70114100

99081135

91411700

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Монголын Шүүгчдийн холбооны тэргүүн, хууль зүйн ухааны доктор, дэд профессор Жаргалсайханы Оюунтунгалаг нь 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, шүүх эрх мэдлийн байгууллага, шүүгч бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Ж.Оюунтунгалаг нь 1978 онд Улаанбаатар хотод төрсөн. 1995 онд 10 жилийн 3 дугаар дунд сургуулийг дүүргэж, 1996 онд “Цог” гадаад хэлний дээд сургуулийг англи хэлний орчуулагч, 2001 онд ОХУ-ын Эрхүүгийн Техникийн Их сургуулийн хуулийн ангийг “хуульч мэргэжилтэн” цолтой төгсөж, 2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн магистр, 2007 онд Япон Улсын Нагояагийн Их сургуульд хууль зүйн магистр, 2010 онд мөн тус сургуульд хууль зүйн ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан, 2023 онд Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын Бурхан шашны их сургуулийн Оройн дээд дамжааг төгссөн, орос, англи, япон хэлийг мэргэжлийн өндөр түвшинд эзэмшсэн оюунлаг эрдэмтэн шүүгч байлаа.

Ж.Оюунтунгалаг нь төрийн албанд 23 жил ажилласнаас төрийн гүйцэтгэх засаглалын байгууллагад хуулийн төсөл боловсруулах, хууль зүйн дүгнэлт гаргах чиглэлээр 11 жил, шүүх засаглалын байгууллагад 12 жил ажиллахдаа 8 жилд нь Ерөнхий шүүгчээр ажиллаж, сүүлийн 15 жилийн хугацаанд МУИС-ийн Хууль зүйн сургууль болон СЭЗИС-иудад багшилж, СЭЗИС-д дэд профессор, Япон Улсын Кэйогийн Их сургуульд зочин дэд профессор, Шүүхийн академийн дэргэд шүүгч-судлаач, шүүгч-сургагч багш, Монгол Улсад хууль зүйн докторын зэрэг хамгаалуулах Зөвлөлийн гишүүнээр ажиллаж байв. Тэрээр 2020 оноос өдгөө хүртэл Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх шатны шүүхийн шүүгчдийг нэгтгэсэн Монголын Шүүгчдийн холбооны тэргүүнээр сонгогдон ажиллаж, гишүүдийнхээ мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангуулах, шүүгчийн үйл ажиллагааг нийгэмд таниулж, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг дээшлүүлэхэд манлайлан ажилласан шилдэг удирдагч байв.

  Ж.Оюунтунгалаг нь шүүн таслах ажиллагааны онол, практикийн өндөр мэдлэгтэй, ур чадвартай, шүүх засаглал болон хууль зүйн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй, ёс зүйтэй, манай шүүх байгууллагын тэргүүний мэргэшсэн шилдэг шүүгчийн нэг байлаа. Тэрээр 2001-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээр ажиллахдаа иргэн, бизнесийн чиглэлийн хууль тогтоомж болох Үнэт цаасны зах зээлийн тухай, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай, Төрийн бус байгууллагын тухай, Компанийн тухай, Банкны тухай зэрэг 15 гаруй хуулийн төслийн эх бичигчээр, 30 гаруй хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт ажиллаж, олон зуун хууль тогтоомжийн төслийг боловсруулах, хууль зүйн дүгнэлт гаргахад мэргэжлийн өндөр ур чадвараа харуулсан хууль зүйн салбарын шилдэг манлайлагч эрдэмтэн судлаач байлаа.

 Ж.Оюунтунгалаг нь хуулийн байгууллагад тэр дундаа Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр 2012 оноос хойш тасралтгүй ажиллахдаа 22.000 гаруй иргэний хэрэг, маргааныг шийдвэрлэснээс 70 гаруй хувийнх нь шүүх хурлыг даргалж, Ерөнхий шүүгчийн хувьд шүүн таслах ажиллагаанд хууль хэрэглээг сайжруулах, шүүхийн үйл ажиллагааг шуурхай чанартай болгох, шүүхийн ил тод байдлыг хангах, хууль эрх зүйн тогтолцоог батжуулах, эрх зүйн тайлбар, дүгнэлтийг мэргэжлийн өндөр түвшинд хийж, иргэний хэргийн шүүхийг төлөвшүүлэх, шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх үйлсэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан билээ.

      Эрдэмт хүмүүн Ж.Оюунтунгалаг нь шүүгчийн ажлаас гадна 2013-2024 онд шүүгч-сургагч багшаар бэлтгэгдэж, иргэний хэргийн шүүгч нарт иргэний болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн чиглэлээр хичээл, сургалт явуулж, эрх зүйч бэлтгэдэг их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрийн оюутнуудад хичээл зааж, оюутны төгсөлтийн ажлыг удирдаж, хууль зүйн салбарт олон зуун хуулийн мэргэжилтнийг бэлтгэн гаргахад ухамсарт амьдралаа зориулсан эрдэмтэн багш байлаа. Тэрээр 2019 онд СЭЗИС-д Санхүү, эдийн засгийн салбар дундын тэнхим үүсгэн байгуулахад “Бизнес ба эрх зүйн” магистрын ахисан түвшний хөтөлбөрийг, Монголын Шүүгчдийн холбооны гишүүн шүүгчид болон Шихихутаг Их сургуулийн оюутнуудад процессын эрх зүй, хууль хэрэглээний сургалтыг тус тус санаачилсан нь одоо амжилттай хэрэгжиж байна.

Ж.Оюунтунгалаг нь 2010 онд “Civil Remedies Against Opportunitism in Mongolia”, 2013 онд “Харьцуулсан иргэний эрх зүй”, 2018 онд “Иргэний эрх зүйн онолын асуудал”, 2020 онд “Иргэний эрх зүй I: Ерөнхий анги”, 2022 онд “Иргэний эрх зүй II: Гэрээний үүрэг”, 2024 онд “Харьцуулсан иргэний эрх зүй” номоо дахин шинэчлэн хэвлүүлж, уншигч олны хүртээл болгосон бөгөөд иргэн, эдийн засаг, бизнесийн болон харьцуулсан эрх зүйн чиглэлээр сургалт, судалгааны ажлыг гүйцэтгэж, дангаар болон хамтран 40 орчим сурах бичиг, ном, гарын авлага, олон зуун нийтлэл, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл, судалгааны бүтээлийг монгол болон гадаад хэлээр хэвлүүлсэн нь эрдмийн ажилд ухамсарт амьдралаа зориулсан түүний судалгаа, шинжилгээний ажлын чанар чансааг тодорхойлдог.

  Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Ж.Оюунтунгалаг нь Олон Улсын Шүүгчдийн холбооны гишүүн байгууллага Монголын Шүүгчдийн холбооны тэргүүний үүрэгт ажлыг 2020 оноос нэр төртэй, хариуцлагатай хашиж, шүүгч нарын нийтлэг эрх, ашгийг хамгаалах эрхэм үйлсэд нэгэн үзүүрт сэтгэлээр чин үнэнчээр зүтгэсэн юм. Тэрээр Монголын Шүүгчдийн холбооны гадаад, дотоод үйл ажиллагаанд шүүгч нарыг тэгш татан оролцуулж, олон ажлыг санаачлан хэрэгжүүлсний дотор 2022 онд Монгол Улсад суугаа АНУ-ын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр “Шүүхийн үйл ажиллагаа, онцлогийг олон нийтэд таниулах, сайн туршлагаас суралцах, цахим орчинд шүүгчийн хувийн болон ажил хэргийн нэр хүндийг гутааж буй мэдээ, мэдээллийг хэрхэн хүлээж авч шийдвэрлэх” чиглэлээр “US Speaker” төслийг хэрэгжүүлж, монголын 400 гаруй шүүгч, хуульчид, “Цахим орчин дахь зүй бус дайралт”, “Шүүхийн тамгын газрын ажилтнуудын олон нийттэй харилцах байдал, хандлага, ур чадварыг нэмэгдүүлэх” чиглэлээр төслийн хүрээнд сургалтыг санаачилсан бөгөөд 50 гаруй хэвлэл, мэдээллийн салбарын ажилтан, албан хаагчийг хамруулсан нь үр дүнгээ өгч, 2024 оноос АНУ-ын Элчин сайдын яам, Шихихутуг Их сургууль хамтран шүүгч нарт англи хэлний нэг жилийн сургалт явуулдаг болсон юм.

 Канадын шүүгчдийн туршлагаар Монголын Шүүгчдийн холбооны дэргэд “Ёс зүйн зөвлөх хороо”-г байгуулж, тус холбооны гишүүн зарим шүүгчдийг Япон болон АНУ-д богино хугацааны сургалтад хамрагдах боломжийг олгожээ. Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд үнэн зөвөөр ойлгуулах, шударга шүүхээр үйлчлүүлэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор 2020 оноос судалгаанд суурилсан “Ярьж буй хууль” төслийг санаачлан хэрэгжүүлж, шүүгчийн эрүү, иргэн, захиргааны чиглэлээр иргэд, олон нийтэд эрх зүйн мэдлэг, мэдээлэл өгсөн 50 гаруй нэвтрүүлгийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хамтран бэлтгэж түгээсэн юм.

    Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, ХЗДХЯ-ны “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” цол тэмдэг, төрийн шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар тус тус шагнажээ.

          Эгэлгүй эрхэм шүүгч Ж.Оюунтунгалагийн чин шударга, чигч шулуун зан чанар, зарчимч, ёс суртахуун, оюунлаг ухаалаг, хөдөлмөрч бүтээлч, ажилч хичээнгүй, хүнлэг, нөхөрсөг, элэгсэг дотно дүр төрх бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэж, үе үеийн хуульчдад мөнхөд дурсагдах болно.

Талийгаачийн гэр бүл, эцэг эх, ах дүү, үр хүүхэд төрөл төрөгсдөд Монголын нийт шүүгч нар гүн эмгэнэл илэрхийлье!

МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл бичих

ЭМГЭНЭЛ