Шүүгчдийн холбооны шинэ удирдах бүрэлдэхүүн ажлаа хүлээн авлаа

2014 оны 04 сарын 08 4353 удаа нээгдсэн

       Монголын Шүүгчдийн холбооны шинээр сонгогдсон Тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүд бүрэн эрхээ шилжүүлэн авах ёслолын ажиллагаа 2014 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Улсын Дээд шүүх дээр болов.

Тус холбооны дүрэмд заасны дагуу Тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дууссан тул цахим хэлбэрээр санал хураалт явуулсан байна. Санал хураалтын дүнгээр Удирдах зөвлөлийн гишүүнд анхан шатны шүүхээс 47 төлөөлөл нэр дэвшсэнээс Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгч Б.Цолмонбаатар, С.Амардэлгэр, Захиргааны хэргийн анхан шатны тавдугаар шүүхийн шүүгч Э.Зоригтбаатар, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр, Г.Есөн-Эрдэнэ, давж заалдах шатны шүүхээс 17 төлөөлөл нэр дэвшсэнээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогт, Иргэний хэргийн давж заалдах шатны зургадугаар шүүхийн шүүгч С.Өмирбек,  Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч Д.Мөнхтуул, хяналтын шатны шүүхээс Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Батсүрэн нар тус тус удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогджээ.

Холбооны Тэргүүнд 3 гишүүн нэр дэвшсэнээс санал хураалтад оролцсон 295 гишүүний 169 буюу 57 хувийн саналаар Улсын Дээд шүүхийн шүүгч Хөхийсүрэнгийн Батсүрэн сонгогдсон байна.

Шүүгчдийн холбооны Тэргүүн асан, Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн “Монголын Шүүгчдийн холбоо” төрийн бус байгууллагын тамгыг хүлээлгэн өгөх үеэрээ “Шинээр сонгогдсон Холбооны тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүддээ баяр хүргэе. Монгол Улсын Шүүгчдийн зөвлөлийн 2011 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 07 тоот тогтоолоор өмнөх Удирдах зөвлөл сонгогдож байсан. Удирдах зөвлөл сонгогдсон даруйдаа дүрмээ төрийн бус байгууллагын үндсэн зарчимд нийцүүлэн шинэчилж, гишүүнчлэлээ сайн дурын, Удирдах зөвлөл, тэргүүнээ сонгодог болгон өөрчилсөн. Мөн үйл ажиллагаагаа эхлэхдээ “Шударга ёсны тунхаг” гаргасан нь эрх зүйн шинэчлэлийн үед бодлогын баримт бичиг болж чадсан. Бидний ажиллах 3 жилийн хугацаа шүүхийн шинэчлэлийн үетэй давхацсан бөгөөд Шүүхийн тухай багц хуульд санал өгөх ажлыг салбар хороодоороо дамжуулан амжилттэй зохион байгуулсан. Түүнчлэн үйл ажиллагаагаа нээлттэй явуулахыг гол зорилгоо болгож, judge.mn  вэб сайт нээн ажиллуулж, “Шударга ёсны хэмжүүр” чөлөөт сэтгүүлийг гарган гишүүдийнхээ хүртээл болголоо. Мөн салбар хороодыг эмхлэн байгуулах, Олон Улсын шүүгчдийн холбоонд гишүүнээр элсэх, ёс зүйн сургалт зохион байгуулах, гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалан мэдэгдэл гаргах, зөвлөгөө өгөх зэрэг олон ажлыг зохион байгууллаа” хэмээв.

  Шинэ Тэргүүн Х.Батсүрэн “Монголын Шүүгчдийн холбоо төрийн бус байгууллагыг амжилттай удирдаж, нүдэнд харагдаж, гарт баригдахуйц, үр бүтээлтэй олон ажил хийсэн өмнөх удирдах зөвлөлийн гишүүд болон Б.Батцэрэн шүүгчдээ баярлалаа” гээд цаашид тус холбооны үйл ажиллагааг дүрэмд заасны дагуу амжилттай үргэлжлүүлж, шүүгчдийн эрх ашгийг хамгаалан ажиллахаа илэрхийлэв.

Монголын Шүүгчдийн холбооны Улсын Дээд шүүхийн шүүгчдийн салбар хорооны Тэргүүн Т.Уранцэцэг энэ үеэр тус холбооны удирдах зөвлөлд ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл, шүүх “толгойлж” явсан, дадлага туршлагатай шүүгчид сонгогдсон нь зөв сонголт болсныг онцлоод шүүгчдийн эрх ашгийн төлөө тус холбооны хийсэн ажил их болохыг тэмдэглэв.

 

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: