Монголын шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2024 оны 11-р сарын 01-ний өдрийн хуралдаанаар хэлэлцсэний дагуу холбооны Тэргүүнийг нөхөн сонгохоор шийдвэрлэсэн бөгөөд Холбооны дүрмийн 8.3, 10.3.7-д зааснаар Салбар хороо нь гишүүдээсээ, холбооны гишүүн бүр өөрийн болон бусад шүүгчийн нэрийг дэвшүүлэх эрхтэй.
Монголын Шүүгчдийн Холбооны Тэргүүний нөхөн сонгуульд гишүүн шүүгчдийн саналаар нэр дэвшигдсэн УДШ-ийн Захиргааны хэргийн танхимийн шүүгч Д.Батбаатар, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч нарын танилцуулгыг нийт шүүгчдэд цахим хуудсаар танилцуулсан байна.
МШХ-ны Удирдах зөвлөлийн 2024 оны 11-р сарын 20-ны өдрийн хурлаар “Монголын Шүүгчдийн Холбооны Тэргүүнийг сонгох нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийг 06 тоот тогтоолоор баталсан байна. Ажлын хэсэг Шүүгчдийн холбооны Тэргүүний нөхөн сонгуульд нэр дэвшигчдэд шүүгч-гишүүдээс ирүүлсэн саналыг тоолж, Тооллогын комиссын Тогтоолыг Удирдах зөвлөлд 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүргүүлжээ.
Монголын Шүүгчдийн холбооны Тэргүүний нөхөн сонгуульд нийт 468 шүүгч-гишүүд саналаа ирүүлснээс нэр дэвшигч шүүгч Д.Батбаатар 280 санал, нэр дэвшигч шүүгч Ц.Оч 175 санал, хүчингүй 13 санал тус тус тоологдсон байна.
Удирдах зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар тооллогын комиссын Тогтоолыг хүлээн авч, Монголын Шүүгчдийн Холбооны Тэргүүнд нэр дэвшигдсэн Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимийн шүүгч Д.Батбаатарыг тус холбооны Тэргүүнээр сонгогдсоныг баталгаажуулав.