Монголын Шүүгчдийн холбооны Их хурал дөрвөн жилд нэг удаа болдог. Ээлжит бус Их хурлын Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн шийдвэрээр зарлан хуралдуулах дүрэмтэй. Удирдах зөвлөлийн гишүүд Их хурлаас бусад үед холбооны үйл ажиллагааг удирдан явуулдаг. Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийн бүх шатны шүүхийн шүүгчид өөрсдөө гурван жил тутам шинээр сонгуулийн зарчмаар нийт 500 гаруй шүүгчээс шүүгч өөрөө болон салбар хорооны шүүгчдээс нэрийг дэвшүүлэн нууцаар саналаа ирүүлж сонгодог зарчимтай. Шүүгчдийн холбоо өнөөдөр 37 Салбар хороогоор дамжуулан үйл ажиллагаагаа удирдан, Олон нийттэй харилцах дэд хороо, гадаад харилцааны дэд хороо, Шүүгчийн ёс зүйн зөвлөх хороо, шүүгчийн ахмадын хороо зэрэг хороодоор дамжуулан чиглэл бүрээр үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан гишүүн шүүгч нарын санал санаачилгад үндэслэн идэвхтэй ажиллаж ирлээ. Салбар хорооны тэргүүнийг 3 жилд нэг удаа сонгодог бөгөөд улируулан сонгож болдог. Шүүгчдийн холбооны Их хурлыг 2021 онд хийсэн учраас 2023 оны есдүгээр сарын 29-ны өдөр Ээлжит бус Их хурлыг Удирдах зөвлөлөөс зарлан хуралдуулсан.
Шүүгчдийн холбоо нийт шүүгчдийнхээ хараат бус бие даасан байдлыг хангуулах, иргэдэд шүүх байгууллага болон шүүгчдийн нэр хүндийг өсгөх, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд нэлээд олон төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Жишээлбэл, Монголын шүүгчдийн холбоо 2021 онд “Ярьж буй хууль” гэсэн телевизийн ярилцлагын контентийг санаачилсан. Энэ контентоор юу илэрхийлж, ямар санааг хэлэх гээд байна гэвэл, 2021 онд Монголын шүүгчдийн холбоо хөндлөнгийн судалгааны байгууллагаар “Шүүгчид итгэх олон нийтийн хандлага” гэсэн томоохон хэмжээний судалгааг хийлгэсэн юм. Энэ судалгааны үр дүнд суурилан “Ярьж буй хууль” контентийн санааг гаргасан. Өнөөдрийн байдлаар энэ нэвтрүүлэгт маань 40 шүүгч, 40 зочин оролцогч иргэдийг төлөөлөн оролцож, үзэгч, олон нийтийн хүртээл болоод явж байна. Манай нэвтрүүлэг Yutube сувгаар болон ТV-9, TV-24, Өлзий телевиз, Соён гэгээрүүлэгч телевизээр гарахаас гадна УДШ, ШЕЗ, Монголын шүүгчдийн холбооны сайт, цахим хуудсуудаар олон нийтэд хүрч байгаа. Нэвтрүүлгийн гол зорилго, судалгаанд үндэслэсний гол учир бол шүүгч болон шүүх байгууллагад итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд ямар гарц, шийдэл байгааг харахад эрх зүйн мэдлэг олгох нь хамгийн чухал гэдгийг ойлгосон байна. Тэрхүү эрх зүйн мэдлэгийг олгохын тулд яах вэ гэхээр шүүгч өөрөө аливаа нэгэн хэрэг дээр дэнсэлдэг, тэр явцад иргэд юун дээр алдаж, юун дээр онож байна вэ, юуг анхаарах ёстой юм бэ гэдэгт суурилсан эрх зүйн мэдлэгийг түлхүү өгөх хэрэгтэй гэсэн чиглэлд ажиллахыг зорьсон. Үүнийгээ нийгмийн төлөөлөл, олны танил, салбар бүрийн хүмүүсийг оролцуулж, нөгөө талаас эрүү, иргэн, захиргааны шүүгч нар оролцож, харилцан ярилцах байдлаар эрх зүйн мэдлэг олгож байгаагаараа онцлог. Энэ нэвтрүүлэг маань өнөөдрийн байдлаар 25 мянга гаруй иргэдэд хүрсэн байна. Иргэдийг төлөөлж оролцож байгаа хүмүүс хэлэхдээ, “Ер нь бид хуулийн мэдлэг дутуу байснаасаа болоод сөрөг үр дагаварт өртөх тохиолдол их байдаг юм байна. Өнөөдөр ардчилсан нийгэмд иргэд өөрөө хуулийн мэдлэгтэй байж аливаа хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломжтой юм байна” гэдгийг ухаарч, ойлгож энэхүү нэвтрүүлэгт орсноороо багагүй эрх зүйн мэдлэг, ойлголттой боллоо гэдгээ хэлдэг. Судалгааны үр дүнд суурилж, бодит байдалд ямар байгааг давхар нотолж байгаа юм.
ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХАМТРАН АЖИЛЛАДАГ БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛСЭН ӨГЛӨӨНИЙ СОНИНД ӨГСӨН ЯРИЛЦЛАГЫГ ТОЛИЛУУЛЖ БАЙНА.
https://news.zindaa.mn/4qk2
Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 11 сарын 02
ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА