70114100

92114100

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН, УДШ-ИЙН ИРГЭНИЙ ТАНХИМЫН ШҮҮГЧ Н.БАЯРМААГИЙН ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО

Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч, хууль зүйн ухааны доктор Н.Баярмаа “Арилжааны эрх зүйн зарим асуудал”, “Үл хөдлөх эд хөрөнгийн эрх зүйн зарим асуудал” эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэлүүдээр бүтсэн ном болон эрдэм шинжилгээний бүтээлээ өнгөрсөн баасан гарагт /2023.04.21/ мэргэжил нэгт нөхөддөө танилцуулсан юм.

Тус арга хэмжээг Хууль зүйн үндэсний хүрээлэн, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн хамтран зохион байгууллаа.

                   Энэхүү үйл ажиллагаанд бүх шатны шүүгч нарын төлөөлөл шүүгчид, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, хуульчид, хууль зүйн ухааны доктор, профессор, эрдэмтэн судлаачид, Шүүгчдийн холбооны гишүүдийн төлөөлөл, гүйцэтгэх захирал болон доктор Н.Баярмаатай хамт ажиллаж байсан үе үеийн  ажлын хамт олны төлөөлөл оролцож, баяр хүргэсэн юм.

 “Арилжааны эрх зүйн зарим асуудал” түүвэр эмхэтгэл нь хувийн эрх зүйн чиглэлээр, үнэт цаасны эрх зүй, бизнесийн байгууллага, эдийн болон эдийн бус хөрөнгийн барьцаа, төлбөрийн чадваргүйдлийн (дампуурлын) эрх зүй болон худалдааны эрх зүйн зохицуулалтын тойм болон харьцуулалтын талаар асуудал дэвшүүлсэн 12 бүлгээс бүрджээ.

     Эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэлүүд нь материаллаг эрх зүйн төдийгүй процессын эрх зүйн тулгамдсан асуудлуудыг багтаасны зэрэгцээ уг эмхэтгэлд хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай түгээмэл 73 асуулт, хариулт бүхий иргэдэд зориулсан 78 хуудас гарын авлагыг агуулсан байна. Ингэснээрээ хуульч төдийгүй нийт иргэдийн хууль зүйн хэрэгцээнд зориулагдсан бүтээл болжээ.

       “Үл хөдлөх эд хөрөнгийн эрх зүйн зарим асуудал” эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэлийн эмхэтгэл нь өмчлөгчийн бүрэн ба хязгаарлагдмал эрх (ипотек, сервитут, узуфрукт, бусдын газар дээр барилга байгууламж барих эрх), төрийн нийтийн өмчийн болон орон нутгийн өмчийн газар, нийтийн зориулалтай орон сууц эзэмшигчдийн өмчийн эрхийн суурь ойлголтыг агуулснаараа онцлог юм. Монгол Улсад харьцангуй шинэ салбарт тооцогдох нийтийн зориулалттай сууц өмчлөгчийн эрх, кондоминиумын тухай ойлголт, газар болон түүний дээр салшгүй бэхлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэл болон тухайн эрхтэй зэрэгцэн орших, өмчлөх эрхийг хязгаарлах бусад эрхийг харьцуулан, нэгтгэн дүгнэж бичсэн өгүүлэл, эмхэтгэлүүд уг бүтээлд багтсан байна.

Гадаад хэл дээр хамгаалсан эрдэм шинжилгээний ажлаа танилцуулах боломж олгосон, тус номын нээлтэд оролцсон “хуульч” мэргэшлийн дор нэгдсэн нөхөддөө, дотно найз, үе үеийн хамт олондоо доктор Н.Баярмаа талархал илэрхийлсэн сайхан арга хэмжээ болж өнгөрлөө.

Сэтгэгдэл бичих

ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН, УДШ-ИЙН ИРГЭНИЙ ТАНХИМЫН ШҮҮГЧ Н.БАЯРМААГИЙН ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО