Мэргэжлийн хорооны журмын төслийг шүүгчдийн төлөөллөөр хэлэлцүүлж байна

2014 оны 05 сарын 29 4244 удаа нээгдсэн

Монголын хуульчдын холбооны мэргэжлийн хороо байгуулагдсанаас хойшхи өнгөрсөн 6 сар гаруйн хугацаанд түүний бүтэц, зохион байгуулалт, маргаан хянан шийдвэрлэх журмын төслийг ажлын хэсгийнхэн боловсруулсан юм. Журмын төслийг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм, Монголын хуульчдын холбооны дүрэмд нийцүүлэн “Мэргэжлийн хариуцлагын хорооны ажиллах журам”, “Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдэрлэх журам” гэсэн нэртэйгээр боловсруулсан ба шүүгч, прокурор, өмгөөлөгч болон бусад хуульчдийг хуульчийнх нь хувьд хариуцлагын нэгдсэн тогтолцоонд оруулах өргөн харилцааг зохицуулсан гэдгээрээ онцлогтой. Тиймээс ажлын хэсгийнхэн төсөлд хуульчдаас санал авах ажлыг онлайнаар болон хэлэлцүүлэг байдлаар зохион байгуулж байна.

Шүүгчдийн хороо,ажлын хэсэгтэй хамтран өчигдөр буюу 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр  журмын төслийг шүүгчдийн төлөөллийн хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгийг 30–аас доошгүй шүүгчдийн төлөөлөл оролцуулж зохион байгуулахаар төлөвлөж нэр бүхий 30 шүүгчид мэдэгдэж, хотын бусад шүүгчид рүү төслийг, хэлэлцүүлгийн хөтөлбөрийн хамт и-мэйл хаягаар нь явуулж хүрэлцэн ирэхийг хүссэн боловч ирц хангалтүй байлаа. Тус хэлэлцүүлэгт ажлын хэсгийн ахлагч МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан төслийн танилцуулга хийж шүүгч Т.Өсөхбаяр, Д.Мөнхтуул, Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа, Ц.Оч, М.Алдар, С.Амардэлгэр, М.Баясгалан, Б.Цолмонбаатар, нар хүрэлцэн ирж санал бодлоо илэрхийллээ.

Хэлэлцүүлэгт шүүгчдээс шүүгчийн ёс зүйн дүрэм, мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэмд шүүгчтэй холбоотой давхардсан заалтуудыг ялган процессжуулах, шалгагч, шинжээчдийн эрх хэмжээ их, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхөөр байгаа тул тэдний эрх хэмжээг холбогдох эрх зүйн актуудад нийцүүлж тодорхойлох, маргаан хянан ажиллаагаа цаг хугацаа их шаардсан нүсэр байна, шүүгчдийн цаана давхар иргэдийн эрх ашиг байдаг тул тэдний эрх ашиг давхар хохирохасуудал гарахыг анхаарах, шүүгчдийг ажлаа чөлөөтэй хийх боломжоор хангаж шинжээчдийг явуулж шалгалт хийлгэхээр зохицуулах, мэргэжлийн хариуцлагын хорооны чиг үүрэг нь төрийн чиг үүрэг тул төрөөс санхүүжилт авах, хуульчдын татварыг зөвхөн тэдний эрх ашгийг хамгаалах зүйлд зарцуулагдах ёстой гэх мэт олон асуудал гарган хэлэлцүүлж, ажлын хэсэг зарим саналыг төсөлд тусгахаар болсон юм. Мөн оролцсон шүүгчид тус тусын саналаа онлайнаар ирүүлээхээр болсон билээ.

 

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: