Европын шүүгчдийн зөвлөлдөх зөвлөл "Ерөнхий шүүгч" -ийн албаны чиг үүргийн талаарх зөвлөмж 19/2016

2017 оны 06 сарын 15 435 удаа нээгдсэн

Орчуулгыг: Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны

 шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ хийсэн болно.

                                             CCJE(2016)2

 

2016 Страсбург, 2016.11.10

                               

 

Европын шүүгчдийн зөвлөлдөх зөвлөл

"Ерөнхий шүүгч" -ийн албаны чиг үүргийн талаарх зөвлөмж

19/2016

 

I. Танилцуулга

 

1. Европын шүүгчдийн зөвлөлдөх зөвлөл /цаашид, “ЕШЗЗ” гэх/-ийн Удирдах зөвлөл нь бүрэн эрхийнхээ хүрээнд шүүхийн бие даасан байдал, шүүн таслах ажиллагааны үр дүнг сайжруулах талаархи Ерөнхий шүүгчийн албаны чиг үүрэгтэй холбоотой зөвлөмж боловсруулахаар шийдвэрлэсэн.

2. Энэхүү зөвлөмжийн зорилго нь Ерөнхий шүүгчийн албаны чиг үүрэгтэй холбоотой анхаарал татсан асуудлыг тодруулж, шүүх засаглал /эрх мэдэл. орч/-ын бие даасан, хараат бус байдал болон шүүн таслах ажиллагааг сайжруулахад оршино.

3. Энэхүү зөвлөмж нь дараах баримт бичигүүдэд үндэслэж боловсруулагдсан болно. Үүнд; Хүний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах конвенц, ЕШЗЗ-ийн 2010 оны Шүүгчдийн Магна Харта зөвлөмж: Шүүх засаглалын бие даасан байдал, шүүгчийг огцруулах хэм хэмжээ  No.1 2001, Шүүхийн зохион байгуулалт болон санхүүжилт No.2 (2001), Шүүх засаглалын зөвлөлийн нийгмийн үйлчилгээ No.10 (2007), Ардчилсан нийгэм дэх шүүгч болон прокурорын уялдаа холбоо No.12 (2009), Шүүгч болон өмгөөлөгчдийн уялдаа холбоо No.16 (2013), Шүүгчийн ажлын үнэлэмж No.17 (2014, Шудрага ёс болон шүүх засаглалын бие даасан байдлыг хүндэтгэх, орчин үеийн ардчлалын шүүх засаглал төрийн эрх бүхий байгууллагатай харилцах байр суурь No.18 (2015), Европын шүүгчдийн дүрэм (1998) болон Сайдуудын зөвлөлийн шүүгчдэд зориулсан зөвлөмж (2010) 12: Бие даасан байдал, хариуцлагатай байдал болон үр дүнтэй байдал (зөвлөмж CM/Rec(2010)12). Түүнчлэн Европын зөвлөлийн шүүх засаглалын эрх тэгш байдал болон чадавхижуулах төлөвлөгөө CM (2016) 36final), 2013-2014 оны тайлан: Шүүх засаглалын анхан шатны хэмж хэмжээ, НҮБ-ын Шүүх засаглалын бие даасан байдлын үндсэн зарчмууд (1985) болон Зүүн Европын орнуудын Шүүх засаглалын бие даасан байдлын Киевийн зөвлөмж.

4. Энэхүү зөвлөмж нь Ерөнхийн шүүгчийн албаны чиг үүргийн талаарх ЕШЗЗ-ийн гишүүдээс асуулга болон тус зөвлөлөөс томилогдсон мэргэжилтэнүүдийн урьдчилан боловсруулсан төсөл зэрэгт хариулт болох юм.

5. Улс орон бүрийн өөр өөр эрх зүй, бүтэц, зохион байгуулалт бүхий шүүхийн систем нь Ерөнхий шүүгчийн албаны чиг үүрэгт тодорхой нөлөөг үзүүлж байдаг.

II. Ерөнхий шүүгчийн албаны чиг үүрэг

6. Ерөнхий шүүгчийн албаны чиг үүрэг:

-Бүх шүүгчид /шүүх/-ийг төлөөлөх;

-Нийгэмд үйлчлэх үйлчилгээг сайжруулах замаар шүүхийн үйл ажиллагааг үр дүнтэй болгох;

-Хууль эрх зүйн чиг үүргийг гүйцэтгэх;

Ерөнхий шүүгч нь албаны чиг үүргээ шударгаар хэрэгжүүлж, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус, шударга байдлыг хамгаална.

А. Шүүх /бүх шүүгч/-ийг төлөөлөх

7. Ерөнхий шүүгч нь шүүхийг төлөөлөх үндсэн үүргийг хүлээнэ. ЕШЗЗ–ийн гишүүн орнуудын нөхцөл байдлын талаархи мэдээллээс үзэхэд, дээрх  /төлөөлөх. Орч./ үүргийн цар хүрээ нь улам нэмэгдсээр байна. Энэхүү ажиллагаагаар ерөнхий шүүгч нь шүүхийн тогтолцоог бүхэлд нь хөгжүүлэх, бие даасан шүүхээр дамжуулан чанарын өндөр түвшинд шүүгчийн хараат бус байдлыг бий болгож бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах үүрэгтэй юм.

Үндсэндээ, ерөнхий шүүгч нь бусад шүүх болон институцуудтэй харилцах харилцааг хөгжүүлэх, төлөвшүүлэх үүргийг хүлээж болно.  Жишээлбэл: 

  • Шүүх засаглалын зөвлөл эсвэл ижил төстэй байгууллага
  • Бусад шүүхүүд
  • Прокурорын үйл ажиллагаа (үйлчилгээ)
  • Хуульчдын холбоо
  • Хууль зүйн яам
  • Хэвлэл мэдээлэл
  • Олон нийт.

Ерөнхий шүүгчийн үндсэн чиг үүрэг нь цаг ямагт шүүхийн бие даасан, шударга бөгөөд шүүгчийн хараат бус байдлыг хангахад оршино.

8. Ерөнхий шүүгч нь шүүгчид  дундаасаа томилогддог тул шүүхийн нэг хэсэг юм. Ерөнхий шүүгчийн шүүхийн бие даасан болон түүнтэй хамаарал бүхий холбогдох байгуулагууд жишээлбэл, Шүүх засаглалын зөвлөл, Шүүгчдийн Конгрэсс, Шүүхийн Ерөнхий ассамблей болон шүүгчдийн мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаанд оролцох оролцоо, хэмжээ хязгаар нь тухайн улсын эрх зүйн тогтолцооноос хамаарна. Ерөнхий шүүгчид нь өөрсдийн ажлын туршлагад тулгуурлан шүүх байгууллагуудад өөрийн хувь нэмрээ оруулах нь нэн чухал юм.

Гэсэн хэдий ч эрх мэдлийн төвлөрөл хэсэг бүлэг хүмүүсийн гарт очихоос зайлсхийх нь чухал ач холбогдолтой юм.

9. Бусад шүүхүүдтэй хамтын ажиллагаа, харилцаа холбоо тогтоосны үндсэн дээр  ерөнхий шүүгчид нь шүүхийн захиргааны сайн туршлага болон шүүхийн үйл ажиллагааны үйлчилгээг олон нийтэд хүртээмжтэй болгох талаар мэдлэг туршлагаа солилцох боломжтой юм. Энэхүү хамтын ажиллагаа нь олон улсын түвшинд хүрч, харилцаа холбооны бүхий л арга хэрэгслийг ашиглан шүүгч нар харилцан туршлага солилцдог байвал зохистой.

10. Шүүхийн сургалтын асуудлыг ихэнхдээ шүүх засаглалын байгууллагуудаас зохион байгуулж удирддаг тул энэ асуудал дээр ерөнхий шүүгч хязгаардлагдмал үүрэг  гүйцэтгэдэг. Ерөнхий шүүгч нь шүүхийн сургалт хариуцсан институцэд шүүгч нарт шаардагдаж буй сургалтын чиглэл зөвлөмжийг өгч болно. Тэд сургалт хөгжил хариуцсан сургалтын институцээс гаргаж буй мэргэжлийн шинжээч нарын мэдлэг чадварыг ашиглах ёстой. Үүгээр зогсохгүй Ерөнхий шүүгч нар нь бусад шүүгч нараа холбогдох сургалтанд идэвхитэй хамруулж, хамрагдах нөхцөл бололцоогоор хангахад гол үүргийг хүлээнэ. Энэхүү сургалт нь дан ганц шүүгч нараар тогтохгүй шүүхийн бусад ажилчдад хамаарна.

11. Ерөнхий шүүгчийн бусад байгууллагуудтай харилцах харилцаа нь эрх тэгш байдлыг хангах, төрийн эрх мэдлийг хуваарилах үндсэн зарчим дээр тулгуурласан байна. Зарим улс орнуудад гүйцэтгэх эрх мэдэл буюу Хууль зүйн яамаар дамжуулан шүүхийн захиргааны байгууллага болон ерөнхий шүүгчдэд тодорхой нөлөөл үзүүлэх байдал илэрдэг. ЕШЗЗ-өөс гүйцэтгэх эрх мэдлийн албан тушаалтнууд шүүхийн дотоод зохион байгуулалтын үйл ажиллагаанд оролцохоос зайлсхийх нь зүйтэй гэж байна.

Гүйцэтгэх /эрх мэдэл. орч/ албан тушаалтан дээрх байгууллагад байх нь шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох оролцоог бий болгох ба энэ нь шүүхийн хараат бус бие даасан байдалд нөлөөлнө гэж үзэж байгаа юм. Ийм асуудал үүсэх тохиолдолд Ерөнхий шүүгч нь гүйцэтгэх албан тушаалтныг аль болох хөндлөнгөөс оролцуулахгүй байх ба, шүүхийн хараат бус байдлыг хамгаалах тал дээр бүхий л арга хэмжээг авч болно. 

12. Ерөнхий шүүгч нь хэвлэл мэдээллийн харилцаагаар дамжуулан шүүхийн тогтолцооны талаарх шаардлагатай мэдээллээр олон нийтийг хангаж байх нь нийгмийн ашиг сонирхолд нийцнэ гэдгийг анхаарч байх хэрэгтэй. Гэсэн хэдий ч энэхүү олон нийтэд түгээж буй мэдээлэл нь шүүн таслах ажиллагааны  оролцогч  этгээдүүдийн гэм буруугийн байдал, тэдгээрийн хувийн болон гэр бүлийн эрхийг хүндэтгэх, нууцлалыг хадгалах, шударга шүүн таслах ажиллагааг хамгаалахад оршино.

B. Шүүхүүдийн уялдаа холбоо: Шүүгчийн хараат бус байдал

13. Энэ сэдэвт Шүүхийн ерөнхий шүүгч болон бусад шүүгч нарын хоорондын харилцаанд чухал ач холбогдол бүхий хэд хэдэн зарчимууд байна. Шүүхийн дотоод эрх чөлөө нь шүүгчид шүүхийн шийдвэр гаргахдаа ерөнхий шүүгчийн нөлөөллөөс ангид байхыг шаардана. Ерөнхий шүүгч нь шүүхийн бие даасан, шударга бөгөөд шүүгч нарын хараат бус байдлыг хамгаалах ба, шүүгч нар дотооддоо шүүгчийн хараат бус байдлыг хүндлэх үүргийг хүлээнэ.

14. Ерөнхий шүүгч нь шүүхийг удирдахдаа шүүхийн эрх зүйн үндсэн зарчмуудыг баримтлан ажиллана. Ерөнхий шүүгчээр томилогдох хүмүүст хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны арвин туршлагатай байх шаардлага тавигдана.

15. ЕШЗЗ нь ерөнхий шүүгч  ажилдаа томилогдсоныхоо дараа ч гэсэн шүүгчийнхээ ажлыг хийж гүйцэтгэж байх нь маш чухал гэж үзэж байна. Шүүгчийнхээ ажлыг үргэлжлүүлэн хийх нь ерөнхий шүүгчийг бусад шүүгч нартай харилцах харилцаа холбоог primus inter pares зарчмын хүрээнд бататгах төдийгүй өдөр тутмын практикт үүсэх асуудлыг шуурхай илрүүлж тодорхойлоход нэн чухал ач холбогдолтой юм. Ерөнхий шүүгчийн шүүн таслах ажлын ачааллыг түүний удирдах албан тушаалын ажлын ачааллын хамаарлаас харгалзан үзэж багасгах боломжтой.

16. Хууль зүйн тодорхой байдлын нэг хэсэг нь уялдаа холбоо бүхий жишиг хэргээс бүрддэг.

Ерөнхий шүүгч нь шүүхийн шийдвэрийн чанар, шүүн таслах ажиллагааны уялдаа холбоо /процессийн дараалал. Орч/  болон тууштай байдлыг хангах албаны чиг үүргийг хүлээнэ. Энэ үүрэг нь гагцхүү хэрвээ Ерөнхий шүүгч нар нь тухайн шүүх, дээд шатны шүүхүүд, хяналтын шатны шүүх болон Олон улсын шүүхүүдэд жишиг хэрэг прецедентийг зөв тайлбарлаж хэрэглэхийг тууштайгаар сурталчилсан тохиолдолд хэрэгжинэ. (жишээлбэл, сургалт, семинар, уулзалтуудыг зохион байгуулж, холбогдох мэдээллийн санд нэвтрэх эрхийг олгож, өөр өөр шатны шүүхүүдийн хоорондын мэдээлэл солилцоог эрчимжүүлэх гэх мэт). ЕШЗЗ-өөс эдгээр үүргийг биелүүлэх явцад Ерөнхий шүүгч шүүхийн бие даасан байдлыг хүндэтгэх ёстой гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй.

17. Түүнчлэн Ерөнхий шүүгч нь шүүн таслах ажиллагаанд хяналт тавих эрхийг эдэлнэ. Энэ нь ECHR-ийн 6 дугаар зүйлд заасан боломжит хугацаатай уялдаа холбоо бүхий байх ба үндэсний хууль тогтоомжийн шаардлагыг хангасан байна.

Шүүн таслах ажиллагааны хугацааг багасгах үүднээс Ерөнхий шүүгчийн хяналт тавих ажиллагаа нь шүүгчийн хараат бус, шударга бөгөөд шүүхийн нууцлалын асуудлуудтай зохистой, аливаа дарамт шахалт үзүүлэхгүй байхад оршино.

18. Ерөнхий шүүгч нь үлгэр жишээч байх ёстой бөгөөд бусад шүүгчдийн хувьд  ёс суртахууны төдийгүй ажил үүргээ гүйцэтгэх явцад учирсан асуудлаар холбогдох зөвлөгөө, тусламжийг авч болохуйц хэмжээний итгэл даасан уур амьсгалыг бүрдүүлэх тал дээр анхаарна.

19. Шүүхүүд нь нягт хамтын уялдаа холбоотой байгууллага юм. ЕШЗЗ нь шүүгчдийн зохих байгууллагыг байгуулахад дэмжиж ач холбогдол бүхий чухал асуудлаар Ерөнхий шүүгчтэй нягт уялдаа холбоотой ажиллаж зөвлөхийн байр суурьнаас дэмжих болно. Шүүгчид болон Ерөнхий шүүгчийн уялдаа холбоо тодорхой хэмжээнд алдагдах тохиолдол байх боловч энэ байдлыг засаж сайжруулах нь чухал ач холбогдолтой.

20. Хэрэг, маргааныг тогтоосон журмын дагуу шүүгчид хуваарилна. Ямар нэгэн үндэслэл, журамгүйгээр шүүгчид хэрэг хуваарилах боломжгүй. Ерөнхий шүүгч нь хэрэг, маргаан хуваарилах журмыг дагаж мөрдөх нь зүйтэй.

21. ЕШЗЗ-ийн гишүүдээс өгсөн хариултаас харахад Ерөнхий шүүгч нь шүүхийн мэдээ тайлан боловсруулах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Ерөнхий шүүгчийн бас нэгэн чиг үүрэг нь шүүгч тус бүрийн ажлыг үнэлж дүгнэх юм. Энэ нь шүүн таслах ажиллагааны бие даасан байдалд хохирол учруулж болзошгүй учраас ил тод, шударга байдлаар энэхүү үүргийг хэрэгжүүлэх нь зүйтэй.

22. Ерөнхий шүүгч нь хэрэг, маргаантай холбоотой хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг хүлээж авах, хариу өгөхдөө шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал, хэргийн оролцогчийн хүлээлт, нийгмийн хэрэгцээ зэрэгт хүндэтгэлтэй, мэдрэмжтэй хандах үүрэгтэй.

23. Ерөнхий шүүгч нь хэрэг, маргаантай холбоотой хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг хүлээж авах, хариу өгөхдөө шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал, хэргийн оролцогчийн хүлээлт, нийгмийн хэрэгцээ зэрэгт хүндэтгэлтэй, мэдрэмжтэй хандах үүрэгтэй.

C. Managerial role[1] Зохион байгуулалтын чиг үүрэг

24. ЕШЗЗ нь ерөнхий шүүгчийн зохион байгуулалтын чиг үүргийг гишүүн улсуудын онцлогоос хамаарч тодорхойлсон. Ерөнхий шүүгч нь зохион байгуулалтын чиг үүргийн хувьд илүү өргөн хүрээтэй үүрэг гүйцэтгэхдээ тухайн шүүхийн үйл ажиллагааны хүртээмж, нийгмийн хэрэгцээ шаардлага олон нийтийн шүүхийг үнэлэх үнэлэмж зэргээс хамаарч шүүхийн үйл ажиллагааг сайжруулах үүргийг хүлээнэ. Үүнээс үзэхэд ЕШЗЗ нь зохион байгуулалтын олон төрлийн загвараас онцлох боломжтой юм. Зохион байгуулалтын ямарч загвар нь шүүхийн болон захиргааны үйл ажиллагааг сайжруулах ёстой болохоос өөр бусад зорилгыг агуулаагүй болно. Шүүхийн тогтолцоо үйл ажиллагаанд зохион байгуулалтын үүрэг гүйцэтгэх эрх бүхий байгууллага нь өөрийн энэхүү үүргээ гүйцэтгэснээр шүүхийн үйл ажиллагаа үр дүнтэй болж чадахгүй гэж ЕШЗЗ өөс үзэж байна.

25. Олон янз байдлын  систем дэх шүүхийн  зохион байгуулалтын чиг үүрэг нь шүүхийн тогтолцооны эд эс болсон шүүх шударга байх, шүүгчийн хараат бус бие даасан байдлыг хангахад чиглэнэ. Ерөнхий шүүгч болон бусад шүүгчдийн хувьд ерөнхий шүүгчийн зохион байгуулалтын чиг үүрэг нь дээрх үнэт зүйлд үндэслэгдэх нь зүйтэй. Ерөнхий шүүгч нь шүүхийн бие даасан, хараат бус байдалд нөлөөлж болохуйц ямарч үйл ажиллагаанд оролцож болохгүй.

26. Ерөнхий шүүгчдийн хувьд стратеги төлөвлөгөөтэй байх ёстой. ЕШЗЗ-өөс  тодорхойлохдоо, ерөнхий шүүгчийн чиг үүрэг нь эрх тэгш, шудрага байдлыг бий болгох стратеги төлөвлөгөөний гол зорилго нь шүүх тогтолцоонд тулгарч буй олон асуудлыг шийдвэрлэх юм.

27. Ерөнхий шүүгч нарын гүйцэтгэх чиг үүрэг нь шүүхийн үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд үүнд шүүхийн албан хаагч, аж ахуйн нөөц болон дэд бүтцийн асуудлыг зохион байгуулна. Иймд энэхүү чиг үүргийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Ерөнхий шүүгч нарт шаардлагатай эрх мэдэл, нөөц бололцоог олгох нь зүйтэй.

28. Ерөнхий шүүгч нь шүүхийн ажилтануудын хувьд зохион байгуулалтын чухал үүрэг гүйцэтгэдэг. Ерөнхий шүүгчийн эрх мэдэл, оролцоо  илүү өргөн хүрээнд байх боломжтой. /Жишээ нь: боловсон хүчний шинэчлэл, цалингийн түвшин тогтоох,  сахилга бат, ажил мэргэжлийн үнэлгээ өгөх болон ажлаас халах гэх мэт/. Гэтэл ерөнхий шүүгчийн эрх мэдэл нь маш хязгаарлагдмал байгаа бөгөөд дээр дурдсан зохион байгууллатын чиг үүргийг өөр байгууллага хэрэгжүүлж байдаг.

29. Шүүхийн аюулгүй байдал, дэд бүтэц, засвар үйлчилгээтэй холбоотой ерөнхий шүүгчийн үүрэг оролцооны талаарх асуулгад  хариулт өгөхөд зохих эрх бүхий байгууллагаас дээрх эрхийг хэрэгжүүлж байгаа тохиолдолд Ерөнхий шүүгчийн оролцоо зайлшгүй байх бөгөөд үзүүлж буй дээрх үйлчилгээний талаар шийдвэр гаргахад чухал нөлөөг үзүүлдэг байх ёстой.

30. Дээрхи эрх мэдлийг ил тод байдлаар мэргэжлийн түвшинд хэрэгжүүлэх ёстой. Хэрэв энэхүү үүрэг хариуцлагыг хамтаар хэрэгжүүлж шүүхийн зохион байгуулалтыг хариуцах захиргааны ажилтан байх тохиолдолд тодорхой давуу талууд байдаг. Энэ тохиолдолд тухайн албан тушаалтан нь Ерөнхий шүүгчээс томилогдож түүний өмнө хариуцлага хүлээнэ.

31. Ерөнхий шүүгчид зохион байгуулалтын зорилгоор газар, хэлтэсүүдийг байгуулах шүүхийн үйл ажиллагааны хэрэгцээ шаардлагаас хамаарч тодорхой албан тушаалыг бий болгох эрх мэдэлтэй байх ёстой. Ерөнхий шүүгчид нь шүүхийн зохион байгуулалттай холбоотой чухал өөрчлөлт хийхдээ шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлж зөвшилцөх шаардлагатай.

32. Зарим гишүүн улсуудын хувьд ерөнхий шүүгчид нь шүүхийн төсөв хуваарилах үүргийг гүйцэтгэдэг. Жишээ нь хэргийн ачааллыг боломжит цаг хугацаанд тэнцвэржүүлэх шаардлагаар эрх бүхий төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр төсөвийн хувиарлалтыг хийнэ. Энэ нь маш чухал асуудал юм.

Шүүхийн өөрийн эрх хэмжээний хэмжээ хязгаар, шүүхийн нэгжүүдийн хариуцлагатай байдал, шүүхийн систем дэх захиргааны байгууллагын бүтэц тогтолцооноос шууд хамааралтай юм. Шүүхүүдийн санхүү болон хүний нөөцийн хувиарлалтын үйл явц нь Ерөнхий шүүгчийн чиг үүргийг тодорхойлох шалгуур үзүүлэлт юм. Энэхүү чиг үүрэг нь тодорхой бус бол маш чухал асуудал болно. Зарим гишүүн улсуудад шүүх засаглалын төсөвийн хувиарлалтийн хэт төвлөрөл болон Ерөнхий шүүгчийн хязгаарлагдмал эрх мэдэл зэрэг нь гишүүн улсуудын шүүх тогтолцооны чухал үзүүлэлт болдог.

33. Хэдийгээр, ерөнхий шүүгчид шүүхийн төсвийг хувиарлах эрх мэдэл байх ёстой бөгөөд хариуцлага хүлээх ёстой гэдгийг ойлгох нь зүйтэй. Энэ эрхийг хэрэгжүүлэхийн тулд ерөнхий шүүгчид шаардлагатай мэргэжлийн шүүгч бус /зөвлөх. Орч/ боловсон хүчний туслалцааг авах ёстой.

III. Сонгууль, сонгогдох хугацаа, огцоруулах

А. Ерөнхий шүүгчид тавигдах мэргэжил, боловсролын шаардлага

34. Ерөнхий шүүгчид нэр дэвшигч нь уул албан тушаалд томилогдох шаардлагатай боловсрол болон туршлагатай байх ёстой.

35. Нэмж дурьдахад нэр дэвшигчид удирдан зохион байгуулах ур чадвартай байх ёстой. ЕШЗЗ-ийн ажигласнаар шүүгч нь шүүхийн захиргааны хариуцлагатай үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай сургалтад хамрагдсан байвал зохино.

36. Иймд ерөнхий шүүгчид тавигдах шалгуур нь түүний гүйцэтгэх ажил үүрэгтэй шууд хамааралтай. Зохион байгуулалтын онцгой үүрэг нь зохион байгуулалтын онцгой ур чадварыг шаардана.

B. Body to elect/ select court president –Сонгох этгээд /ерөнхий шүүгчийг сонгох/

37. Судалгаанаас харахад, ерөнхий шүүгчид нь сонгогдох, томилогдох гэх мэтээр улс орон бүрт өөр өөр төлөвтэй байна. Эдгээр үйл явц нь шүүхийн тогтолцоо болон ерөнхий шүүгчийн гүйцэтгэх үүргээс хамаардаг. Зарим улсад ерөнхий шүүгчид нь томилогдох эсхүл, шүүгч нараас нэр дэвших, өөр байгууллагаас томилогдох, сонгогдох нь зөвшөөрөгдсөн байдаг. Нэр дэвшигчдийн шүүх байгууллагад ажилласан туршлага нь тэдний сонгогдох чухал үндэслэл болдог.

38. Ерөнхий шүүгчийг сонгох болон шүүгчийг томилох үйл явц нь нэг ижил шалгуурын дагуу явагдах ёстой гэж ЕШЗЗ-өөс үзэж байна. Нэр дэвшигчдийг үнэлэх үйл явц болон зохих эрх бүхий байгууллагаас шүүгчийг сонгох, томилохдоо ЕШЗЗ-ийн 2010/12 Зөвлөмжийг баримтлах нь зүйтэй.

Ямарч тохиолдолд ерөнхий шүүгчийг сонгон шалгаруулж томилох  тогтолцоо нь хууль тогтоомжид нийцсэн, нэр дэвшигчдэд нээлттэй буюу өрсөлдөөнтэй байдлаар зохион байгуулагдах ёстой.

39. Зохих эрх бүхий байгууллага Ерөнхий шүүгчийг сонгон шалгаруулахдаа ЕШЗЗ-ийн (2010) 12, (2001) 01 дугаар зөвлөмжүүдийг баримтлахыг хүсч байна:…зохих эрхий бүхий байгууллагын сонголт, томилгоо тухайн шүүгчийн туршлага, гавьяа зүтгэлд үндэслэн боловсрол, үнэнч шударга байдал, ур чадвар зэргийг харгалзан үзэх нь зүйтэй. ЕШЗЗ-ийн Зөвлөмж нь Ерөнхий шүүгчийг сонгох үйл явцийн талаарх шүүгчдийн асуултыг агуулсан байна.

40. Зарим улсад ерөнхий шүүгчид нь шалгаруулалтаар бус шүүгчдийн зөвлөгөөнөөр сонгогддог тогтолцоо нь өрсөлдүүлэн шалгаруулах болон ажил байдлыг харгалзан үздэг.

C. Ерөнхий шүүгчийн ажлыг дүгнэх

41. Ерөнхийдөө Ерөнхий шүүгчийн үйл ажиллагааг ердийн шүүгчийн ажлыг дүгнэхтэй ижил байдлаар боловч бусад ажлын онцлогыг харгалзан үзэж дүгнэнэ.

42. Түүнчлэн Ерөнхий шүүгчдийн албаны нарийвчилсан чиг үүрэгт үндэслэн боломжит сайжруулалтыг тодорхойлох, туршлагаас нь суралцах зорилгоор тэдний хийсэн зохион байгуулалтын нийт ажилд нь үнэлэлт дүгнэлт өгч болно. Ерөнхий шүүгчдийн гүйцэтгэх үүрэг, хариуцлагын талаар ийм төрлийн дүгнэлтийг хийх нь илүү тохиромжтой.

43. Шүүгчийн ажлын үзүүлэлтийг дүгнэх үнэлэмж нь тооны болон чанарын үзүүлэлтэд суурилсан байдаг. Ерөнхий шүүгчийн удирдан зохион байгуулалтын ажлыг дүгнэх түвшинд ийм туршлага маш цөөхөн юм. Шүүхийн ажлын төлөвлөгөөний төсөл боловсруулах үйл явц нь удирдан зохион байгуулах үйл ажиллагааг дүгнэх үндсэн суурь болж өгөх боломжтой.

D. Сонгогдох хугацаа

44. Ерөнхий шүүгчийн сонгогдох хугацааг улс орон бүр харилцан адилгүй байдлаар 2-7 жил хүртэл, нэг удаа эсхүл, хэд хэдэн удаа улиран сонгогдох байдлаар тодорхойлсон байдаг. Зарим улсын хувьд Ерөнхий шүүгчээр сонгогдсон тохиолдолд тэтгэвэрт гарах хүртэл энэ үүргээ гүйцэтгэдэг.

Нэг талаас авч үзвэл ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэх хугацаа нь шүүхийн үйл ажиллагааг сайжруулж, хүртээмжтэй байлгах үүднээс хангалттай туршлага хуримтлуулахаар урт хугацаатай байх ёстой. Харин нөгөө талаас авч үзвэл ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэх хугацаа нь хэт урт байх нь шүүхийн шинэчлэл сайжруулалт хийхэд саад учруулах нэг хэв маягт баригдах байдлыг бий болгох магадлалтай. ЕШЗЗ-ийн зүгээс тухайн улсын байгуулалтаас хамаарч аль тохиромжтой, тэнцвэртэй хугацааг тогтоохыг зөвлөж байна. Сонгогдож эсхүл, томилогдож байгаа ерөнхий шүүгч нь тухайн сонгож, томилож байгаа байгууллагын тодорхой нөлөөг тухайн шүүхэд үзүүлдэг болохыг анхаарах нь зүйтэй.

45. Ерөнхий шүүгчийн ажил үүргээ гүйцэтгэх баталгаа нь энгийн шүүгчидтэй ижил хэмжээнд байх ёстой. Олон улсын хууль эрх зүй, ЕШЗЗ-ийн хэм хэмжээний дагуу шүүгчид шүүгчийн ажил үүргээ гүйцэтгэх хугацаанд  аюулгүй байдлыг хангах нь зайлшгүй шаардлагатай шүүхийн бие даасан хараат бус байдлын баталгаа гэдгийг ЕШЗЗ-өөс хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж байна. Дээр дурдсан хэм хэмжээнд шүүгч болон ерөнхий шүүгч нь өөрийн удирдан зохион байгуулах үүрэг болон шүүн таслах үүргээ гүйцэтгэсэнтэй холбоотойгоор үүрэгт ажлаас нь хууль бусаар хугацаанаас нь өмнө огцоруулах гэсэн ойлголт байх ёсгүй.

46. Тодорхой хугацаагаар сонгогдох хэм хэмжээ нь Ерөнхий шүүгчдийн хувьд тохиромжгүй юм. Ерөнхий шүүгч тодорхой хугацаатайгаар томилогдож байгаа тохиолдолд өөрийн бүрэн эрхийн хугацаанд өөрийн бүрэн эрхээ бүрэн хэрэгжүүлэх ёстой. Ерөнхий шүүгчийг дараах тохиолдолд хугацаанаас нь өмнө огцоруулж болно. Үүнд: тухайн шүүхийн шүүгчид санал гаргасан, зохион байгуулалтын ноцтой зөрчил гаргасан эсхүл, ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон гэх мэт. Хугацаанаас нь өмнө огцоруулах ямарч тохиолдолд тухайн үйл явц нь хангалттай үндэслэлтэй байх нь зүйтэй.

47. Түүнчлэн хугацаанаас нь өмнө огцоруулах тохиолдол нь ил тод улс төрийн ямар нэг нөлөөнд автахаас ангид байх ёстой бөгөөд ялангуяа, гүйцэтгэх эрх мэдлийн буюу Хууль зүйн яамны оролцоо байхаас татгалзах нь зүйтэй. Энэхүү үйл явц нь бусад шүүгч нарын хувьд өөр байдлаар үйлчлэх ёсгүй.

48. Ерөнхий шүүгчийг хугацаанаас нь өмнө огцоруулах нь түүнийг шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд саад болохгүй.

IV. Дээд Шүүхийн Ерөнхий Шүүгч

49. Дээд Шүүхийн Ерөнхий шүүгчийн гүйцэтгэх албаны чиг үүрэг нь онцлогтой ба шүүх байгууллагыг бүхэлд нь төлөөлөх бөгөөд тухайн улсад Улсын Дээд Шүүх цорын ганц байдгаараа онцлогтой юм. ЕШЗЗ-ийн зөвлөмжид дурдагдсан ерөнхий шүүгчийн албаны чиг үүрэг нь зарчмын хувьд Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгчид ижил үйлчилнэ.

50. Дээд Шүүхийн Ерөнхий шүүгчид тухайн улсын шүүхийн тогтолцооноос хамаарч тодорхой төрлийн нэмэлт үүрэг хамаарч болох юм. Үүнд

  • Шүүх байгууллагыг төлөөлөх;
  • Шүүх байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр зөвлөмж боловсруулах, шүүхийн тогтолцооны гүйцэтгэх үүргийг боловсронгуй болгох хууль эрх зүйг сайжруулах;
  • Улсын төсвийн төсөл боловсруулахад шүүхтэй холбоотой хэсэгт оролцож, шүүхэд төсөв хуваарилахад зөвшилцөх;
  • Жилийн тайлан мэдээг боловсруулж парламент болон шүүхийн харьяа байгууллагуудад хүргүүлэх;

51. Зарим улсад Дээд Шүүхийн Шүүгч нь Шүүхийн зөвлөлийн ex officio |тухайн байгууллагыг төлөөлсөн гишүүн| гишүүн байх бөгөөд шүүхийн захиргааны асуудлууд, шүүгчийг томилох, огцоруулах, дэвшүүлэх, сахилгын болон шүүгчтэй холбоотой бусад маргаан шийдвэрлэхэд оролцох гэх мэт эрхтэй байдаг.

52. Дээд Шүүхийн Шүүгч нь тодорхой төрлийн үүрэг гүйцэтгэх хэт их янз бүрийн эрх мэдэл төвлөрүүлэх нь шүүхийн бие даасан хараат бус байдал, шүүхэд итгэх олон нийтийн итгэл алдагдахад хүргэж болзошгүйг ЕШЗЗ-ийн зүгээс болгоомжлуулж байна.

53. Дээд Шүүхийн Ерөнхий Шүүгчийг томилох үйл явц нь бараг улс орон бүрт өөр байдаг бөгөөд энэ нь бусад шүүхийн ерөнхий шүүгчийг томилох сонгоход мөн чиглэгдсэн байдаг. Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгчийг сонгох, томилох үйл явц түүнд тавигдах шалгуур үзүүлэлтүүд нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байх үндсэн зарчмыг хангахад чиглэгдсэн байх бөгөөд энэхүү үйл явцыг хуулиар тодорхойлж merit-н зарчимд үндэслэх нь зүйтэй. Мөн улс төрийн ямар нэг нөлөөллөөс ангид байхыг албан ёсны дүрэм журмаар зохицуулна.

54. Дээд Шүүхийн Ерөнхий шүүгчийн сонгогдох хугацаа нь харилцан адилгүй бөгөөд зарим улсад 2 жилийн хуацаатай дахин нэг удаа улиран сонгогдох нөхцөлтэй зарим улсад тэтгэвэрт гарах хүртэл хугацаагаар сонгогддог.

55. ЕШЗЗ-өөс Дээд Шүүхийн ерөнхий шүүгчийг сонгох хамгийн тохиромжтой хугацааг санал болгохыг зорихгүй. Энэ нь тухайн улсын онцлог шүүхийн тогтолцоо түүний гүйцэтгэх үүрэг зэргээс хамаарч бие даасан, улс төрөөс хараат бус байж гадны ямар нэг нөлөөллөөс ангид өөрийн үүргийг гүйцэтгэх хангалттай хугацаагаар сонгох нь зүйтэй.

V. Дүгнэлт, зөвлөмж

  1. Ерөнхий шүүгчийн албаны чиг үүрэг нь тухайн шүүхийн шүүгчдийг төлөөлж шүүхийн үйл ажиллагааг үр дүнтэйгээр олон нийтэд хүргэж, шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэхэд оршино. Энэхүү албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ шүүх, шүүгчийн бие даасан, хараат бус байх үнэт зүйл, зарчимыг хамгаална.
  2. Ерөнхий шүүгчийн албаны чиг үүрэг нь шүүхийн өөрөө удирдах эрх мэдлийг хэрэгжүүлэх хэдий ч эрх мэдлийн хэт их төвлөрлөөс зайлсхийх нь зүйтэй.
  3. Ерөнхий шүүгч нь олон нийтийн хэвлэл мэдээлэлтэй харьцахдаа нийгмийн хэрэгцээ шаардлага, гэм буруугаа  шударга шүүхээр шийдвэрлүүлэх, хувийн болон гэр бүлийн, мэтгэлцээний нууц зэргийг анхаарч шүүхийн бие даасан, хараат бус байдал, шүүгчийн дотоод итгэлд хүндэтгэлтэй хандаж хамгаалагчийн үүргийг гүйцэтгэх нь зүйтэй.
  4. Ерөнхий шүүгч нь шүүхийн мэдээ тайлангийн талаарх чиг үүргээ хэрэгжүүлэхдээ үнэн бодитой байдлаар хандах нь зүйтэй.
  5. Шүүхийн удирдан зохион байгуулах хэлбэр нь шүүхийн захиргааны удирдлагыг сайжруулахаас өөр санаа зорилго агуулахгүй бөгөөд ерөнхий шүүгч нь шүүгчийн хараат бус байдалд харшлах аливаа үйл ажиллагаанд оролцохыг хориглоно.
  6. Шүүхүүдийн хувьд ерөнхий шүүгч төсөв хуваарилахад оролцох нь чухал ач холбогдолтой. Хэрэв тийм эрх хэмжээ олгогдоогүй бол төсөв захиран зарцуулах эрх олгогдох ёстой.
  7. Ерөнхий шүүгчид нэр дэвшигчийн хамгийн наад захын шалгуур нь тухайн шүүхэд томилогдох ажлын туршлагатай байх мөн ерөнхий шүүгчийн ажил үүргийг гүйцэтгэх ур чадвартай байхыг шаардана.
  8. Ерөнхий шүүгч, шүүгчийг сонгох, томилох үйл явц нь нэг ижил шалгуурын дагуу явагдах ёстой гэж ЕШЗЗ-өөс үзэж байна. Нэр дэвшигчдийг үнэлэх үйл явц болон зохих эрх бүхий байгууллагаас шүүгчийг сонгох, томилохдоо ЕШЗЗ-ийн 2010/12 Зөвлөмжийг баримтлах нь зүйтэй.  Шүүгч нар Ерөнхий шүүгчийг сонгох, томилох үйл ажиллагаанд оролцож шийдвэрлэх эрхтэй, эрхгүй сонгох загварыг анхаарч үзэх нь зүйтэй.
  9. Ерөнхий шүүгчийн үйл ажиллагааг ердийн шүүгчийн ажлыг дүгнэхтэй ижил байдлаар боловч түүний ажлын онцлогийг харгалзан үзэж дүгнэх нь зүйтэй.
  10. Ерөнхий шүүгчийг огцоруулах зарчим нь шүүгчийн үүргээ гүйцэтгэх хугацаа, шүүн таслах үүргээ хэрэгжүүлэх, захиргааны болон удирдан зохион байгуулах хугацааны аль ч үеийг хамарна.
  11. Ерөнхий шүүгчийг үүрэгт ажлаас огцруулах нь түүний шүүгчийн албан тушаалд нөлөөлөх ёсгүй. 
  12. Энэхүү зөвлөмжид дурдагдсан ажил үүрэг, зарчимууд нь Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч болон бусад шүүхийн ерөнхий шүүгч нарт адил хамаарна.
  13. Дээд Шүүхийн Ерөнхий шүүгчийг сонгох, томилох үйл явц түүнд тавигдах шалгуур үзүүлэлтүүд нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байх үндсэн зарчмыг хангахад чиглэгдсэн байх бөгөөд энэхүү үйл явцыг хуулиар тодорхойлж merit-н зарчимд үндэслэх нь зүйтэй. Мөн улс төрийн ямар нэг нөлөөллөөс ангид байхыг албан ёсны дүрэм журмаар зохицуулна.

Холбогдох мэдээлэл, эх сурвалж


[1] See CCJE Opinion No. 6(2004), paragraphs 52-55.

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: