
Олон улсын шүүгчдийн холбоо (ОУШХ)-ны 68 дугаар чуулган 2026 оны 10 дугаар сарын 15–21-ний өдрүүдэд Португал Улсын нийслэл Лиссабон хотноо амжилттай болж өнгөрлөө. Португалийн шүүгчдийн холбооноос хүлээн авч зохион байгуулсан тус хуралд Монгол Улсыг төлөөлөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн нар оролцов.
Хурлын үеэр ОУШХ-ны Төв зөвлөл, бүсийн бүлгүүд болон судалгааны дөрвөн комисс хуралдаж, шүүхийн хараат бус байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг олон талаас нь хэлэлцжээ.

Судалгааны комиссуудын онцолсон сэдвүүд
Судалгааны комиссууд гишүүн улсуудын эрх зүйн зохицуулалт, туршлагыг дараах үндсэн дөрвөн чиглэлээр харьцуулан шинжилсэн байна.
Нэгдүгээр комисс: Улс төрчдийн зүгээс шүүхэд чиглэсэн дайралт, шүүхийн хараат бус байдалд үзүүлэх нөлөө ба хариу арга хэмжээ
Хоёрдугаар комисс: Маргаан шийдвэрлэх альтернатив (шүүхийн болон шүүхийн бус) аргууд
Гуравдугаар комисс: Шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтын үнэмшилтэй, найдвартай байдлыг үнэлэх журам
Дөрөвдүгээр комисс: Насжилттай холбоотой эрх зүйн зохицуулалт, насаар ялгаварлан гадуурхах явдал ба тэтгэвэр, хүн амын насжилтын нийгмийн үр нөлөө

Олон улсын бага хурал ба тунхаглалууд
Чуулганы хүрээнд 10 дугаар сарын 18-нд “Шүүгчдийн холбоодын үүрэг” сэдэвт олон улсын бага хурал болов. Хуралд НҮБ-ын Шүүгч, хуульчдын хараат бус байдлын асуудал хариуцсан тусгай илтгэгч Маргарет Саттертуэйт үндсэн илтгэл тавьж, бүс нутгуудын төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Хэлэлцүүлгээр шүүхийн хараат бус байдлыг хамгаалах, дарамт шахалтад өртсөн шүүгчид болон гишүүн холбоодод олон улсын түвшинд хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар санал солилцжээ.

Хурлын үеэр Чили, Перу, Тунис улсын шүүхийн хараат бус байдал болон Олон улсын эрүүгийн шүүхийн эсрэг авсан хориг арга хэмжээтэй холбоотой дараах тунхаглал, мэдэгдэл, тогтоолыг баталжээ. Үүнд:
- Чили Улсын тухай тунхаглал: Шүүгчийг огцруулах ажиллагаанд шударга ажиллагааны баталгааг бүрэн хангах, сахилгын эрх мэдлийг шүүгчид дарамт үзүүлэх, айлган сүрдүүлэх хэрэгсэл болгохгүй байхыг онцолж, холбогдох ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан журмаар хянан үзэхийг Чилийн Дээд шүүхэд уриалав.
- Перу Улсын тухай мэдэгдэл: Шүүхийн хараат бус байдлыг бодитоор хангах, шүүгчдийг хамгаалахад шаардлагатай байгууллагын болон эрх зүйн арга хэмжээ авахыг тус улсын төр, засгийн байгууллагуудад уриалав.
- Тунис Улсын тухай тогтоол: Тунисийн шүүгчдийн холбоо болон түүний тэргүүн Анас Хмедиг дэмжиж, холбооны тэргүүний хууль ёсны мэргэжлийн чиг үүргээ хэрэгжүүлснийх нь төлөө түүнийг мөрдөн шалгаж, ял шийтгэсэн явдлыг буруушаав.
- Олон улсын эрүүгийн шүүхийн эсрэг хориг арга хэмжээний тухай тогтоол: Тус шүүхийн эсрэг авсан хориг арга хэмжээг буруушааж, шүүх, түүний шүүгчид болон ажилтнуудыг хоригийн үр дагавраас хамгаалахыг оролцогч улсуудад уриалав.
Эх сурвалж: Олон Улсын Шүүгчдийн Холбооны Их хуралд оролцогч шүүгч Г.Нямсүрэн, Б.Адъяасүрэн