МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ 2015 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

2016 оны 04 сарын 20 1805 удаа нээгдсэн

                  Монголын Шүүгчдийн Холбоо нь  шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлэх, шүүгчдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг төлөөлж, хамгаалах, мэргэшил, мэдлэг, шүүн таслах ажиллагааны ур чадвар, ёс зүйг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Олон улсын Холбоо, гадаад орны шүүгч, хуульчдын зорилго нэгтэй байгууллагатай хамтран ажиллах үндсэн зорилго бүхий гишүүддээ үйлчлэх, ашгийн төлөө бус, мэргэжлийн төрийн бус байгууллага юм.

Холбооны эрх барих дээд байгууллага нь тус Холбооны Их хурал бөгөөд Их Хурлын чөлөөт цагт удирдлагыг Удирдах зөвлөл гүйцэтгэнэ гэж дүрэмд заасан болно.

Холбооны Тэргүүнээр УДШ-ийн шүүгч Х.Батсүрэн, Удирдах зөвлөлийн гишүүнээр шүүгч Ц.Цогт, С.Өмирбек, Д.Мөнхтуул, Д.Алтанжигүүр, С.Амардэлгэр, Б.Цолмонбаатар, Э.Зоригтбаатар, Г.Есөн-Эрдэнэ  нар ажиллаж байна.

Нэг. Гишүүдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр

Монголын Шүүгчдийн холбоо шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолтой холбоотой хэд хэдэн асуудлаар тодорхой байр сууриа илэрхийлэн ажиллалаа.

Тус холбооноос шүүгчийн ээлжийн амралтын нэмэгдэл хоногийг хорогдуулахгүйгээр Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаагаар эдлүүлэх асуудлаар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргад албан бичиг илгээж, тус албан бичгийг холбооны сайтад байршуулсан,  Монгол Улсын Засгийн газраас 2016 оны Төсвийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа шүүгчийн цалин хөлсийг бууруулах тухай санал гаргаж, зарим хуулийн холбогдох заалтуудыг хүчингүй болгох төслийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан уг асуудлаар Олон Улсын Шүүгчдийн Холбоонд хандаж, тус холбооноос илэрхийлсэн албан ёсны байр суурийг “Өдрийн сонин”, холбооны цахим хуудсаар мэдээлж, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Улсын Их Хурлын дарга, гишүүдэд хүргүүлсэн болно.

Мөн Шүүхийн захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4, 23 дугаар зүйлийн 23.6.2, 23.7, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 18 дугаар зүйл, 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх талаарх албан ёсны байр суурийг Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцэд хүргүүлсэн бөгөөд шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, зөрчигдөж болзошгүй аливаа асуудалд Удирдах зөвлөлөөс цаг алдалгүй нухацтай хандаж, эрх бүхий байгууллагаар бодлогын шийдвэр гаргуулахад анхаарч ажиллалаа.

Хоёр. Дотоод ажил зохион байгуулалтын чиглэлээр

Тус холбоо нь Хяналтын шатны шүүх, эрүү, иргэн, захиргааны хэргийн  давж заалдах шатны шүүхүүд, анхан шатны 36, захиргааны хэргийн анхан шатны 21 шүүхэд  нийт 37 салбар хороогоор дамжуулан үйл ажиллагаагаа явуулж байна.

- 2015 онд вэб сайтад 52 мэдээ, мэдээллийг байршуулж, шаардлагатай тохиолдолд гишүүн-шүүгчдийн  холбоонд бүртгэгдсэн мэйл хаягаар мэдээллийг хүргүүлж ажиллав. Мөн www.judge.mn сайтад Twitter хаяг нээснээр гишүүд өөрсдийн мэйл хаягтай холбон мэдээллийг шуурхай авах боломжтой болгосон.

- Холбооны сайтыг эрхлэн хөтлөж байгаа шүүгч-гишүүний санаачлагаар  “Ярилцлагын булаг”-г нээн, ажиллуулсан бөгөөд одоогоор хэрэглэгчдээс хэнээр, ямар сэдвээр ярилцлага авахуулах талаар хүсэлт ирүүлээгүйгээс уг ярилцлагын буланд нийтлэл ороогүй байна.

- Тайлангийн хугацаанд Удирдах зөвлөлийн шийдвэр, салбар хороодын гишүүдийн саналыг үндэслэн 36 гишүүнийг “Оргил” рашаан сувилалд, тухайн үед амрах боломжгүй гишүүдэд зардлыг нь өгч амруулах арга хэмжээг зохион байгуулав. 2006 оноос 2015 оныг хүртэл 312 шүүгч амруулсан судалгаа гарч байна.

- Тус холбоо 2015 онд “Шударга ёсны хэмжүүр” сэтгүүлийн 2 дугаарыг эрхлэн гаргаж, Салбар хороодоор дамжуулан гишүүн-шүүгчдэд хүргүүлэх ажлыг зохион байгууллаа.

- Тайлангийн хугацаанд Удирдах зөвлөл нийт 5 удаа хуралдаж, шүүгчдийн нийтлэг эрх ашигтай холбоотой асуудал болон бусад асуудлыг хэлэлцсэн байна.

Удирдлага зохион байгуулалт болон бусад асуудлаар Холбооны Тэргүүний захирамж 8, албан бичиг 13, мэдэгдэл 2-ыг гаргасан байна.

- Салбар хороодоос ирүүлсэн хүсэлтийг үндэслэн нэр бүхий шүүгч-гишүүдийг шагнах, хүндэтгэл үзүүлэх, буцалтгүй тусламж олгох ажлыг зохион байгууллаа.

Түүнчлэн шүүгчээр томилогдсон болон чөлөөлөгдсөн шүүгч-гишүүдийн бүртгэлийг шинэчлэх ажлыг тогтмол хийж байна.

Гурав. Гадаад харилцааны талаар

2015 онд Олон Улсын Шүүгчдийн Холбооны Ази номхон далай, Хойд америкийн бүсийн уулзалт 2 удаа зохион байгуулагдсанаас  2 сард Испани улсад зохион байгуулагдсан уулзалтад хөрөнгө мөнгөний боломжгүйгээс төлөөлөгч оролцоогүй болно. Харин 4 сард болсон “Онлайн” уулзалтад Удирдах зөвлөлийн гишүүн-шүүгч Ц.Цогт оролцсон.

Мөн Олон Улсын Шүүгчдийн Холбооноос “Шүүх хуралдаанд хэвлэл мэдээллийн хэрэгслийн оролцоо” сэдэвт судалгааг тус холбооноос хариулж хүргүүллээ. Үүний нэгэн адил жил бүр гишүүн орнуудаас авдаг судалгааг зохих хугацаанд нь хүргүүлж ажиллаж байна.

Шүүгчийн цалинг бууруулах асуудалтай холбогдуулан Олон Улсын Шүүгчдийн Холбоонд хандаж, тухайн асуудлаарх Олон Улсын Шүүгчдийн Холбооны байр суурийг хүлээн авч, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их Хурлын даргад албан ёсоор хүргүүлсэн.

2016 онд болох Олон Улсын Шүүгчдийн Холбооны  Төв зөвлөлийн Уулзалт Мексик Улсад, Ази номхон далай, Хойд Америкийн бүсийн уулзалт Тайван Улсад болохтой холбогдуулан төлөөлөгчөө оролцуулахад анхаарч ажиллаж байна.  

Дөрөв. Холбооны санхүүжилтийн  талаар

- Шүүгчдийн холбооны санхүүгийн фонд нь зөвхөн гишүүдийн татвар, банкны хүүгээс бүрдэж байна. Холбооны Их хурлаас батлагдсан дүрмийн дагуу 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гишүүдээс сар бүр 6000 төгрөг хурааж байна. /Үүнээс 1000 төгрөгийг тухайн салбар хороо өөртөө үлдээж зарцуулахаар байгаа/.

2015 оны үлдэгдэл 13,758,839,14 төгрөг байсан бол 2015 онд 27,789,655.03 төгрөгийн орлого орж, энэ хугацаанд 17,238,037.00 төгрөгийн зарлага гарч, одоо дансанд 24,310,457.17 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Зарлагын гүйлгээг тус бүрээр дурдвал:

Аймаг, нийслэл, дүүргийн шүүгч, ажилтан 2 хүнд шагнал 200,000 төгрөг, 2 шүүгчид буцалтгүй тусламжаар 400,000 төгрөг, нийт гишүүдээс 36  шүүгчийг сувилалд амруулж 11,448,000 төгрөг, Олон Улсын шүүгчдийн холбооны татварт 823,284 төгрөг, judge.mn домайн нэр ашигласны төлбөрт 66,000 төгрөг, Өдрийн сонинд мэдэгдэл гаргахад 920,000 төгрөг, “Шударга ёсны хэмжүүр” сэтгүүлийг хэвлүүлэхэд 1,870,000 төгрөг, Чингэлтэй дүүргийн Татварын албанд 576,000 төгрөг,  бусад арга хэмжээнд 1,052,753 төгрөг тус тус зарцуулжээ. Санхүүгийн зарцуулалтанд Хяналтын зөвлөл үндсэн баримтаар нь шалгаж, тусгайлсан дүгнэлт зөвлөмж  гаргасан.

Салбар хороо бүр Холбооныхоо дүрмээ удирдлага болгон тухайн шүүхийн Ерөнхий шүүгч, Тамгын дарга нартайгаа зөвшилцөн, тэдгээрээс дэмжлэг авч, залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллагатайгаа хамтран төлөвлөгөөтэй ажиллах, гишүүдийнхээ татварыг улирал, хагас жилээр хурааж, 80 хувийг Шүүгчдийн Холбооны дансанд шилжүүлж, энэ талаар баримт-мэдээ ирүүлэх, татварынхаа 20 хувийг өөртөө үлдээж, улмаар хуримтлалаа баяжуулан тодорхой ажил зохиох замаар шүүхийнхээ хүрээнд Гар нийлсэн, эвсэг хамт олныг төлөвшүүлэхэд чиглэгдсэн олон хэлбэрийн ажил зохиох нь хэвшил болж байна.

Тухайлбал, Дорнод /тэргүүн З.Энхцэцэг/, Архангай /тэргүүн Л.Өлзийжаргал/ аймаг дахь шүүхийн Салбар хороо, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх Салбар хороо /тэргүүн Н.Оюунтуяа/, Багануур дүүргийн шүүхийн дэргэдэх Салбар хороо /тэргүүн Т.Ганчимэг/ бусдаасаа илүү идвэхитэй ажилласныг тэмдэглэхийн зэрэгцээ зарим салбар хороо зохих ёсоор ажиллаж чадахгүй, байгааг ч дурьдах нь зүйтэй байна.  

Тав. Цаашид анхаарч хийх ажлын талаар

- Шүүгч-гишүүдийнхээ ажиллах нөхцөл, хараат бус байдлыг хангах, түүнчлэн  шүүгч-гишүүдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, ёс зүй, нэр хүндийг дээшлүүлэхэд анхаарч Салбар хороо бүрт 100,000-300,000 төгрөгийн дэмжлэг үзүүлж зарцуулалтад хяналт тавьж ажиллана. 

- 2016 онд Монгол Улсад орчин цагийн шүүх байгуулагдсаны 105, Монгол Улсын дээд шүүх байгуулагдсаны  90 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан ойн арга хэмжээг зохион байгуулж буй байгууллагатай хамтран ажиллах.  

- Гишүүдийн бүртгэлийг улам сайжруулан, гишүүн бүр татвараа бүрэн хураалгаж хэвшүүлэх,

-“Шударга ёсны хэмжүүр” сэтгүүлийн нийтлэлийн чанарыг сайжруулах, улирал бүр гаргах, гишүүддээ шуурхайн хүргэх, www.judge.mn цахим хуудасны ашиглалтыг сайжруулах

- Төлөвлөсөн ажлаа хангалттай сайн биелүүлсэн  тэргүүний Салбар хороо,  манлайлж ажилласан шүүгч-гишүүнийг шалгаруулах, ажлын арга барилгыг бусдад сурталчилах ажлыг идвэхитэй зохион байгуулан ажиллах болно.    

 

ТЭРГҮҮН                                          Х.БАТСҮРЭН

 

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ                                         М.ДАМИРАНСҮРЭН

 

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: