Канадын шүүгч нарын туршлагаар “Ёс зүйн зөвлөх хороо”-г ШЕЗ санаачлан байгуулах талаар санал солилцох хэлэлцүүлгийг 2023 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр зохион байгуулсан тухай өмнө нь мэдээлсэн. Тус хэлэлцүүлэгт Шүүгчдийн холбооны Тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэгч, НИДЗШШ-ийн шүүгч Т.Бадрах илтгэл тавьж, холбоо 8 хүний бүрэлдэхүүнтэй оролцож, шүүгч нар санал бодлоо хуваалцсан юм.
Хэлэлцүүлгийн үр нөлөөгөөр Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүгчдийн холбоотой хамтарсан ажлын хэсэг байгуулах тухай албан бичиг холбоонд ирүүлсэн.
Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөл хуралдаж, ШЕЗ-өөс ирүүлсэн албан бичгийг авч хэлэлцээд, зарчмын хувьд Шүүгчдийн холбооны дэргэд “Ёс зүйн зөвлөх хороо”-г байгуулахад харшлах шалтгаан байхгүй гэж үзэж гишүүд дэмжсэн юм.
Өнөөдөр ШЕЗ-ийн хурлын танхимд Канад улсын Альберта мужийн Хааны Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, хатагтай Мэри Моро, Нью Брансвик мужийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, ноён Марк Ричард болон Канад Улсын Холбооны шүүхийн асуудал эрхлэх газрын олон улсын хөтөлбөрийн ахлах шинжээч, хатагтай Наталья Хородецки нар Ёс зүйн зөвлөх хороо байгуулах ажлын хэсгийнхэнтэй уулзсан юм.
Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, доктор профессор Д.Зүмбэрэллхам, А.Насандэлгэр, Л.Энхбилэг, Шүүхийн сахилгын хорооны гишүүн Г.Цагаанцоож, Д.Мягмарцэрэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Оюунтунгалаг цахимаар оролцсон бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Шүүгчдийн холбооны тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Бадрах, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн А.Сарангэрэл, Шүүгчдийн холбооны Гүйцэтгэх захирал М.Наранчимэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны нэгжийн удирдлагууд оролцлоо.
“Ёс зүйн зөвлөх хороо”нь Шүүгчийг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах чиг үүрэг бүхий зорилготой юм байна. Тус хорооны ажлын хэсэгт найман шүүгч бүртүүлсэн бөгөөд маргааш Шангрилад болох хэлэлцүүлэгт оролцоно.