
Шүүгчдийн холбоо болон Хуульчдын холбооны удирдлагуудын ажил хэргийн уулзалт өнөөдөр (2026.03.20) Хуульчдын холбооны байранд боллоо. Уулзалтаар талууд шүүгчдийн эрх ашгийг хамгаалах, мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх болон хоёр байгууллагын цаашдын түншлэлийн хүрээнд хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэж, нэгдсэн шийдэлд хүрэв.
Уулзалтын гол үр дүн нь хоёр холбооны хамтын ажиллагааг институтийн түвшинд бэхжүүлэх “Хамтран ажиллах санамж бичиг” боловсруулахаар тогтсон явдал байв. Энэхүү баримт бичгийн хүрээнд Хуульчдын холбооны Шүүгчдийн хороо, Хуульчдын эрх ашгийг хамгаалах хороо болон бусад зорилго нэгтэй хороодтой хамтарсан үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг ойрын хугацаанд гаргаж, хэрэгжүүлж эхлэхээр санал нэгдлээ.

Уулзалтаар дараах гол асуудлуудыг онцлон хэлэлцэв.
Шүүгчийн хараат бус байдал ба эрх ашгийг хамгаалах: Шүүгчийн хараат бус байдлыг хөндсөн аливаа нөлөөллийн учир шалтгаан, нөхцөл байдлыг судлан хамтран ажиллахаар тохиролцов. Шүүгчийн нэр хүндэд халдах, үндэслэлгүйгээр буруутгах тохиолдолд Хуульчдын холбооны зүгээс бодлогын дэмжлэг үзүүлж, мэргэжлийн хамгаалалт, тайлбарыг олон нийтэд хүргэхэд анхааран хамтарч ажиллахаа илэрхийллээ.
Сургалт, багц цагийн (кредит) асуудлыг шийдвэрлэх: Шүүгчдийн мэргэшсэн байдлыг дээшлүүлэх сургалтыг Шүүхийн академитай хамтран зохион байгуулах замаар шүүгчдийн багц цаг тооцуулах процессыг хөнгөвчлөхөөр боллоо. Үүний хүрээнд шүүгчдэд зориулсан тусгайлсан сургалтын хөтөлбөр боловсруулж, кредит тооцох журмыг уян хатан болгон шинэчлэх, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг ШЕЗ болон Шүүхийн академитай ярилцахаар тогтов. Нийтэд тустай ажлын хүрээнд Хуульчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Пробоно” үйл ажиллагаанд ахмад шүүгчдийг идэвхтэй оролцуулах, ахмад шүүгчдийн туршлагаас суралцах болон ЕБС-ийн суралцагчдын дунд “Үе тэнгийн дээрэлхэлт”, “Цахим орчин хэт хэрэглээ”, нийгмийн дэмжлэг хэрэгтэй тухайлбал “аутизм”-тай хүүхдүүдэд зориулсан сургалтын үйл ажиллагаа зэрэг тулгамдсан асуудлаар хамтрах талаар ярилцлаа.

Гадаад харилцаа ба олон улсын туршлага: Шүүгчдийг олон улсын шүүгчдийн холбоо, бүс нургийн байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах, гадаад сургалт, туршлага судлах хөтөлбөрт хамруулахад Хуульчдын холбооны гадаад харилцааны нөөц бололцоог ашиглахаар тогтов. Мөн Герман болон бусад өндөр хөгжилтэй орнуудын шүүхийн шинэтгэлийн туршлагыг судлах, шүүгч солилцооны хөтөлбөрийг идэвхжүүлэх, “Bar & Bench” зарчмын хүрээнд өмгөөлөгч, прокурор болон шүүгч нарын харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд хамтран ажиллах талаар ярилцлаа.
Шүүгчдийн хорооны үйл ажиллагааг идэвхжүүлэх: Хуульчдын холбооны дэргэдэх Шүүгчдийн хорооны үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж, шүүгчдийн нийгмийн асуудал, ажиллах нөхцөлийг сайжруулах чиглэлээр бодлогын нөлөөлөл үзүүлэхэд хамтарсан ажлын хэсэг гаргахаар боллоо. Одоогийн байдлаар 16-21 хорооны хүрээнд үйл ажиллагаа явагдаж байгаа бөгөөд үүнийг шүүгчдэд илүү өгөөжтэй болгох нь нэн тэргүүний зорилт гэв.
Шүүгчийн ёс зүй ба мэргэжлийн хариуцлага: Шүүгчдийн ёс зүйн хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг хөндөж, Сахилгын хороо болон Ёс зүйн хорооны үйл ажиллагааны ялгаатай байдлыг анхаарч ажиллах, шүүгчийн хариуцлагын асуудлыг мониторинг хийх замаар бодитой үнэлэх, хууль зүйн мэргэжлийн үйл ажиллагаанд гарч буй алдаа дутагдлыг тухай бүрт нь мэргэжлийн түвшинд хэлэлцдэг байх тогтолцоог дэмжихээр болов.
Шүүгчдийн стресс менежмент ба ажиллах орчин: Шүүгчдийн ажлын ачааллаас үүдэлтэй стресс, сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулж, сэтгэл зүйн зөвлөгөө, стресс менежментийн сургалтуудыг зохион байгуулах, ажлын орчин, нөхцөлийг сайжруулах чиглэлээр бодлогын нөлөөлөл үзүүлэхээр тогтов.
Шүүгчдийн холбооны тэргүүн Д.Батбаатар болон Хуульчдын холбооны ерөнхийлөгч М.Мөнхбат нар хууль засаглах ёсыг бэхжүүлэх, шүүгчдийн хараат бус байдлыг хангахад чухал ач холбогдолтой уулзалт болсныг тэмдэглээд, хамтын ажиллагааны төлөвлөгөөг ойрын эцэслэн батлахаар тохиролцсон юм.
Уулзалтад Шүүгчдийн холбооны тэргүүн, УДШ-ийн шүүгч Д.Батбаатар, тус холбооны Гүйцэтгэх захирал Т.Туяа, Хэвлэл мэдээллийн ажилтан М.Наранчимэг, Хуульчдын холбоог төлөөлж Ерөнхийлөгч М.Мөнхбат, Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Шүүгчдийн хорооны тэргүүн, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар болон бусад албаны хүмүүс оролцлоо.
ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА