70114100

99081135

91411700

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

Эмгэнэл

Монгол Улсын Дээд Шүүхийн шүүгч Цэндийн Амарсайхан 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Ц.Амарсайхан нь 1964 онд Улаанбаатар хотод төрж, 1981-1986 онд ЗХУ-ын Иркутск хотын Улсын их сургуульд суралцан “онц” төгсөж, хуульч мэргэжил эзэмшжээ.

Тэрээр 1986-1987 онд Улсын Дээд шүүхэд дадлагажигч, 1987 онд Ажилчны районы шүүхэд нарийн бичгийн дарга, Улаанбаатар хотын шүүхэд нарийн бичгийн дарга, 1987-1989 онд Найрамдлын районы шүүхэд шүүгч, 1989-1990 онд Улаанбаатар хотын шүүхэд гишүүн, 1990-1993 онд Улаанбаатар хотын шүүхэд орлогч дарга, 1993-1999 онд Нийслэлийн шүүхэд шүүгч, 1999-2005 онд Монгол Улсын Дээд шүүхэд шүүгч, 2005-2011 онд Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн, 2011 оноос хойш Улсын Дээд шүүхэд шүүгчээр тус тус ажиллаж байлаа.

Ц.Амарсайхан нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх эрхэм үүрэгтээ мэргэшсэн, хариуцлагатай ханддаг, онолын өндөр мэдлэгтэй, шүүн таслах ажиллагааны арвин туршлагатай, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй шүүгч байсан төдийгүй авъяаслаг удирдагч, зохион байгуулагч, багш байв.

Мэргэжлийн өндөр мэдлэг, боловсрол, ур чадвараа шүүхийн байгууллагад зориулж, шүүгчээр 34 жил, үүнээс Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүнээр нийт 22 жил ажиллахдаа шүүн таслах ажиллагаанд хууль хэрэглээний нэгдмэл практик тогтоох, шуурхай, чанартай байдлыг хангах, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн төслийг боловсруулах, шүүхийн ил тод байдлыг хангах, Монгол Улсад хууль, эрх зүйн тогтолцоог сайжруулах, шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх үйлсэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм. Энэ хүрээнд хууль тогтоомжийг зөв тайлбарлан хэрэглэх чиглэлээр судалгаа хийж, аргачлал, зөвлөмж боловсруулах чиглэлээр олон баримт бичиг боловсруулах, гаргах ажилд өөрийн бие сэтгэлийг харамгүй зориулсан нь зах зээлд шилжих шилжилтийн үеийн хууль тогтоомж, эрх зүйн зарчмуудыг нэвтрүүлэхэд томоохон хувь нэмэр болсон билээ.

Тэрээр Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүн, даргаар сонгогдон ажиллаж, хуульчдаас шүүгчдийг шилж олох, тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан. Тухайлбал, ГОУТХАН-ийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл”-ийн хүрээнд шүүхийн “Сургагч багш”-аар 20 орчим жил тасралтгүй ажиллахдаа Иргэний хуулийн хэрэглээ, тайлбарлах аргачлал, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа зэрэг чиглэлүүдээр сургалтын материал боловсруулах, шүүгч-сургагч багш бэлтгэх, шүүгчдэд сургалт явуулах ажилд өөрийн мэдлэг, боловсрол, ур чадвараа харамгүй зориулсаар ирснийг Монголын үе үеийн шүүгчид талархалтай, хүндэтгэлтэй хандсаар ирсэн.

Түүнчлэн, иргэний эрх зүй, шүүх судлалын хүрээнд МУИС зэрэг их, дээд сургуулиудын оюутнуудад багшлах, эрдэмтэн-судлаачдад зөвлөгөө, туслалцаа үзүүлэх зэрэг эрдэм номын үйлсэд хүч хөдөлмөрөө зориулж, хууль зүйн салбарын шилжилтийн үеийг гарз хохирол багатай туулахад өндөр хувь нэмрээ оруулсан юм.

Ц.Амарсайханы ажил хөдөлмөр, хууль зүйн салбарт оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг төр засгаас үнэлэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медалиуд, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Монгол Улсын Дээд Шүүхийн “Хүндэт тэмдэг”, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Хүндэт тэмдэг”, Шүүхийн тэргүүний ажилтан, Хууль зүйн тэргүүний ажилтан цол тэмдэг зэргээр шагнаж байв.

Түүний хүнлэг, нөхөрсөг, ухаалаг, эгэл даруу, бүтээлч хөдөлмөрч, нягт нямбай, ажил хэрэгч, элэгсэг дотно дүр төрх нь бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

     Талийгаачийн гэр бүл, үр хүүхдэд гүн эмгэнэл илэрхийлье.

МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл бичих

Эмгэнэл