
Шүүгчдийн холбоо нь гишүүддээ үйлчлэх ТББ болохын хувьд шүүгч нарын сэтгэл зүйн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дээшлүүлэх урт хугацааны сургалт, заслын хөтөлбөрийн эхлэлийг тавилаа.
Монголын Шүүгчдийн холбооны 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус холбоо нь Шүүхийн академи, Монголын Шүүгчдийн холбооны Улсын дээд шүүх дэх салбар зөвлөл, Улсын дээд шүүхийн Тамгын газартай хамтран шүүгчийн сэтгэл зүйн эрүүл мэндийн чиглэлийн шүүгч-сургагч багш бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд 2025 оны 06 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд “Шүүгчийн сэтгэл зүйн эрүүл мэнд сэтгэл зүйд суурилсан манлайлал ба хамт олны харилцаа” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд шүүгчийн сэтгэл зүйн эрүүл мэндийн чиг хандлага, олон улсын судалгаатай танилцаж, стресс үүсгэгч болон хамгаалагч хүчин зүйлс, стрессийн хариу урвалын нөлөөллийг ойлгон, урьдчилан сэргийлэх аргуудтай танилцах, түүнчлэн стресс, ажлаас халшрах хам шинжээс сэргийлэх, сэтгэл зүйн асуудлуудыг ялган таних, стрессийг удирдах, бие махбод, сэтгэл зүйн сайн сайхан байдлыг дэмжих арга замуудыг судалсан юм.
Мөн сэтгэл зүйн эрүүл мэндийн хувийн төлөвлөгөө боловсруулах, шүүхүүд хэрхэн сэтгэл зүйн эрүүл мэндтэй холбоотой соёлыг дэмжиж хөгжүүлэх Монголын нөхцөлд сайн туршлагыг хэрхэн нутагшуулах талаар харилцан яриа өрнүүлэн, туршлага солилцсон.
Хоёр өдрийн турш үргэлжилсэн сургалтыг Австрали улсын тэргүүлэх мэргэжилтэн, судлаач Карли Шревер, сэтгэл судлаач, гэр бүлийн сэтгэл засалч Салли Райан нар удирдан явуулсан. Энэхүү хоёр мэргэжилтэн нь уг сэдвээр тэргүүлэх мэргэжилтнүүд бөгөөд өндөр хөгжилтэй улс орнуудын шүүгч нарт энэ сэдвээр сургалт явуулсан туршлагатай. Тэднийг урьж сургалт авах боломжийг олгосон Шүүхийн академийн захирал, УДШ-ийн Тамгын газрын дарга нарт болон сургалтын бэлтгэл ажил, зохион байгуулалтыг хариуцаж ажилласан Г.Халиунаа, Б.Аззаяа зэрэг ажилтнуудад сургагч багш болон цаашид сургалтын үр шимийг хүртэх нийт гишүүдийн өмнөөс талархаж байна.
Энэхүү сургалтад “Judicial wellbeing” сургагч багш бэлтгэх хөтөлбөрт бүртгүүлсэн холбооны гишүүн 10 шүүгч хамрагдсан. Сургалтдаа идэвхтэй хамрагдсан, хариуцлагатай шүүгч-гишүүддээ баярлалаа. Цаашид энэхүү сургагч-багш нарыг үргэлжлүүлэн сургахад дэмжих, сургагч-багш нар өөрсдөө бие даан суралцаж мэргэших, сургалтын гарын авлага бэлтгэх замаар МШХолбооны шүүгч-гишүүн бүрд өөрийнх нь ажил, мэргэжлээс үүдэлтэй стресс, сэтгэл зүйн мэдлэг, ур чадварыг таниулах “шүүхийн сэтгэл зүйн сайн сайхан байдлын” сургалтыг хүргэхэд зорьж байна.
Мөн МШХолбоо энэ хүрээнд Канадын Засгийн газрын хэрэгжүүлэх гэж буй төсөлтэй хамтран ажиллах санал хүргүүлсэн. Шүүгчийн сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар цаашид шүүгч, шүүх, шүүхийн системд гэсэн 3 түвшинд ямар бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлэх, сургалт, гарын авлага, журам боловсруулах зэрэг хэрэгцээ, шаардлага бий.
Улсын дээд шүүх дэх Салбар зөвлөл