Монголын Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн хурлын тойм

2014 оны 03 сарын 03 4609 удаа нээгдсэн

Монголын Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн

2014 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн хурлын тойм

 

          Хуралдаанд холбооны тэргүүн Б.Батцэрэн, удирдах зөвлөлийн гишүүн Д.Батбаатар, Д.Оюунбат, Т.Энхтуяа, Г.Тэгшсуурь, Ц.Цогт, С.Цэрэндулам, гүйцэтгэх захирал М.Дамирансүрэн, нягтлан бодогч Б.Хишигсүрэн, нарийн бичгийн дарга Г.Ууганбаатар нар оролцов.

          Тус хурлаар Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2014 оны үйл ажиллагааны үндсэн чиглэл, цаг үеийн болон цаашид хэрэгжүүлэх бодлогын асуудлаар санал солилцож, холбогдох шийдвэрийг гаргасан болно.

 

          1.Холбооны Тэргүүн болон Удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 2014 оны 2 сард дуусгавар болж байгаатай холбогдуулан сонгууль зохион байгуулах ажлын хэсэгт /Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Б.Ундрах, шүүгч Д.Оюунбат, Д.Батбаатар, Ө.Уянга, С.Мөнхжаргал, Г.Даваадорж/ цаашид хэрэгжүүлэх ажлын талаар дараахь чиглэл өгөв. Үүнд:

 

          -Холбооны Тэргүүн болон Удирдах зөвлөлийн гишүүдийн сонгуулийг нийт гишүүдийн оролцоотойгоор, цахим хэлбэрээр явуулах,

          -Холбооны Тэргүүн болон Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвших, холбооны www.judge.mn веб сайтын гишүүний булангаар дамжин саналаа өгч сонгуульд оролцох удирдамжийг веб сайт, майл хаяг, гар утас болон бусад хэлбэрээр гишүүдэд хүргүүлэх, Салбар хорооноос нэр дэвшигчдийг баталгаажуулж холбооны удирдах зөвлөлд хүргүүлэх шийдвэр болон нэр дэвшигчийн талаарх танилцуулгын загварыг www.judge.mn веб сайтад байршуулах,

          -2014 оны 3 дугаар сарын 1-нээс 15-ны өдрийн хооронд Салбар хороо бүр Холбооны Тэргүүн болон Удирдах зөвлөлийн гишүүдэд нэр дэвшигчдийг тодруулж, Удирдах зөвлөлд мэдэгдэх,

          -3 дугаар сарын 17-ноос 23-ны өдрийн хооронд санал хураалтын бэлтгэлийг хангаж, нэр дэвшигчдийн жагсаалт, тэдний танилцуулгыг www.judge.mn веб сайтад байршуулах,

          -3 дугаар сарын 24-нөөс 30-ны хооронд санал хураалтыг холбооны www.judge.mn веб сайтыг ашиглан цахим хэлбэрээр явуулах.

          -3 дугаар сары 31-нд санал хураалтын дүнгээр хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг Удирдах зөвлөлийн Тэргүүн болон гишүүнээр сонгогдсонд тооцож, гишүүдэд мэдэгдэх,

          -Шинээр сонгогдсон Холбооны тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүдэд бүрэн эрхийг шилжүүлэн өгөх ажиллагааг зохион байгуулах,

         

          2. Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн дагуу шинээр байгуулагдсан шүүхүүдэд Салбар хороо шинэчлэн байгуулагдах явцын талаар гүйцэтгэх захирал М.Дамирансүрэнгийн хийсэн мэдээллийг сонсов. Үүнд:

          Урьд нь 33 салбар хороо үйл ажиллагаа явуулж байсан, одоо шинээр байгуулагдсан 79 шүүхэд 38-42 салбар хороо байгуулагдах төлөвтэй байна. Учир нь нэг дор байрлаж байгаа зарим шүүхүүд холбооны дүрэмд заасны дагуу нийлж салбар хороогоо байгуулж байна. 2014 оны 2 дугаар сарын 28-ны байдлаар 29 салбар хороо байгуулагдан, тэргүүнээ сонгосон хурлын тэмдэглэл болон гишүүд, тэргүүнийхээ бүртгэлийг ирүүлсэн байна.

         

          3.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж, Хуульчдын холбоо байгуулагдсантай холбогдуулан Холбооны дүрмэнд өөрчлөлт оруулах талаар судалж, төсөл боловсруулахыг Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Цогт, Д.Батбаатар нарт даалгав.  

 

          4.Монголын шүүгчдийн холбооны нэрэмжит шагналын загварын уралдаан зохион байгуулах, шалгаруулах ажлыг Удирдах зөвлөлийн гишүүн Г.Тэгшсуурьт даалгав.

         

          5.Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд 6 дугаар сард Канад улсад, 9 дүгээр сард Бразиль улсад зохион байгуулагдах Олон улсын шүүгчдийн холбооны хуралд гишүүдийг оролцуулах ажлыг зохион байгуулахыг Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Цогтод даалгав.

 

          6.Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн дагуу Монгол Улсын анхан болон давж заалдах шатны шүүхүүдийг өөрчлөн байгуулах үйл ажиллагааны явцад шүүгчээр дахин томилогдоогүй болон урьд ажиллаж байсан шүүхээс өөр шүүхэд шилжүүлэн томилогдсон шүүгч нарын гаргасан өргөдөл, хүсэлтийг хэлэлцэж, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Монголын шүүгчдийн холбоо ТББ -ын нийт гишүүдэд хандаж “Мэдэгдэл” гаргав. Уг мэдэгдлийг гишүүн-шүүгч та холбооны цахим хуудасны Гишүүний буланд нэвтэрч бүрэн эхээр нь үзэж танилцана уу.  

 

 

                                                УДИРДАХ ЗӨВЛӨЛ

 

 

 



 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: