Олон улсын шүүгчдийн холбоо (ОУШХ)-ны Төв зөвлөлийн 61 дэх хуралдаан

2018 оны 11 сарын 01 304 удаа нээгдсэн

МЭДЭЭЛЭЛ

Олон улсын шүүгчдийн холбоо (ОУШХ)-ны Төв зөвлөлийн 61 дэх хуралдаан /хөтөлбөр/ болон бүсийн хуралдаанууд түүний дотор Монголын шүүгчдийн холбооны багтдаг Ази, Хойд Америк, Далайн орнуудын шүүгчдийн бүсийн хуралдаан Марокко улсын Марракеш хотод болж өнгөрлөө. Үүнээс гадна, тус холбооны Судалгааны 4 Комиссын хуралдаан тус тусын сонгосон сэдвийн хүрээнд гишүүн улсуудын хүрээнд хийгдсэн асуулга, түүнд хийсэн дүн шинжилгээг хэлэлцэж, тухайлсан Дүгнэлт-Зөвлөмжүүдийг гаргасан /дэлгэрэнгүй/. Мөн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр JUDICIAL INDEPENDENCE AND THE IMPLEMENTATION OF THE NEW UNIVERSAL CHARTER OF THE JUDGE сэдэвт олон улсын конференц болсон.

Монголын шүүгчдийн холбоо 2001 оноос тус олон улсын холбоонд ажиглагчийн статустай, 2012 оноос жинхэнэ гишүүнээр элссэн. Манай холбооны төлөөлөл 2009 онд, 2012, 2013 онуудын төв зөвлөлийн уулзалтад оролцож байсан бөгөөд түүнээс хойш санхүүгийн боломжоос шалтгаалан биечлэн оролцож чадахгүй байсан. Ази, Хойд Америк, Далайн орнуудын шүүгчдийн бүсийн хуралдаан жил бүрийн 4-5 сард ихэвчлэн цахим хэлбэрээр зохион байгуулагддаг бөгөөд цахим хуралдаанд 2012 оноос хойш манай холбооны төлөөлөл алгасахгүй оролцож, тус бүсийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн билээ. Тухайлбал, Монголын шүүгчдийн холбооны төлөөллийн ахалж, хариуцан ажилласан Ази, Хойд Америк, Далайн орнуудын бүсэд шинээр гишүүн элсүүлэх ажлыг дэмжих, зохион байгуулах Ажлын хэсгийн хийсэн ажил, чармайлтын талаар Төв зөвлөлийн хуралдааны үеэр шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тэмдэглэж хэлсэн юм.

61 дэх удаагийн уулзалтаар ОУШХолбоо зохион байгуулалтын дараах асуудлуудыг хэлэлцсэн. Үүнд:

-2016-2018 онд ажилласан Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга, бүсийн Ерөнхийлөгч нарын тайлан, мэдээллийг сонсож, хэлэлцсэн. Мөн холбооны төсөв, төсөвт хийсэн аудитын тайлан, татвараа төлөөгүй гишүүн орнуудын холбоодын гишүүнчлэлийн асуудал, ОУШХ-ноос New York хот дахь НҮБ-ын ажиглагч болон Hague conference дахь ажиглагч нарын тайлан, мэдээллийг мөн сонссон билээ.

-Турк Улс дахь шүүх, шүүгчийн эрх зүйн байдлын тухай нөхцөл байдлыг хөндөж хэлэлцсэн /сүүлийн хэдэн жилийн хуралдаануудаар хэлэлцэж байгаа/ бөгөөд шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын нөхцөл байдал өөрчлөгдөөгүй, хүнд хэвээр байгааг ярилцаж, энэ асуудлаар байр сууриа хадгалж үргэлжлүүлэн анхааралтай ажиглаж, шаардлагатай үед шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн ажлуудыг хийхээр тогтоосон болно.

-Түүнчлэн, Ангол, Болив, Эквадор, Гватемал гэсэн 4 улсын шүүгчдийн холбооны гишүүнээр элсэх хүсэлтийг хэлэлцэж, эдгээр холбоодын үйл ажиллагаанд болон хүсэлттэй холбогдуулан судалгаа хийж тайлан боловсруулах үүрэг бүхий Илтгэгч нарын тайланг сонсож, эцэст нь эдгээр 4 холбоог гишүүнээр элсүүлэх эсэх асуудлаар санал хураалтаар шийдвэрлэж, ОУГХ нийт 90 улсын шүүгчдийн холбооны гишүүнчлэлтэй боллоо.

-Энэ жил сонгуулийн жил байсан бөгөөд ОУШХ-ны Ерөнхийлөгчөөр Ази, Хойд Америк, Далайн орнуудын шүүгчдийн бүсийн ерөнхийлөгч ажиллаж байсан Австрали Улсын шүүгчдийн холбооны төлөөлөл Tony Pagone, тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Европын бүсийн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа M. José Manuel Igreja Matos (Portugal) сонгогдон ажиллахаар (шинээр сонгогдсон удирдах зөвлөлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу) боллоо. ОУШХ нь 1958 онд байгуулагдаж ажилласнаас хойш анх удаа Ази, Хойд Америк, Далайн орнуудын бүсийн төлөөллөөс тус холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь онцлох үйл явдал байлаа.

-Холбооны Үндсэн хууль болон Дүрэмд “Ерөнхийлөгчийн дэргэдэх зөвлөл шаардлагатай тохиолдолд тодорхой улс орнуудын шүүгчдийн холбоог нэгтгэсэн холбоог гишүүнчлэлээр элсүүлэх асуудлыг шийдвэрлэх эрхтэй байх” тухай асуудлаар өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр товлосон байсан ч Европын шүүгчдийн холбооны гишүүдийн саналаар энэ асуудлыг хэлэлцэхийг дараа жилийн уулзалт хүртэл хойшлуулсан юм.

-Дараагийн хэлэлцсэн чухал асуудал нь Марракешд болсон уулзалтаар зэрэгцэн явагдсан ОУШХ-ны 4 судалгааны Комиссын хуралдааны Дүгнэлт-Зөвлөмж, тэдгээр Судалгааны Комиссуудын дараа жилийн судалгааны сэдэв зэргийг сонсож баталгаажуулсан явдал байлаа. Монголын шүүгчдийн холбооны төлөөлөл энэ жил биечлэн оролцсоны хувьд 1-р судалгааны Комиссын хуралдаан оролцсон. Уг комиссын энэ жилийн судалгааны сэдэв нь “Шүүгч, шүүхийн шийдвэртэй холбогдуулан төрийн бусад эрх мэдэл, хэвлэл мэдээлэл болон нийгмийн сүлжээний зүгээс үл хүндэтгэсэн байдлаар дайралт хийх, шүүмжлэх асуудлаарх хандлага” /The trend of public criticism towards judges and judicial decisions in a disrespectful manner by other state powers, the media and in social media/ байсан бөгөөд манай холбооны төлөөлөл уг асуудлаарх Монголын нөхцөл байдлыг танилцуулж, тус Комиссоос гаргасан дүгнэлт, зөвлөмжид саналаа өгсөн болно.

Ташрамд дурдахад ОУШХолбоо 1980 оноос 3, 1995 оноос 4 Судалгааны Комисс байгуулж 1/Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал (1st Study Commission – Status of the judiciary), 2/Иргэний эрх зүй болон процесс ( 2nd Study Commission – Civil law and procedure), 3/Эрүүгийн эрх зүй болон процесс (3rd Study Commission – Criminal law and procedure), 4/Нийтийн болон Нийгмийн халамжийн эрх зүй (4th Study Commission – Public and social law) гэсэн 4 чиглэлээр жил бүр тодорхой сэдэв сонгон авч судалгаа хийж, түүнийгээ Комиссын хуралдаанаар хэлэлцэж ирсэн. Саяхныг болтол энэхүү судалгааны сэдвүүд болон дүгнэлт, зөвлөмж нь зөвхөн гишүүн холбоодод /цахим хуудасны гишүүнчлэлийн нэвтрэх хэсэгт/ үзэх боломжтой байсан, харин 2015 оноос эдгээр судалгааны ажлууд ОУШХ-ны цахим хуудасны Судалгааны Комиссын хэсэгт он дарааллаар нээлттэй үзэх, авч хэрэглэх боломжтой байхаар Төв зөвлөлөөс шийдвэрлэж, олон нийтэд нээлттэй байдлаар нийтлэгдсэн байгаа юм. Та бүхэн өөрийн сонирхсон сэдвүүдээр хийгдсэн судалгааг татан авч үзэх боломжтой болсныг дуулгахад таатай байна.

 

Энэ 61 дэх уулзалттай уялдуулан зохион байгуулагдсан JUDICIAL INDEPENDENCE AND THE IMPLEMENTATION OF THE NEW UNIVERSAL CHARTER OF THE JUDGE сэдэвт олон улсын конференцид өнгөрсөн жилийн төв зөвлөлийн хуралдаанаар International Charter on the Statute of Judges /Шүүгчийн эрх зүйн байдлын Олон улсын дүрэм/-г шинэчлэн баталсантай холбогдуулан уг Дүрмийн ач холбогдол, хэрэгжилтийн талаар төвлөрч хэлэлцсэн юм.

Энэ хүрээнд үндсэн илтгэлийн НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Шүүхийн бие даасан, чадамжит байдлын Програмын ахлах мэргэжилтэн Oliver Stolpe “Шүүхийн бие даасан болон чадамжит байдлыг боловсронгуй болгох үйлсэд хамтран ажиллах нь: ОУШХолбоо ба НҮБ болон Шүүхийн бие даасан, чадамжит байдлын Нэгдэл” сэдвээр хэлэлцүүлж, ОУ-ын Барын Холбооны Шүүгчдийн Форумын тэргүүн, мөн холбооны Хүний эрхийн институтийн мэргэжилтэн, ОУ-ын Прокурорын холбооны дэд ерөнхийлөгч, ОУ-ын эмэгтэй шүүгчдийн ерөнхийлөгч зэрэг илтгэгч нар өөр өөрсдийн холбоо, байгууллагын зүгээс International Charter on the Statute of Judges /Шүүгчийн эрх зүйн байдлын Олон улсын дүрэм/-г хэрэгжүүлэх талаар хэрхэн хамтран ажиллах талаар хөндөж, ярилцсан болно. Монголын шүүгчдийн холбоо энэхүү чухал баримт бичгийг Монгол хэлнээ хөрвүүлж, нийт гишүүн шүүгч нар болон холбогдох байгууллага, хүмүүст хүргүүлэх талаар ажиллаж байгаа болно.

Төв зөвлөлийн хуралдаанаар дараа жилийн уулзалт болох газрыг хэлэлцэж улмаар Казахстан Улсын шүүгчдийн холбооны саналыг хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын 22-26 –ны өдрүүдэд тус улсын Нийслэл Астана хотод болохоор шийдвэрлэсэн болно. Энэ жилийн уулзалтад нислэгийн тийз, буудлын зардлыг МШХ-ны гишүүн Ц.Цогт Муж улсуудын шүүхийн үндэсний хүрээлэн (NCSC-USA) байгууллагад хандаж шийдвэрлүүлсэн бөгөөд МШХолбоо зам хоногийн зардлыг шийдвэрлэж өгсөн болно. Дараагийн ээлжинд Ази, Хойд Америк, Далайн орнуудын шүүгчдийн бүсийн хуралдааны талаарх мэдээлэл, уг хуралдааны “Шүүгчийн аюулгүй байдал” сэдэвт хэлэлцүүлгийн хэсэгт АНУ дахь шүүгчийн аюулгүй байдал сэдвээр тус бүсийн шинээр сонгогдсон ерөнхийлөгч, Монголын шүүгчдийн холбооны төлөөллийн бэлтгэсэн танилцуулгыг бэлтгэж та бүхэнд хүргүүлнэ.

Мөн ОУШХ-ны 1-р судалгааны комиссын энэ жилийн судалгаа “Шүүгч, шүүхийн шийдвэртэй холбогдуулан төрийн бусад эрх мэдэл, хэвлэл мэдээлэл болон нийгмийн сүлжээний зүгээс үл хүндэтгэсэн байдлаар дайралт хийх, шүүмжлэх асуудлаарх хандлага” /The trend of public criticism towards judges and judicial decisions in a disrespectful manner by other state powers, the media and in social media/ -ны дүгнэлт, зөвлөмжийг бүрэн эхээр орчуулан хүргэх болно.

Танилцуулга, мэдээлэл бэлтгэсэн Ц.Цогт

 МШХ-ны гишүүний булан

Нэр:
Нууц үг: