ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРМИЙГ БАТЛАХ ТУХАЙ

2013 оны 12 сарын 26 4476 удаа нээгдсэн

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

            Өчигдөр буюу 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Монголын Хуульчдын Холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл тэргүүн Ц.Цогт гишүүд Б.Батцэрэн, Д.Дэлгэрцэцэг, П.Золзаяа, Ц.Оч, Т.Өсөхбаяр, Ц.Өрнөндэлгэр, П.Цэцгээ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэйгээр “Шүүгчийн ёс зүй”-н дүрмийн төслийг  батлах эсэх асуудлаар хуралдлаа.

            Энэхүү шүүгчийн дүрмийн төслийг боловсруулах асуудлаар  Монголын Хуульчдын Холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн 2013 оны 10 дугаар сарын 29-ний хуралдаанаас 10 хүний бүрэлдэхүүнтэй томилогдсон ажлын хэсэг нийт 9 удаа хуралдсан байна. Ажлын хэсэг Шүүгчийн ёс зүйн дүрмийн төслийг  Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нийцүүлэх, Шүүгчийн үйл ажиллагааны Бангалорын зарчмуудад тулгуурлан  Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрэм,  АНУ, ОХУ, Япон, БНСУ, ХБНГУ  зэрэг орнуудын шүүгчийн ёс зүйн дүрмүүдийг харьцуулан судалж өөрийн орны шүүгчийн ёс зүйн өнөөгийн төвшин, нийгмийн хүрээний онол, шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны онцлогт тохируулан боловсруулсан билээ.

            Түүнчлэн төсөлд бүх шатны шүүхийн шүүгчдээс дүрмийн төсөлд санал авах үйл ажиллагааг  2013 оны 10 дугаар сарын 06-наас 12 дугаар сарын 13-ны хооронд албан ёсоор зохион байгуулсан. Санал өгөх ажилд шүүхүүд идэвхитэй оролцсон бөгөөд нийт 34 шүүхээс (гэвч 10 орчим шүүхээс “саналгүй” гэсэн хариу ирсэн) шүүгчдийн нэгтгэсэн санал ирүүлснээс ажлын хэсэг санал тус бүрийг авч хэлэлцэж төсөлд шаардлагатай саналуудыг  тусгаж дүрмийн төслийг эцсийн байдлаар боловсруулан санал авахаар Улсын дээд шүүх, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Шүүхийн ёс зүйн хороо, Монголын Хуульчдын Холбоо зэрэг байгууллагуудад албан ёсоор илгээж 2013 оны 12 дугаар сарын 17-наас 12 дугаар сарын 23-ны хооронд санал хүлээн авах ажлыг мөн зохион байгуулсан. Улсын Дээд Шүүх албан ёсоор саналаа ирүүлсэн бол Шүүхийн Ерөнхий Зөвлөл болон Шүүхийн ёс зүйн хороо тусгайлан санал гаргаагүй, Харин Монголын Хуульчдын Холбоо нь Өмгөөлөгч, Прокурорын хороонд төслийг хүргүүлж нэгдсэн байдлаар саналаа явуулна гэсэн хариу мэдэгдээд байна.

            Хурлаар Шүүгчийн ёс дүрмийг батлах асуудлыг хэлэлцэхийн өмнө Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т “Шүүгчдийн хороо шүүгчийн ёс зүйн дүрмийг батална” гэж заасантай уялдаад Шүүгчдийн хорооны удирдах зөвлөл бие даан “Шүүгчийн ёс зүйн дүрэм”-ийг батлах эрхтэй эсэх талаар хэлэлцсэн. Уг асуудал дээр удирдах зөвлөлийн гишүүдийн нэг хэсэг нь “Хэдийгээр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т “Шүүгчдийн хороо шүүгчийн ёс зүйн дүрмийг батална гэсэн боловч биднийг шүүгчдийн хороо нэгэнт удирдах зөвлөлөөрөө сонгож тул бидэнд эрх олгосон хэмээн ойлгож төлөөллийн ардчилалын зарчмын дагуу дүрмийг батлах нь зүйтэй” гэсэн байр суурьтай байсан бол зарим нь “Шүүгчдийн хороо нь бүх шүүгчдийн гишүүнчлэлтэй сайн дурын хороо тул бүх гишүүд хэлэлцэж дүрмээ батлах ёстой” гэсэн саналтай байв. Ийнхүү саналын зөрүүтэй асуудлууд гарч байсан тул дараах асуудлуудаар санал хураалт явуулсан.

            Дүрмийн төслийг бүх шатны шүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөр дахин  хэлэлцүүлэх, Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлд шүүгчийн ёс зүйн дүрмийг батлах эрхийг хорооны нийт гишүүдээс авах” гэсэн агуулгаар санал хураалт явуулж нийт 9 гишүүнээс 5 гишүүн дэмжиж, 4 гишүүн дэмжихээс татгалзсан тул Шүүгчдийн хорооны удирдах зөвлөлийн хурлын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолоор:

 

  1. Бүх шатны шүүхүүд шүүхийн зөвлөлгөөнөөрөө шүүгчийн ёс дүрмийг хэлэлцэж дахин нэгдсэн санал авах
  2. Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлд “Шүүгчийн ёс зүйн дүрэм”-ийг батлах эрхийг олгох асуудлаар тус хорооны нийт гишүүдийн санал хураалт явуулах шийдвэрлэсэн.

            Саналыг 2014 оны 01 дүгээр сарын 08-ны дотор бүх шатны шүүхүүдээс авч Удирдах зөвлөлийн хурлыг 2014 оны 01 сарын 10-ны өдөр хийхээр товлоод байна.

            Тус дүрмээр шүүгчдийн албаны үүрэг болон хувийн амьдралтай  холбоотой ёс зүйн хэм хэмжээтэй холбоотой өдөр тутмын чухал асуудлыг зохицуулж байгаа тул энэ удаагийн санал авах ажлыг бүх шатны шүүхүүд хариуцлагатай зохион байгуулж, шүүгчдээ идэвхтэй оролцуулж саналаа хугацаанд нь ирүүлэхийг хүсэж байна.

Монголын Хуульчдын Холбооны Шүүгчдийн Хороо



 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: