2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Унгар улсын Үндсэн хуульд бүх шатны шүүхийн эрх хэмжээ, бүтэц, шүүн таслах ажиллагаа, шүүгчийн халдашгүй байдлыг хуульчлан, шүүхийн үйл ажиллагааны чиглэл, дотоод зохион байгуулалтыг 2011 оны CLXI-161 дүгээр хууль буюу Шүүхийн бүтэц зохион байгуулалт болон удирдлагын тухай хуулиар нарийвчлан зохицуулахаар хуульчилсан байна.
Унгар улс Үндсэн хуульдаа шүүгчийн халдашгүй бие даасан байдлыг “Шүүгч нь зөвхөн хуульд захирагдана, шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэхдээ хэн нэгнээс чиглэл, даалгавар авахыг хориглоно, шүүгчийг ажил үүргээс нь зөвхөн хуульд заасан үндэслэлээр хянан хэлэлцэж чөлөөлнө, шүүгч нь улс төрийн намын харьяалалтай байхыг, улс төрийн үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж тодорхойлсон байдаг.
Унгар улсын бүх шатны шүүхүүд хоорондоо маш ойр, салшгүй холбоотой ажилладаг бөгөөд дээд шатны шүүх нь бусад шатны шүүх болон шүүгчдийг удирдах чиглүүлэх эрхгүй, шүүгч нь шийдвэрээ хуульд нийцүүлэн өөрийн итгэл үнэмшилд тулгуурлан гаргадаг.
Шүүгчийг улсын ерөнхийлөгч нь томилдог бөгөөд энэ нь тэдний бие даасан хараат субъект болохын илэрхийлэл юм.
Унгар улс шүүхийн тогтолцооны хувьд KÚRIA /Куриа/ буюу хамгийн дээд шатны шүүх, ITELŐTÁBLÁK /Итэлөтабла/ буюу дунд шатны шүүх, TÖRVÉNYSZÉKEK /Төөрвинсеекэк/ буюу нийслэл Будапешт болон 19 аймагт байрлах шүүх, JÁRÁSBIRÓSÁGOK болон KERÜLETI BIRÓSÁGOK буюу Будапешт хотын дүүргийн шүүхүүд болон сумын шүүх, KÖZIGAZGATÁSI шүүх буюу Захиргааны шүүх /2013.01.01-нд анх байгуулсан/ MUNKÁÜGYI шүүх буюу Хөдөлмөрийн шүүх /2013.01.01-нд анх байгуулсан/ зэрэг шүүхүүдтэй.
Дээр дурдсан шүүхүүдийг үйл ажиллагааны төрөл, чиглэлээр нь товч танилцуулбал:
Kúria шүүх /хамгийн дээд шатны шүүх/:
2012 оны Үндсэн хуулиар энэ шүүхийг бүх шатны шүүхийн хамгийн дээд шатны шүүх болохыг хуульчилсан. Тус шүүхийг дарга буюу ерөнхий шүүгч удирддаг. Kúria шүүхийн гол үүрэг бол бусад шүүхүүдэд нэгдсэн нэг шүүхийн практик тогтоох явдал юм. Энэ үүргээ Kúria нь шийдвэрээрээ тайлбарладаг бөгөөд шийдвэрүүд нь шүүхийн бодлого, хууль хэрэглээг тусгасан байдаг. Бусад шүүхүүд шийдвэрийг заавал хэрэглэх үүрэгтэй. Kúria шүүхийнүйл ажиллагааг 2011 оны CLXI-161 дүгээр хууль буюу Шүүхийн бүтэц зохион байгуулалт болон удирдлагын тухай хуулиар нарийвчлан зохицуулсан байна. Хуульд зааснаар Kúria нь:
- Хоёр болон гурав дахь шатны шүүхийн шийдвэрт гаргасан гомдлыг хянана;
- Бусад шатны шүүхүүдэд чиглэсэн хууль хэрэглээний талаар заавал баримтлах шийдвэрүүдийг гаргана;
- Хууль хэрэглээний гомдлуудыг шийдвэрлэнэ;
- Эцэслэн шийдвэрлэгдсэн хэрэг маргаан дээр хууль хэрэглээний задлан шинжилгээг хийх, энэ ажилд үндэслэн шүүхүүдийн хэрэг хянан шийдвэрлэж буй практикт дүн шинжилгээ хийх;
- Төрийн захиргааны байгууллагуудын гаргасан тогтоол шийдвэр хууль зөрчиж буй талаар хянаж, хууль бус шийдвэрийг хүчингүй болгох;
- Төрийн захиргааны байгууллагууд хуулиар тогтоосон хууль хэрэгжүүлэх, хуулийг дагаж мөрдөх үүргээ орхигдуулж байгаа талаарх гомдлыг хянан шийдвэрлэх гэх мэт.
Kúriа шүүх нь дараах kollegium буюу танхимуудтай. Үүнд:
- Шүүн таслах ажиллагаа;
- Хууль хэрэглээ;
- Засаг захиргааны маргаан;
- Хууль хэрэглээний гомдол хэлэлцэх;
- Иргэн;
- Эрүү;
- Захиргаа.
Kúria шүүхийн дарга буюу ерөнхий шүүгчийг Унгар улсын ерөнхийлөгчийн санал болгосноор есөн жилийн хугацаанд парламентын гишүүдийн гуравны хоёрын саналаар томилдог.
Ítélőtáblá /хоёр болон гурав дахь шатны шүүхийн эрх хэмжээтэй шүүх/:
Энэ шүүх Будапешт, Дебресен, Диөр, Пиэч, Сэгэд гэсэн таван аймагт бүсчилсэн байдлаар үйл ажиллагаа явуулдаг. Ítélőtáblák шүүхийн талаар товч танилцуулбал:
- 19 аймгийн Тörvényszék шүүх болон Будапешт хотын Törvényszék шүүхийн шийдвэрийг талуудын давж заалдах гомдлоор хянан хэлэлцдэг;
- Тус шүүхийг анх дээд шүүхийн ачааллыг бууруулах зорилгоор байгуулсан;
- Хоёр дахь шатны шүүхийн журмаар Тörvényszék шүүх хянан шийдвэрлэсэн зарим эрүүгийн хэрэг маргааныг гурав дахь шатны шүүхийн журмаар хянан хэлэлцдэг;
- Эрүү, иргэн, хөдөлмөрийн хэрэг маргааныг шийддэг;
- Захиргааны хэрэг маргааныг шийдэхгүй.
Törvényszék /зарим тохиолдолд анхан шатны, зарим тохиолдолд хоёр дахь шатны шүүхийн эрх хэмжээтэй шүүх/:
Törvényszék шүүхийн талаар товч танилцуулбал:
- Анхан /1-р шат/ болон хоёр дахь шатны шүүхийн зохион байгуулалттайгаар хэрэг маргааныг хянан шийдвэрлэдэг;
- Энэ шатны шүүхэд хэрэг маргаан хоёр хэлбэрээр шилжиж ирдэг. Анхан шатны шүүхийн буюу Járásbirosag, Захиргааны шүүх, Хөдөлмөрийн шүүхийн гаргасан шийдвэрийг хэргийн оролцогчдын давж заалдах гомдлоор хянан шийдвэрлэдэг;
- Зарим хэрэг маргааныг Анхан шатны журмаар хүлээн авч хянан шийдвэрлэдэг. Ямар төрлийн хэрэг маргааныг энэ шатны шүүх Анхан шатны журмаар хүлээж авахыг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулсан байна;
- Хүнд гэмт хэргүүд энэ шүүхэд харьяалагддаг. Жишээлбэл, иргэний хэрэг маргааны хувьд гурван сая форинтоос дээш нэхэмжлэлтэй хэргүүд, эрүүгийн хэрэг маргааны хувьд хүн амь, эх орноосоо урвах, терроризм гэх мэт хэрэг маргаан;
- Зарим нэг томоохон аймагт бүсчилсэн байдлаар байрладаг.
Járásbíróság /буюу анхан шатны шүүх/:
Járásbíróság шүүхийн талаар товч танилцуулбал:
- Анхан шатны журмаар хэрэг маргааныг хянан шийдвэрлэдэг;
- Хөдөө орон нутагт 107, Будапешт хотод 6 байдаг;
- Будапешт хотын Járásbíróság шүүхийг дүүргийн шүүх гэж нэрлэнэ. Будапешт хот нь нийт 23 дүүрэгтэй ба нийт зургаан Jarasbirosag 23 дүүргийн дунд ажилладаг;
- Járásbíróság нь иргэн, эрүү, гэр бүл гэсэн тодорхой хэрэг маргааныг төрөлжүүлэн хянан шийдвэрлэдэг. ( Жнь: Пешт дүүргийн гэр бүлийн шүүх)
Közigazgatási шүүх буюу Захиргааны шүүх, Munkáugy шүүх буюу Хөдөлмөрийн шүүхүүд нь анх 2013.01.01-нд байгуулагджээ.
Унгар улсын Шүүгчдийн холбоо буюу MAGYAR BÍRÓI EGYESÜLET-н талаар товч танилцуулбал:
Удирдах зөвлөл: Ерөнхийлөгч-1, дэд ерөнхийлөгч -1, нарийн бичгийн дарга-1, гишүүд-11, орлогч гишүүд-4
Аймаг бүрд Шүүгчдийн холбооны салбар зөвлөлтэй.
Үүсгэн байгуулагдсан түүх: Анх 1907 онд шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч этгээд болох шүүгч, хууль хэрэглэгчдийн ажлын ачаалал, санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас эрх баригчдын эсрэг хөдөлгөөн зохион байгуулагдаж, улмаар Шүүгчдийн холбооны үндэс суурь тавигдсан түүхтэй. 1990 онд албан ёсоор үүсгэн байгуулагдсан бөгөөд шүүгч, хуульчдад зориулсан ном сэтгүүл, гарын авлага, нийтлэлийг сар тутам хэвлэн гаргадаг. Шүүгчдийн дунд спортын тэмцээн, шүүгчдийн эрх ашиг сонирхлыг хамгаалсан үйл ажиллагаанууд, сангийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг.
Орчуулж, бэлтгэсэн: Ц.Эрдэнэчимэг /БГДЭХАШШ-ийн шүүгч/