70114100

99081135

94719111

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН АЧААЛАЛ БОЛОН СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДЛААР КАНАДЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ САНАЛ СОЛИЛЦОВ

Өнөөдөр (2026.05.07) Канад Улсын Дээд шатны шүүхийн шүүгчдийн холбооны төлөөлөгчид болох Ньюфаундленд, Лабрадор мужийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч Кэтрин О’Брайен, тус холбооны гүйцэтгэх захирал Стефани Локхарт нар Монгол Улсын зарим шатны шүүхүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

Зочид Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд зочилж, шүүгчдийн ажлын орчин, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцсон юм.

      Уулзалтаар хөндөгдсөн асуудлууд: Анхан шатны шүүхүүдийн шүүгчдийн ажлын ачаалал шүүмжлэлтэй түвшинд хүрснийг онцлов. Энэхүү хэт ачаалал нь шүүгчдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй, шүүхийн шийдвэрийн чанар болон иргэдэд үзүүлэх үйлчилгээний шуурхай байдалд эрсдэл учруулж байгааг тэмдэглэлээ. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч болон бусад шүүгчидтэй хийсэн уулзалтын үеэр техникийн шинжтэй ажлыг хөнгөвчлөх зорилгоор шүүгчийн туслахуудын орон тоог нэмэгдүүлэх шаардлагатайг дурдав. Шүүгчдийн холбооны дэргэдэх Ёс зүйн зөвлөх хорооны үйл ажиллагааг эрчимжүүлэх, Шүүхийн академиар дамжуулан гадаадын экспертүүдтэй хамтран сэтгэл зүйн сургалт зохион байгуулах, Канад Улстай туршлага солилцох хөтөлбөрийг тогтмолжуулах саналуудыг тавилаа.

Шүүгч Кэтрин О’Брайен шүүгчдийн ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулах нь иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах үндэс болохыг онцолсон юм. Тэрээр эдгээр бодлогын чанартай асуудлуудыг шийдвэр гаргах дээд түвшинд хүргэхийн тулд хуулийн байгууллагууд нэгдсэн байр суурьтай ажиллах нь үр дүнтэйг зөвлөв.

 Үдээс хойш төлөөлөгчид УДШ-ийн байранд  шүүгчдийн төлөөлөлтэй уулзаж, ажил мэргэжлийн хүрээнд тулгамдаж буй асуудлууд, Монголын Шүүгчдийн холбооны үйл ажиллагааны талаар дэлгэрүүлэн асуулт асууж харилцан ярилцаж, туршлагаа хуваалцлаа.

 

ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА

МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН АЧААЛАЛ БОЛОН СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДЛААР КАНАДЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ САНАЛ СОЛИЛЦОВ