Уриалга хүргүүлэх нь:

2016 оны 08 сарын 25 965 удаа нээгдсэн

УРИАЛГА

 Монгол Улсын Их хурлын дарга Миеэгомбын Энхболд, Монгол Улсын Их хурлын эрхэм гишүүдэд  уриалга хүргүүлэх нь:

 

2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр                                                                                                                                     Улаанбаатар хот

        2016 оны улсын төсөвт тодотгол хийх хүрээнд Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын Их Хуралд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 2002 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 73 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, “Бүх шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 101 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай тогтоолын төслүүдийг 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр өргөн барьж, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэх гэж байгаатай  холбогдуулан энэхүү УРИАЛГЫГ Монгол Улсын Их Хурлын дарга, гишүүдэд хандан гаргаж байна.

 

        Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 101 дүгээр тогтоолоор бүх шатны шүүхийн шүүгчдийн албан тушаалын цалингийн хэмжээг 2.700.000-3.100.000 төгрөгөөр тогтоосон. Энэхүү цалин хөлсний хэмжээ нь бусад төрийн албан хаагчдын дундаж цалин хөлстэй харьцуулàхад бага бус хэмжээтэй боловч шүүгчдийн ажлын онцлог, ачаалал, үүрэгт ажилд нь үл хамаарах ажил, албан тушаал эрхлэх асуудал хуулиар хязгаарлагдсан, цалингаас өөр орлогогүй байдал, Монгол Улсын өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл, олон улсын жишиг, судалгаатай харьцуулж үзвэл их биш хэмжээний цалин хөлс юм.

 

        Шүүгчийн албан тушаалын цалинг төрийн бусад албан хаагчид, тухайлбал, гааль, татвар, цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх зэрэг байгууллагуудын удирдах, гүйцэтгэх албан тушаалтнуудын цалин хөлстэй харьцуулж үзвэл нийгэмд тогтсон “Шүүгчдийн цалин хэт өндөр тогтоогдсон” гэсэн нийтлэг яриа, мэдээлэл ташаа болох нь нотлогдож байна. Шүүгчид үндсэн цалингаас өөр Төрийн албаны тухай хуульд заасан нэмэгдэл, урамшуулал авдаггүй, харин дээрх төрийн байгууллагуудын удирдах, гүйцэтгэх албан тушаалтнууд хууль тогтоомжид заасан үндсэн цалингийн хэмжээг 50-147 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэмэгдэл хөлс, урамшуулал авдгийг тэмдэглэж байна. Түүнчлэн, шүүгчдийн цалин хөлсний хэмжээг нэгэнт илэрхий болсон төрийн өмчит аж ахуйн нэгж, үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтнуудын цалин хөлсний хэмжээтэй харьцуулж үзэх, судлах шаардлагатай.

 

        Засгийн газраас өргөн мэдүүлсэн дээрх хууль тогтоомжийн төслүүд батлагдсан тохиолдолд бүх шатны шүүхийн шүүгчдийн албан тушаалын цалингийн хэмжээ 61-65 хувиар буурч, төрийн эрх мэдлийн нэгэн салаа болох шүүх эрх мэдлийг дангаар хэрэгжүүлдэг, шударга ёсны манаач болсон шүүгчдийн ажиллах, амьдрах нөхцөл, Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан ардчилсан, эрх зүйт төрийн үнэт зүйл, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдал, шүүх үйл ажиллагаагаа хэвийн явуулах эдийн засгийн баталгааг төр хангах зарчим алдагдахаар байна. Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг эдийн засгийн хувьд хараат бус ажиллах боломжийг хангахуйц байдлаар тогтоох нь шүүгчдийн эрх ашгийг хамгаалах гэхээс илүүтэйгээр иргэдийн Үндсэн хуулиар хамгаалагдсан шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхийг баталгаатай хангахад чиглэгдсэн юм.

 

        Засгийн газраас Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үл харгалзан шүүхийн төсөв, шүүгчийн цалингийн хэмжээг бууруулахаар хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх гэж буй нь Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7-д “Бүх шатны шүүхийн шүүгчийн ... цалингийн хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурал тогтооно”, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т “... хуулиар тогтоосон шүүгчийн эрх зүй, эдийн засаг, нийгмийн хамгаалалт зэрэг хараат бус, халдашгүй байдлын баталгааг ямар нэг хэлбэрээр дордуулсан хууль тогтоомж, захиргааны акт гаргахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчиж байна.

        Шүүгчийн цалин, хөлсийг бууруулах асуудлаар Олон Улсын Шүүгчдийн холбооноос 2015 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, Их хурлын дарга, Ерөнхий сайд нарт хандсан мэдэгдэл /http://judge.mn/home/view/?id=223/ одоо ч ач холбогдлоо алдаагүй байгааг тэмдэглэж байна.

                                 

        Ийнхүү шүүхийн эдийн засгийн баталгааг хөндөж, шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг бууруулан, шүүхийн төсвийг танахаар төлөвлөж байгаа нь шүүх эрх мэдлийн хөгжил ухрах, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны хамгаалалт сулрах ноцтой үр дагаврыг дагуулах учраас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан төрийн эрх мэдлийг хуваарилах зарчмын агуулга, хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан тэнцвэртэй, хяналттай байх зарчмыг хүндэтгэж, шүүх эрх мэдлийн бие даасан, хараат бус байх зарчим, шүүгчдийн эрх зүй, нийгэм, эдийн засгийн баталгааг хадгалан, нэгэнт батлагдан мөрдөгдөж байгаа хууль тогтоомжоо хэрэгжүүлж, шүүгчийн цалин, шүүхийн төсвийг бууруулахгүй байх шийдвэр гаргахыг Монгол Улсын Их Хурлын дарга, гишүүдэд УРИАЛЖ байна.

 

        Монгол Улсын Их Хурал нь Үндсэн хуульд зааснаар төрийн эрх барих дээд байгууллага болохын хувьд Үндсэн хуулиар хамгаалагдсан ардчилсан нийгмийн үнэт зүйлсээ эрхэмлэж, шүүх эрх мэдлийн халдашгүй байдлыг хүндэтгэж, шүүх, шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг Монгол Улсын хууль тогтоомжуудад зааснаас дордуулахгүй байх шийдвэр гаргана гэдэгт найдаж байгаагаа Монголын нийт хуульчид, шүүгчдийн нэрийн өмнөөс илэрхийлье.

 

Монголын Хуульчдын холбоо

Монголын Шүүгчдийн холбоо

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: