дэмжих, дэмжихгүй гэсэн агуулгаар асуулга явуулан дүнг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дотор авч, нэгдсэн дүн гаргах;

5.2 Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дэргэдэх Шүүхийн практик судалгааны хэлтсээс явуулах судалгааны ажилд оролцох саналтай шүүгчдийн нэрсийг судалгааны мэргэшсэн сэдвийн хамт ирүүлэх;

5.3 Шүүгчдийн холбооны зохион байгуулалтын бүтцэд “Гадаад харилцааны” болон “Судалгааны” чиглэлээр үйл ажиллагаа явуулах 2 дэд хороо байгуулах болсонтой холбогдуулан эдгээр хороодод ажиллах сонирхолтой шүүгчдийн нэрсийг ирүүлэх;

5.4 Шүүхэд итгэх иргэдийн хандлагыг дээшлүүлэх, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангахад чиглэсэн хийх ажлын талаар шүүгчдээс санал авч ирүүлэх, дээрх асуудлаар ШЕЗ, УДШ-тэй хамтран ажиллахаар санал солилцов.  

6. Шүүгчдийн холбоо 2020 оны Үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлав.

Дээрх асуудлаар яаралтай тодруулах шаардлагатай зүйл гарвал Шүүгчдийн холбооны гүйцэтгэх захирал Т.Туяа /99081135/-тай холбогдно уу.

УДИРДАХ ЗӨВЛӨЛ

Сэтгэгдэл бичих

Монголын Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн