
“Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийн хүрээнд Монголын Шүүгчдийн Холбоо (МШХ)-ны гишүүн шүүгчид, Шүүхийн ерөнхий зөвлөлийн мэдээллийн ажилтнууд болон шүүхийн Тамгын газрын олон нийттэй харилцах мэргэжилтнүүдэд зориулсан “Хэвлэл мэдээлэл болон олон нийттэй харилцах мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх” цахим сургалт өнөөдөр (2026.03.11) амжилттай зохион байгууллаа.
Сургалтад нийт 40 гаруй шүүгч, албан хаагчид хамрагдаж, шүүхийн шийдвэрийг иргэдэд энгийн, ойлгомжтой байдлаар хүргэх болон орчин үеийн технологийн давуу талыг хэрхэн ашиглах талаар цогц мэдлэг мэдээлэл өгөв.

Сургалтын үндсэн сэдвүүд:
- Хэвлэлийн мэдээ ба АI: Шүүхийн шийдвэрийг хэвлэлийн мэдээ болгон боловсруулахдаа хиймэл оюун ухааныг (AI) ашиглах арга зүй;
- Жендэрийн мэдрэмжтэй харилцаа: Олон нийтэд мэдээлэл түгээхдээ жендэрийн мэдрэмжтэй хандах зарчим;
- Хямралын үеийн харилцаа: Шүүхийн байгууллагад үүссэн хямралын нөхцөл байдалд хэвлэл мэдээлэлтэй хэрхэн зөв харилцах;
- Сошиал медиа ба контент: Дижитал орчинд мэдээлэл түгээгчидтэй харилцах болон богино хэмжээний видео контент (Reel) бэлтгэх арга техник;
- Хуулийн нэр томьёо: Хуулийн нарийн төвөгтэй хэллэгийг иргэдэд ойлгомжтой, энгийн үгээр тайлбарлан хүргэх анхаарах зүйлс гэх зэрэг асуудлыг онол, практиктай тайлбарлан таниуллаа.

Сургалтыг МШХ-ны Олон нийттэй харилцах дэд хорооны ахлах, Улсын Дээд шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнэ болон “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийн удирдагч С.Билгүүн нар нээж, Хэвлэлийн Хүрээлэнгийн туршлагатай багш, доктор Ц.Оюунтунгалаг тэдгээрийн баг бүрэлдэхүүн чиглүүлэн явууллаа.
Энэхүү сургалт нь шүүх засаглалын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, хүртээмжтэй сурталчлах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
#ШүүгчдийнХолбоо #ОлонНийттэйХарилцах #ТэгшЭрхШударгаЁс