Монголын Шүүчдийн холбооны тэргүүн, шүүгч Ж.Оюунтунгалаг, гүйцэтгэх захирал М.Наранчимэг нар ШЕЗ-ийн дарга Д.Зүмбэрэллхамтай 2022 оны 02 сарын 08-ны өдөр албан ёсны уулзалт хийж, цаашид Шүүгчдийн холбоог дэмжин ажиллах саналыг тавьж, хэд хэдэн асуудлаар ярилцлаа.
Уулзалтын үеэр Шүүхийн Ерөнхий Зөвлөл нь гадаад харилцааны чиглэлээр Монголын Шүүгчдийн холбоог дэмжиж, Унгарын Шүүгчдийн холбоотой хамтын ажиллагаа тогтооход болон ”Эфирт биеэ хэрхэн авч явах тухай” сургалтыг явуулахад хамтран зохион байгуулсанд тэргүүн Ж.Оюунтунгалаг талархаж буйгаа илэрхийлээд, холбооныхоо бүтэц, зохион байгуулалтыг дэлгэрэнгүй танилцуулав.
Үүний дараа сүүлийн жилүүдэд хийсэн ажлуудын талаар тухайлбал, шүүгчдийн хараат бус, бие даасан байдлыг хангах, олон нийтэд шүүх, шүүгчийн үйл ажиллагааг сурталчлан таниулах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр “Ярьж буй хууль” теле ярилцлагыг санаачлан 2021 оны 09 дүгээр сараас эхлэн ТВ-9, Өлзий телевизээр арав гаруй нэвтрүүлгийг үзэгчдэд хүргэсэн талаар дуулгалаа.
Мөн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэлийн Монголын Шүүгчдийн холбооны ажлын албыг байртай болгох зорилгоор гишүүн шүүгч нарын дунд өрнүүлсэн санал асуулгын талаар болон шүүгчийн нэр төрд халдаж байгаа асуудлаар хэрхэн хамтарч ажиллах тухай санал солилцов.
Шүүгчид өөрсдийн хараат бус байдлын төлөө нэгдэж чаддаг байх хэрэгтэй, мөн нөлөөллийн мэдүүлэг чухал үүрэгтэй боловч хэрэгжилт сул байна, энэ асуудлыг ил тод болгох, эрх зүйн үр дагавар гаргах шаардлагатай гэж Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам санал бодлоо илэрхийлж, тухайн асуудлаар Монголын шүүгчдийн холбоо судалгаа хийх, хэлэлцүүлэг өрнүүлэх зэргээр ШЕЗ-тэй хамтран ажиллах боломжтой гэсэн юм.
МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБОО