
Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 16:00 цагт болж, холбооны үйл ажиллагаа болон цаашдын бодлого, зохион байгуулалттай холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хурлаар Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох сонгуулийн комиссын тогтоолыг танилцуулж, УЗ-ийн өнөөдрийн хурлаар гишүүдийг баталгаажуулав. Шүүгчдийн холбооны 2025 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэн дүгнэв. Мөн 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг танилцуулж, хэлэлцэн баталлаа.
Түүнчлэн Ёс зүйн зөвлөх хорооны үйл ажиллагааны мэдээллийг сонсож, Шүүгчдийн холбооны шагналын журмын шинэчилсэн төслийг танилцуулан хэлэлцэв. Олон нийттэй харилцах дэд хорооноос Канадын төслийн хэрэгжилтийн явцыг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо.
Хурлаар мөн Удирдах зөвлөлийн зарим гишүүд болон Хяналтын зөвлөлийн гишүүдийн сонгуулийг зарлах хугацааг товлож, ажлын албаны бүтцэд өөрчлөлт оруулах, цалин хөлсний асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Энэ үеэр Монголын Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн шинээр сонгогдсон таван гишүүнд Холбооны тэргүүн Д.Батбаатар баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.
Мөн Ёс зүйн зөвлөх хорооны ахлагч Д.Мөнхтуяа тус хорооны үйл ажиллагаа, 2026 онд Канадын төслийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудыг танилцуулж, холбооны жилийн төлөвлөгөөнд тусгах санал дэвшүүлэв. Түүнчлэн Ёс зүйн зөвлөх хорооны гишүүдийг сонгох журмыг шинэчлэх шаардлагын талаар санал солилцов.
Ийнхүү Удирдах зөвлөлийн хурлаар холбооны үйл ажиллагааг сайжруулах, цаашдын бодлого, зохион байгуулалтын чухал асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Ажлын алба