70114100

92114100

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

/Шүүхийн тухай хуульд шүүгчийн цалин

хөлс, тэтгэврийн асуудлаар оруулах санал/

НҮБ-ийн Ерөнхий ассамблейн 1985.11.29, 1985.12.13-ны өдрийн 40/32, 40/146 тоот тогтоолоор батлагдсан Шүүхийн байгууллагын хараат бус байдлын талаархи үндсэн зарчмуудын 11 дүгээр зүйлд заасан “Шүүгчдийн бүрэн эрхийн хугацаа, тэдний хараат бус байдал, аюулгүй байдал, хүрэлцэхүйц хэмжээний цалин, тэтгэвэр тэтгэмж, тэтгэвэрт гарах насны хэмжээ нь хуулиар хамгаалагдсан байна” гэснээс үзвэл хараат бус байлгах хэмжээний санхүүгийн асуудлыг төр буюу хууль тогтоох эрх мэдлийн байгууллага болох Улсын Их Хурал бүрэн шийдвэрлэх ёстой байна.

Гэтэл 2013 оноос хойш бүх төрийн албан хаагчдын цалин хөлсийг удаа дараа нэмэхэд шүүгч нарын цалин хөлсийг бусдаас “өндөр” гэдгээр огт нэмэлгүйгээр 7 жил гаруй хугацаа өнгөрч, бусад төрийн албан хаагчдаас ялгаварлагдсан гэж хэлж болно.

            Тухайн цалинг тогтоосноос хойш мөнгөний ханш хэрхэн өөрчлөгдөж, хүнс өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ хэрхэн нэмэгдсэн талаар нурших нь илүүц бизээ.

            Шүүгч нар зөвхөн эрх бүхий байгууллагаас тогтоосон үндсэн цалин, шүүгчээр ажилласнаас хойш 5 дахь жилээс эхлэн олгодог 2 хувийн нэмэгдэл буюу 54.000 төгрөгнөөс өөр ямар ч нэмэгдэлгүй, ажлын цаг нь хуулиар бус хуваарилагдаж ирсэн нэхэмжлэл, хүсэлт, хэргийн тоогоороо хэмжигддэг, цаг наргүй, ар гэр, үр хүүхэдгүй мэт амьдардаг ийм л нэгэн хүмүүс байдаг билээ.

            Гэтэл хамгийн их цалинтай гэх шүүгч нарын маань ихэнх нь ипотекийн зээлтэй, дээрээс нь цалингийн  болон хэрэглээний зээлтэй, ард хормойгоо авч урд хормойгоо нөхөж зээлээс зээлийн хооронд амьдарсан, амьдралын түүх нь банкны зээлийн түүх  болсон  албан хаагчид байдаг.

            Шүүгч ч гэлээ хүн л юм хойно бүгдэд маань хүний амьдралд байдаг үр хүүхэд, эцэг эх, ах дүүгийн зовлон бэрхшээл, баяр гуниг, өвчин зовлон, үхэл хагацал,  байх байхгүйн зовлон бид бүгдийг тойрдоггүй боловч өргөсөн тангарагтаа үнэнч байхаар хоёргүй сэтгэлээр зүтгэдэг ийм л хүмүүс гэж тэднийгээ өмөөрмөөр санагддаг юм.

 Төвийг сахисан, бие даасан, хараат бус шүүх эрх мэдлийн талаар Үндсэн хуулийн үзэл баримтлалын үүднээс  авч үзвэл эрх мэдлийг бүрэн тусгаарлах зарчим хэрэгжих учиртай. Үүнд хууль тогтоогч буюу хууль тогтоох эрх мэдлийн баталсан хууль шүүгчид таалагдахгүй байсан ч хэрэглэх үүрэгтэй бол хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэлтэнд шүүхийн шийдвэр таалагдахгүй байсан ч хүндэтгэн үзэж биелүүлэх үүрэгтэй болдог.

Бодит амьдрал дээр хуулийг хэрэглэж, амилуулж, хуулийг дээдэлж, хууль дээдлэх ёсыг сахин хамгаалж байдаг салбар нь шүүх эрх мэдэл учир гадны нөлөөнөөс хараат бус бие даасан байх шаардлагатай. Төрийн өмнөөс хууль хэрэглэж, хэрэг маргаан хянан шийдвэрлэж буй шүүх төрийн байгууллага, албан тушаалтан хуульд нийцүүлэн, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буйг  хянах үүрэгтэй учир гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагатай  зөрчилдөх зайлшгүй нөхцөл үүсдэг байна. Шүүх бие даасан, төвийг сахисан байр сууринаас хэрэг маргааныг шийдвэрлэх нь хууль дээдлэх зарчмын дагуу шүүхээс хүний эрхийг хамгаалах үүрэг, шүүх эрх мэдлийн тогтолцоонд  иргэдийн итгэх итгэлтэй салшгүй холбоотой.  Энэ нь иргэн төр хоёрын дунд шүүх байж, төрийн эрх мэдлээ урвуулан ашиглаж иргэдийн эрхэнд халдахаас сэргийлэх нь үндсэн хуульт ардчилсан ёсны суурь үзэл санаа байх тухай доктор Д.Гангабаатар Үндсэн хуулийн эрх зүй, төрийн байгуулал, зарчим, үзэл баримтлал /2017/ бүтээлдээ тусгажээ.

Энэхүү үзэл баримтлалыг төрийн эрх мэдлийн хуваарилалтан дахь шүүх эрх мэдлийн оролцооны үүднээс авч үзсэн ч шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч шүүгч нь хэрэг маргааны оролцогчид болох иргэн, төр зэрэг субьектүүдийн аль алиных нь ч талд байх боломжгүй албан тушаалтан болох нь илүү тод харагдана.

Шүүгч төрийн нэрийн өмнөөс бус, “Монгол Улсын нэрийн өмнөөс” шүүхийн шийдвэрийг гаргадаг. Төр өөрөө шүүхийн өмнө эрх зүйн харилцааны нэг  оролцогч болдог учраас шүүгч нэг оролцогчийнхоо нэрийн өмнөөс шийдвэр гаргадаггүй нь ч үүнтэй холбоотой. Тухайлбал: ХБНГУ-ын шүүх “ард түмний нэрийн өмнөөс”  шийдвэрээ гаргадаг байна.

Шүүгч гэж хэн бэ? Тэр ямар хөдөлмөр эрхэлдэг, ямар албан тушаалтан бэ? Шүүгч яагаад заавал бусад албан тушаалтнаас илүү бие даасан, хараат бус байх шаардлагатай вэ? Тэр ямар ёс зүйтэй байх ёстой вэ? Шүүгч жирийн иргэн бусад албан тушаалтнуудтай адил эрхтэй юу? гэх асуудлууд нь түүний эрхэлдэг ажил албан тушаал нь бусад ажил албан тушаалаас ямар ялгаатай болохыг илүү тод ялгаж харуулдаг.

Нэг үгээр хэлбэл шүүгч эсрэг тэсрэг, ашиг сонирхлын зөрчилтэй талуудын дунд хуулиас өөр зэвсэггүй, тэдний ашиг сонирхлоос ангид ганц дайчин байдаг гэж би хувьдаа шүүгчийн ажил албан тушаалыг тодорхойлдог юм.

Шүүгч нь хуулийг баримтлан энэхүү эсрэг тэсрэг, зөрчилтэй талуудын зөвхөн нэгэнд нь л таалагдсан шийдвэрийг гаргаснаараа үй олон шүүмжлэгч нартай болдог бөгөөд талуудын хэн алинд нь таалагдсан шийдвэр байх боломжит магадлал тун бага, бараг байхгүй гэхэд болно.

Шүүгчийг дээрх сонирхлын зөрчилтэй талуудын нөлөөнд оруулахгүй байх баталгааг  хангах үүргийг төр бүрэн хүлээдэг бөгөөд нөгөө талаас шүүгчийг жирийн хөдөлмөрчин хүн, бусад албан тушаалтны эдэлдэг зарим эрхийг эдлэхийг хуулиар болон ёс зүйн дүрмээр хориглодог. Ингэж хуульчлахаас ч өөр арга байхгүй.

Иймд энэ олон эсрэг тэсрэг сонирхлын зөрчилтэй талуудын дунд ганцаараа байх шүүгчийн аюулгүй байдал, эдийн засгийн хараат бус байдал, нийгмийн хамгааллын асуудлыг хууль тогтоох эрх мэдэл болох парламент хуулиараа дамжуулан баталгаажуулдаг байна.

             Төрийн албаны тухай хуулийн 6.1.3, 6.2-т төрийн албаны ангиллын төрийн жинхэнэ албанд төрийн тусгай алба хамрагдахаар, Мөн хуулийн 10.1.3, 10.3-т төрийн тусгай албан хаагч нь төрийн жинхэнэ албан хаагч байна гээд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.1-д бүх шатны шүүхийн шүүгч нарыг төрийн тусгай албан хаагчид хамаарах тухай заажээ.

Тэгвэл Шүүгч нь төрийн/жинхэнэ/ тусгай албан хаагч юм бол яагаад Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д зааснаар сарын дундаж цалин хөлсний 45 хувиар тооцож тэтгэвэр тогтоодог юм бол?

Гэтэл Авлигатай тэмцэх газрын удирдах, гүйцэтгэх албан тушаал;

зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүхийн шинжилгээний байгууллагын удирдлага;

 зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, гаалийн байцаагч, шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн;

зэрэг бусад цэргийн жинхэнэ алба болон тагнуул, цагдаа, шүүхийн шинжилгээний, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчид нарт Цэргийн албан хаагчдын тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д зааснаар сарын дундаж цалин хөлсний 80 хувиар тэтгэвэр тогтоодог байна.

            Мөн Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.3-т зааснаар   Төрийн албан хаагчийн цалин хөлс нь тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцлийн, төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын, мэргэшлийн зэргийн болон хуульд заасан бусад нэмэгдлээс бүрдэнэ гэж заасан байдаг.

            Гэтэл шүүгч дээр дурдсанчлан үндсэн цалин болон 2 хувийн нэмэгдлээс өөр ямар ч нэмэгдэл цалин, орлогогүй буюу өөрөөр хэлбэл дээрх Төрийн албаны тухай хуульд заасан нэмэгдлүүд байдаггүй, өндөр насны тэтгэвэртээ гарах үед нь ажиллаж байх хугацаандаа өндөр шимтгэл төлж байсан атлаа огт шимтгэл төлдөггүй  цэрэг, цагдаагийн албан хаагчдаас бага хэмжээний тэтгэвэр тогтоогддог байна.

Үүнээс үзвэл төрийн тусгай албан хаагч нарын ангилалд хуулиар хамааруулсан, нөгөө хараат бус байдал нь өндөр хангагдсан байх ёстой шүүгч нарын тэтгэвэр, тэтгэмжийн болон цалин хөлсний асуудал нь уг ангилалд буй бусад албан хаагчдаас бодит байдал дээр тэнгэр газар шиг ялгаатай буюу шүүгчийн эдийн засгийн хараат бус байдал болох нийгмийн хамгааллын асуудал нь холбогдох бусад хуулиудаар маш муу буюу эрх зүйн байдлыг нь дордуулсан зохицуулалттай байна.

Өөрөөр хэлбэл шүүгч бусад албан хаагч, ажилтнаас ялгаатай илүү хатуу ёс зүйн кодтой байдгийнх нь хувьд төрөөс өгч буй цалин хөлс, олгож буй тэтгэвэр тэтгэмж нь энэхүү  өвөрмөц төрлийн ажил үүргийг гүйцэтгэхдээ хязгаарлагдаж байгаа буюу байсан хатуу хүрээ хязгаарыг нэг талаас нөхөн олгох хэлбэрийг агуулж байхын зэрэгцээ нөгөө талаас ажиллаж байх үеийн цалин хөлс нь эдийн засгийн хараат бус байдлыг нь бүрэн хангасан байх ёстой.

Тухайлбал, эрдмийн зэрэг цолтой эсхүл багшлах боломжтой шүүгч нар их дээд сургуулиудад  болон гадаад дотоодод төлбөртэй лекц илтгэл тавих,  эрх зүйн шинжлэх ухааны тайлбар, ном сэтгүүл гаргах,  эрх зүйн холбогдолтой судалгаа шинжилгээ хийж орлого олох зэрэг оюуны өндөр потенциал нь ажлын ачаалал, ёс зүйн дүрэм, Шүүхийн тухай хууль, шүүгчийн тангаргаар нь хязгаарлагдаж байдгийнх нь хувьд түүний авч буй цалин, тэтгэвэрт гарсан хойноо авах тэтгэвэр тэтгэмж нь хараат бус байдлыг нь бүрэн хангасан нөхөн олговрын шинжийг давхар агуулж байх учиртай.

Шүүгчээр насан турш ажилласан хүн тэтгэвэрт гарсан хойноо өмгөөлөгч, төлөөлөгчөөр ажиллах нь зохимжгүй гэдэгтэй санал нэг байна. Учир юун гэвээс Улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргаж шүүгчийн албан тушаалд ажиллаж байсан хүний хувьд өмнө нь хэрэг маргааныг нь шийдвэрлэж байсан иргэн, төр, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалж, эсхүл бусад хуульч нартайгаа мэтгэлцэж, шүүхийн өмнө очих нь ёс зүйн болоод ёс суртахууны хувьд тийм ч зөвшөөрөгдөхөөр хэм хэмжээ биш юм. Шүүгч гэдэг хүн бол насан туршдаа л шүүгч байх ёстой.

Шүүгч нарын тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг бүрэн хангалттай шийдвэрлэх нь түүний ажиллаж байх үеийн хараат бус байдалтай ч шууд холбогдоно. Шүүгчээр ажиллаж байхдаа хэрэг маргааныг нь шийдвэрлэж байсан иргэн, хуулийн этгээд, албан тушаалтныхаа өмгөөлөгч, хуулийн зөвлөх нь болчихсон шүүхээр явж байдаг ахмад шүүгч нараа харахад, тэдгээрийн хараат бус байдал нь насан туршид нь үргэлжлэх ёстой чухал асуудал болох нь мэдрэгддэг бөгөөд шүүгчдийн тэтгэвэр тэтгэмж ямар хэмжээнд тогтоогддог болох нь энэ байдлаас  ч харагдана.

Иймд шүүгчийн  хараат бус бие даасан байдлыг насан туршид нь хамгаалан хуульчлах шаардлагатай бөгөөд шүүгч нарын тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нөхөн олговор хэлбэрээр шүүгч нарын тэтгэвэр тэтгэмжийг авч байсан дундаж цалингийнх нь хэмжээгээр тогтоовол, тэтгэвэрт гарсан ахмад шүүгч нар өмгөөлөгч, төлөөлөгч хийж шүүхээр явах,  тэтгэвэрт гарах  насны дээд хязгаар хүртэл ажиллах  шаардлага тэдэнд үүсэхгүй бөгөөд хуулинд ч тэднийг тэтгэвэрт гарсны дараа өмгөөлөгчөөр ажиллахыг хориглох шаардлагагүй юм.

Шүүгч нар ажиллаж байх хугацаандаа хангалттай хүрэлцэхүйц хэмжээний цалин хөлстэй, тэтгэвэрт гараад ч энэ нь баталгаатай, хангалттай хэмжээтэй байдаг бол заавал тэтгэвэрт гарах насны дээд хязгаар хүртэл ажиллах гэж энэ хүнд хэцүү, хариуцлагатай, оюуны өндөр ачаалалтай ажилтайгаа зууралдаж суух шаардлагагүй.

Тэгээд ч шүүгч нар  өнөөдрийн амьдрал дээр нийгмийн амьдралаас тасарч өөрийгөө бусдаас тусгаарласан, найз нөхөд, анги хамт олон, ах дүүсээсээ зай барьсан, өөр ажил эрхлэхийг хуулиар хатуу хориглох зэрэг ёс зүйн хатуу шаардлага нь  хувийн амьдралаар нь дамжин эхнэр нөхөр, үр хүүхдүүд эцэг эхийнх нь  амьдрал хүртэл хараат бус байдалд  нь хамаардаг өвөрмөц төрлийн ажил албан тушаалыг эрхэлж байна.

Цэрэг, цагдаагийн газрын байгууллагын албан хаагчид тэтгэвэрт гарсан хойноо авч байсан цалин орлогоосоо дутахгүй тэтгэвэр авдаг байхад шүүгч нар авч байсан цалингаасаа бага тэтгэвэртэй, тэр бүү хэл шүүгч байхдаа авсан ипотекийн зээлээ ч төлж дуусалгүй тэтгэвэртээ гарч, түүнийгээ төлөх гэхээр тэтгэвэр нь хүрэлцэхгүй, үр хүүхдүүддээ ч дэмжлэг туслалцаа үзүүлж, өөрийнхөө эрүүл мэнд, санхүүгийн асуудлаа шийдэж хүн ёсны амьдарлаар амьдарч чадахгүй, санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй насыг элээдэг гашуун үнэн байгаа нь нууц бишээ.

Энэхүү  оюуны өндөр ачаалалтай, хариуцлагатай, өвөрмөц төрлийн ажил хөдөлмөрийг эрхэлж буй шүүгч гэдэг албан тушаалтны олон эрхүүдийг хязгаарласны хувьд авч буй цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нь уг хязгаарлалтуудыг нөхөхүйц, хараат бус байдлыг нь бүрэн хангаж хүрэлцэхүйц, мөн өөрийнх нь асран хамгаалалтанд байдаг этгээдүүдийнх нь хэмжээнд хангалттай байхаар шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлүүд, тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг зохицуулан хуульчлах шаардлагатай гэж үзэж байгаа юм.

-Иймд шүүгчийн тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг Шүүхийн тухай хуулиар зохицуулсан хуулийн төслийн 49.7, 47.2 дахь тэтгэврийн талаарх болон цалин хөлсийг зохицуулсан заалтуудыг дараах байдлаар томьёолох саналыг оруулж байна.

-“Шүүгчээр ажиллах насны дээд хязгаарт хүрсэн эсхүл өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарах болзол, журам /4 хүүхэд төрүүлсэн 50 нас хүрсэн эмэгтэй, шүүгчээр 25 жил ажилласан эрэгтэй эмэгтэй,   55 насанд хүрсэн эмэгтэй, 60 насанд хүрсэн эрэгтэй  тэтгэвэрт гарахыг өөрөө сайн дураар хүссэн бол/-ыг хангасан нөхцөлд түүний авч байсан сарын дундаж цалин орлогын хэмжээгээр тэтгэврийн хэмжээг нь тогтооно.”

-“Шүүгчийг тэтгэвэрт гарахад түүний  авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр,  36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно.”

-“Шүүгчийн цалин хөлс нь үндсэн цалин болон нэмэгдлүүдээс бүрдэнэ. Шүүгчийн үндсэн цалингийн хэмжээг эдийн засгийн хараат бус байдлыг нь хангаж хүрэлцэхүйц хэмжээгээр тогтоож, 3 жил тутам мөнгөний ханшны өөрчлөлт болон өргөн хэрэглээний барааны үнэ ханштай уялдуулан нэмэгдүүлэн тогтооно. Шүүгчийн цалингийн нэмэгдэл нь албан ажлын онцгой нөхцлийн, шүүгчээр болон төрийн албанд ажилласан хугацааны, шүүгчийн зэрэг дэвийн, докторын гэх зэрэг нэмэгдлүүдээс бүрдэнэ.”

-“УИХ-аар Шүүгчийн цалин хөлс, нийгмийн хамгаалал, аюулгүй байдлын асуудлыг  хаалттай хэлэлцэж, албаны нууцад хамааруулна” гэсэн заалтуудыг оруулах саналтай байна.

-Мөн шүүгчээр ажиллах бүхий л хугацааны турш эрхийн тодорхой хүрээ, хязгаарын дотор шүүгчийн цалин хөлснөөс өөр орлогогүй ажиллаж амьдарч ирсэн шүүгч нарыг өндөр насны тэтгэвэртээ гарах үед нь авч байсан цалингийнх нь хэмжээгээр тэтгэвэрт нь гаргадаг бусад  улс орны сайн туршлагыг авах саналтай байна.

-Монгол Улсын шүүхийн шүүгчийн эрх зүйн байдлын асуудлыг Төрийн албаны хуулиар бус  зөвхөн  Шүүхийн тухай хуулиар л тогтоох шаардлагатай бөгөөд, цалингийн бүтэц, бүрэлдэхүүн, өндөр насны тэтгэврийн хэмжээ зэргийг Шүүхийн тухай хуулиар нэг мөр тогтоож холбогдох бусад хуульд нь өөрчлөлтийг давхар тусгах нь зүйтэй гэсэн саналтай байна.

                Монгол улс бие даасан, хараат бус, шударга шүүхтэй болсны   үр дагаврыг Монголын  ард түмэн иргэд л эдэлнэ. Үүний тулд Монгол Улсын шүүх,  шүүгчийн эрх зүйн байдал  нь маш сайн хамгаалагдсан бие даасан шүүхтэй, хараат бус шүүгчтэй байх учиртай.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны

Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч  шүүгч Ц.Алтанцэцэг

Сэтгэгдэл бичих

/Шүүхийн тухай хуульд шүүгчийн цалин