Шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны түвшин тогтоох журам: Шүүгчдийн саналыг нэгтгэж хүргүүлэв.

2014 оны 10 сарын 06 5181 удаа нээгдсэн

1.

“ШҮҮГЧИЙН МЭРГЭШЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТҮВШИН ТОГТООХ

ЖУРАМ” –ЫН ТӨСӨЛД ӨГӨХ САНАЛ

 

1. Шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшин тогтоох журам зорилгодоо нийцсэн байх ёстой. Шүүхийн багц хууль боловсруулах үед шүүгч нийгэм, эрх зүйн хөгжил, хууль тогтоомжийн өөрчлөлтөд нийцэж өөрийн мэдлэг боловсрол, ур чадвараа ямагт дээшлүүлж байх шаардлагатай гэсэн үзэл баримтлалаар бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллаж буй шүүгчдийг тодорхой цаг хугацааны давтамжтайгаар “мэргэжлийн түвшинг нь тогтоож” байх зохицуулалт шинээр нэвтрүүлсэн билээ.

Ингэхдээ уг журмыг гаргаж хэрэгжүүлснээр шүүх, шүүгчийн мэдлэг ур чадварыг байнга сайжруулах, шүүгчийн мэргэжил, ур чадварт хандах олон нийтийн үнэлэлт, итгэлийг дээшлүүлэх, ингэснээр нийгмийн өмнө хүлээсэн шүүхийн үүргийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх зорилготой байсан нь тодорхой юм.

Тиймээс энэ журам, түүний дагуу авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа ч гэсэн үүнд л чиглэсэн байх нь зохистой. Өөрөөр хэлбэл, уг журмын хэрэгжилтийн үр дүн “шүүгчид арга хэмжээ авах, албан тушаалаас чөлөөлөх” –д биш харин шүүгчийн мэргэжлийн түвшинг тогтоох, түүнд түшиглэж мэдлэг мэргэжлийг нь дээшлүүлэх, сургалтын хэрэгцээ түвшинг тогтоох гэх мэтээр Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар шүүгчийн мэргэшлийн түвшинг дэмжих, эерэг үр дүнд хүрэх явдал байх юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн хүсэлтээр хийгдсэн Олон улсын шинжээч Пим Алберсийн зөвлөмжид (А хэсэг, 12) энэ талаар тодорхой дурьдсан бөгөөд “шүүгчийн мэргэшил, ур чадварыг дээшлүүлэхэд” чиглэсэн позитив арга хэмжээ учир уг үнэлгээг тухайн шүүгчид хариуцлага хүлээлгэх процессоос ангид авч үзэх нь чухал болохыг тэмдэглэжээ.

Ялангуяа уг журам батлагдсаны дараа түүнийг хэрэгжүүлэх эрх хэмжээ нь шүүхийн захиргааны байгууллагад олгогдсон, саяханы жишээнээс уг байгууллагын зарим шийдвэр, үйл ажиллагаа шүүх, шүүгчийн эрх зүйн байдалд ноцтой үр дагуулж болзошгүй байгаа зэргийг харгалзан, төслийг батлахдаа “шүүх бие даасан, шүүгч хараат бус байх” зарчмыг гол шалгуур болгон сайтар анхаарах нь зүйн хэрэг болоод байна.

Шүүхийн захиргааны тухай хууль нь шүүхийн өөрийн удирдлага, шүүхийн үйлчилгээг зохицуулах зорилготой хууль бөгөөд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь заалт нь шүүх бие даасан, шүүгч хараат бус байх Монгол Улсын Үндсэн Хуулийн зохицуулалтад нийцэж байгаа эсэхийг ч харгалзан үзэх шаардлагатай.

Тиймээс түвшин тогтоох дүгнэлтээр хангалтгүй үнэлгээ авсан шүүгчдийг эхний ээлжинд сургалтанд хамруулах, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх боломжоор хангаж, журмын зорилгод нийцүүлсэн зохицуулалт нэмэх нь зүйтэй.

2. Төслийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2 –т заасан шалгуур үзүүлэлтийг тооцох оноог нэмэгдүүлэх шаардлагатай, учир нь уг журмын 4, 5 дугаар зүйлд заасан хууль хэрэглэх ур чадвар, нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгөх, шийдвэр үндэслэл, боловсруулалт, шүүн таслах ажиллагааны чанар зэрэг нь шүүгчийн ажлыг үнэлэх, мэргэшлийн түвшинг тогтоох гол шалгуур байх ёстой. Тиймээс энэхүү гол шалгуур үзүүлэлт нь шүүгчийн мэргэжлийн түвшинг тогтоох нийт үнэлгээ, онооны дийлэнх хувийг бүрдүүлж байвал зүй ёсны хэрэг болох юм.

3. Уг журмын төсөлд (Зургаа дугаар зүйл болон холбогдох бусад хэсэгт) шүүгчийн ёс зүйн асуудлыг мэргэжлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох нэг шалгуур болгохоор тусгасан  нь зохимжгүй гэж үзэж байна. Учир нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм, Шүүгчийн ёс зүйн дүрмээр шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагаан дахь ёс зүйн асуудлыг тусгайлан зохицуулж, урьдчилан сэргийлэх, зөрчил гарсан тохиолдолд хүлээлгэх хариуцлага, бусад үр дагаварыг тодорхойлсон байдаг.

Шүүгчдээс ирүүлсэн саналаас дүгнэж үзвэл төслийн 6.1.5, 6.3, 7.1, 7.2 дахь заалтуудыг төслөөс хасах, өөрчлөн найруулах, агуулгыг тодорхой болгох шаардлагатай гэж үзсэн байна.

Шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагаа гэдэгт “шүүн таслах ажиллагаа” хамаарах бөгөөд энэхүү журмын зорилго нь дээр дурьдсанаар шүүгчдийн шүүн таслах ажиллагаа эрхлэн явуулах мэргэжлийн түвшинг тогтоох зорилготойг болон ёс зүйн зөрчил, доголдолд хүлээлгэх хариуцлага тусдаа зохицуулагдсан байгааг харгалзах нь зүйтэй болов уу.

4. Төслийн 2.2 –т “Шүүхийн ерөнхий зөвлөлийн удирдамж”, 8.2 –т “Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн боловсруулсан аргачлал” зэргийг шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны түвшинг тогтоосон үнэлгээ, дүгнэлтийг гаргахад ашиглана гэжээ. Харин энэхүү удирдамж, аргачлал нь журмын төсөлтэй хамт боловсруулагдаагүй, ямар агуулга, зохицуулалттай удирдамж, аргачлал байх нь тодорхойгүй байна.

Энэ байдал нь журам батлагдсаны дараа дээрх удирдамж, аргачлалын зохицуулалтаас үүдэн уг журам дахь түвшин тогтоох “шалгуур, үзүүлэлтийн үнэлгээ” –г тооцох суурь нөхцөл өөрчлөгдөх боломжтой байна. Жишээ нь, төслийн 5.1.1-д заасан хянан шийдвэрлэсэн хэргийн чанар ачаалалыг хэрхэн тооцох нь маш тодорхой байх учиртай байна.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 –ийн зохицуулалтаас үзвэл “шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны түвшинг дүгнэх шалгуур үзүүлэлтээс” гадна хэрхэн дүгнэх нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн боловсруулах уг журамд тусгагдаж, улмаар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч батлах учиртай байна.

Үүнээс үзвэл, шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох шалгуур үзүүлэлтээс гадна үнэлж, дүгнэхтэй холбоотой процессын асуудлыг бүхэлд нь энэ журамд тусгаж өгөх шаардлагатай. Харин уг журмаас гадуур, дараа нь ямар нэг удирдамжаар “түвшин тогтоох ажлыг зохион байгуулах”, эсхүл аргачлал гаргаж “үнэлгээ, дүгнэлт”-д ашиглах ёсгүй байна.

Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл энэхүү агуулга, журам нь тодорхойгүй, уг журмыг батлах эрх бүхий этгээдийн хяналтаас гадуур тусдаа гарах байдлаар тусгагдсан “аргачлал, удирдамж” зэрэг захиргааны байгууллагын оролцоог нэмэгдүүлсэн зохицуулалтыг төслөөс хасах саналтай байна.

Шүүгчийн мэргэшлийн түвшинг тогтоох, үнэлэх ажилд Шүүхийн ерөнхий зөвлөл, түүний бүтцийн нэгжийн оролцоог тодорхойлохдоо Шүүхийн захиргааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 –т заасанчлан “арга зүй, мэдээлэл, судалгаа, санхүү, аж ахуй, техник, зохион байгуулалтын” туслалцаа үзүүлэн, ажиллах нөхцлөөр хангах гэсэн үндсэн чиг үүрэгтэй уялдуулвал зохино.

5. Төслийн 8.6, 8.7–ийн зохицуулалтад шүүгч өөрийнх нь мэргэжлийн түвшинг тогтоосон үнэлгээтэй танилцах эрхийг тодорхой зааж өгөх, түүнчлэн уг үнэлгээг үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргасан шийдвэрт Шүүхийн захиргааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т зааснаар гомдол гаргах эрхийг тусгах шаардлагатай талаар шүүгчид саналаа гаргасан болно.

6. Эцэст нь тэмдэглэхэд “шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшин тогтоох” журмыг шүүхийн шинэчлэлийн суурь үзэл санаа, хуулийн зорилгод нийцүүлж, “шүүх бие даасан, шүүгч хараат бус байх” зарчмыг гол шалгуур болгон боловсруулж гаргах нь мэргэшлийн үнэлгээний дүгнэлтээс хамаарч олгогдох нэмэгдэл (цалин) –ийн асуудалтай харьцуулашгүй чухал зүйл юм.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйл нь “шүүгчийн эдийн засгийн баталгаа”–ны талаарх зохицуулалт байгаа бөгөөд төслийн 8.5–д заасан “цалингийн нэмэгдлийг тогтоох” асуудал мөн хуулийн 23.4-т зааснаар Улсын Их Хурлын баталсан журмаар зохицуулагдахаар байна.

 

ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ШҮҮГЧДИЙН ХОРООНЫ

УДИРДАХ ЗӨВЛӨЛ

2.

Шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшин тогтоох журмын төсөлд шүүгчдээс ирүүлсэн саналыг нэгтгэсэн байдал

Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл Шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшин тогтоох журмын төсөлд шүүгчдээс ирүүлсэн саналыг судлаж, нэгтгэлээ. Төсөлд 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 09 дүгээр сарын 30-ны хооронд нийт шүүгчдээс санал авсан ба 29 анхан давж заалдах шатны шүүхийн шүүгчид саналаа нэгтгэн, 14 шүүгч өөрийн саналаа тусд нь ирүүлсэн байна.

Журмын заалтууд

Хасах

Өөрчлөн найруулах

Агуулгыг тодорхой болгох

Нэмэх

2.1 дэх заалт

“цахим хуудсанд байршуулна” гэснийг хасах

 

 

 

2.4 дэх заалт

 

Шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоосон үнэлгээний хүчинтэй байх хугацаа урт байна. Тухайлбал хангалттай үнэлгээ авчихаад хангалтгүй ажиллавал яах вэ, тэгэхээр хангалтгүй үнэлгээ авсан шүүгчид өөрөө хүсвэл дахин үйл ажиллагааныхаа түвшинг шинээр үнэлүүлж тогтоолгох боломжтой байхаар, урамшууллыг түүнтэй уялдуулан уян хатан байдлаар олгож байхаар өөрчлөх

 

Шүүгчдийг ажилласан жилээр нь ялгах шаардлагагүй, адилхан 5 жил байлгахаар тогтоох боломжтой.

2.5 дахь заалт

Энэ заалтыг бүхэлд нь хасах, учир нь шүүн таслах ажиллагааны тайлан ШЕЗ-д, шүүхийн шийдвэрүүд цахим санд бүхэлдээ байгаа учир шүүгчээс тайлан мэдээ шаардах нь илүүц ажил. Мэргэшлийн хорооны ажлын алба уг тайлан мэдээг зохих журмын дагуу авах боломжтой.

 

 

 

3.1.2дэх заалт

 

 “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чанарын үзүүлэлт” гэж нэрлэн 20 оноо гэснийг 30 оноо болгох”, учир нь шийдвэр нь шүүгчийн ажлыг үнэлэх гол шалгуур байх ёстой.

“Ажлын бүтээмж” гэснийг тодорхой болгох

 

3.1.4 дэх заалт

Уг заалтыг хасах, учир нь шүүгчийн гол ажил нь хэрэг маргааныг шийдвэрлэх, шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэх байдаг. Түүнчлэн орон нутгийн шүүгчдийн хувьд дээрх нь хэрэгжих боломжгүй байдаг.

 

 

 

4.1.2 дахь заалт

 

“хэрэг маргааныг үндэслэлтэй шийдвэрлэж, зохигчдоос гаргасан нотолгоо тайлбарыг зөвшөөрсөн, няцаасан үндэслэгээний түвшин” гэж өөрчлөх

 

 

4.2 дахь заалт

“Тухайн шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагаанд эргэлзсэн тухай иргэн хуулийн этгээдээс ШЕЗ, мэргэшлийн хороонд гаргасан гомдол байгаа тохиолдолд дугаар сугалах аргыг хэрэглэхгүйгээр гомдолд дурьдсан шийдвэрээс сонгож болно” гэснийг хасах. Гомдол үндэслэлтэй эсэх нь шийдэгдээгүй байхад тухайн гомдолд үндэслэх нь үнэн бодитой үнэлгээ өгөх боломжгүй байна.

 

 

 

5.1 дэх заалт

 

Шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх үзүүлэлтийг шалгуур болгохдоо ХХШ ажиллаагааны журмыг хэрхэн мөрдөж ажилласан байдал, шүүхийн шийдвэр “хүчингүй болсон”, “өөрчлөгдсөн” байдал зэргийг тус тусад нь үнэлэх шаардлагатай.

5.1.1-т шүүхийн хэргийн ачаалалыг хот болон орон нутагт ялгамжтай тодорхойлох шаардлагатай

5.1.1 дэх заалтад “хянан шийдвэрлэсэн хэргийн чанар ачаалал, ажилласан хугацаа” гэж нэмэх

5.1.2 дахь заалт

 

10 оноо гэснийг 20 оноо гэж өөрчлөх

 

 

6.3 дахь заалт

“Шүүгчийн зан төлөвийн хандлагын асуулгыг... зохигч, гэрч, прокурор, өмгөөлөгчөөс авна” гэж заасан нь шүүгчийн хараат бус байдалд субъектив байдлаар нөлөөлж болзошгүй, ашиг сонирхлын зөрчил үүсч болох субьектууд байх тул дээрхийг хасах

 

 

 

6.3.5 дахь заалт

“ээдрээ төвөгтэй, түгээмэл бус хэргийг зоригтой шийдвэрлэх чадвар” гэдгийг хасах. Шүүгч “зориг”-оор хэрэг шийддэггүй, нотлох баримтад түшиглэн хуульд нийцүүлж шийдвэрлэдэг.

 

 

 

7.1.1 дэх заалт

Энэ зүйлд заасан шалгуур үзүүлэлтийг шүүгч бүр хангах боломжгүй, шүүгчийн эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл бүрдэж байгаа тул бүхэлд нь хасах

 

 

 

7.1.2 дэх заалт

7.1.2-г бүхэлд нь хасах, учир нь уг шалгуур нь нийт шүүгчдийг хамарч чадахгүй,  шүүгч бүр манлайлагч байх албагүй, мэргэжлийн болон олон нийтийн сонгуульт албанд бүх шүүгчдийн хамрагдах боломжгүй байдаг.

 

 

 

8.1 дэх заалт

 

 

Төслийн 8.1.2-д заасан болзлыг хангасан шүүгч яг хэдэн хувийн нэмэгдэл авахыг нарийвчлан тусгах, өөрөөр хэлбэл 8.1.3-д заасан “бүрэн хангалттай” гэсэн үнэлгээ авсан шүүгч 50 хувийн нэмэгдэл авах уу, эсвэл 100 оноо авч байж ШЗтХ-н 23.3-д заасан нэмэгдлийг авах уу гэдэг нь тодорхой бус байна.

 

8.5 дахь заалт

Уг заалтын “шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх эсэх асуудлыг” гэснийг хасах, Учир нь ШЭЗБтХ-н 18 дугаар зүйлд шүүгчийн бүрэн эрх дуусгавар болох үндэслэлүүдийг зааж өгсөн ба үүнд ШЗтХ-н 23.7-д заасан үндэслэл хамаарахгүй тул хууль/ МУҮХ-н 51 дүгээр зүйлийн 51.4/ зөрчсөн заалт байна.

“Мэргэшлийн хорооны үнэлгээ, дүгнэлтээр шүүгчийн цалингийн нэмэгдлийг тогтоох асуудлыг ШЭЗБтХ-н 23.3-д зааснаар Шүүхийн Ерөнхий зөвлөл хуралдаанаараа хэлэлцэж шийдвэрлэнэ” гэж өөрчлөх

 

“Хангалтгүй үнэлгээ авсан шүүгчдийг эхний ээлжинд төлбөртэй сургалтанд хамруулах, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх боломжоор хангаж журмын зорилгод нийцүүлсэн зохицуулалт нэмэх нь зүйтэй

9

 

 

 

9.4 “Шүүгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэсэн заалт нэмж оруулах шаардлагатай

 

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ШҮҮГЧДИЙН ХОРОО

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: