70114100

92114100

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

Монголын шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн сүүлийн 3 жилийн хийсэн ажлын товч тайлан

2020-02-05                                                                                                                                     Улаанбаатар хот

Тус холбооны бүх гишүүдийн Их хурлаар 2013 онд батлагдсан дүрэмд заасны дагуу Холбооны тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүд Их хурлын чөлөөт цагт 3 жилийн хугацаагаар ажилладаг тул 2017 оны 03 дугаар сард Шүүгчдийн холбооны удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, тэргүүнийг сонгох гишүүдийн санал хураалтыг www.judge.mn сайтаар дамжуулан цахим хэлбэрээр зохион байгуулан явуулсан бөгөөд Холбооны тэргүүнээр Х.Батсүрэн, гишүүнээр Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав, Ц.Ичинхорлоо, Баян-Өлгий аймгийн давж заалдах шатны шүүгч Д.Мөнхөө, анхан шатны шүүхээс Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга, Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа, Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Ганчимэг, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд нарын 9 шүүгч-гишүүд олонхийн саналаар сонгогдож, зохих журмаар баталгаажигдан 2017-2019 онд буюу 3 жилийн хугацаанд ажиллалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 74 дүгээр зарлигаар Холбооны тэргүүн Х.Батсүрэн Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдсонтой холбогдуулан өөрийнх нь саналыг үндэслэн Удирдах зөвлөлийн гишүүдийн 2019 оны 5 дугаар сарын хуралдаанаар хэлэлцээд Тэргүүний сонгуульт ажлаас нь чөлөөлж, түр орлон гүйцэтгэгчээр Удирдах зөвлөлийн гишүүн-шүүгч Ч.Цэнд томилогдон Тэргүүний үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд ээлжит сонгууль явагдах болсон учир өнгөрсөн 3 жилийн хугацаанд хийсэн ажлыг бүх гишүүдэд тайлагнаж байна.

Нэг. Удирдлага, зохион байгуулалтын талаар:

Монголын шүүгчдийн холбоо нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, бэхжүүлэхтэй холбогдсон хууль тогтоомжийг биелүүлэн, шүүгчдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, шүүгч-гишүүдийнхээ мэргэжил, мэдлэг, шүүн таслах ажиллагааны чанар, хууль хэрэглэх ур чадвар, ёс зүйг дээшлүүлэхэд Олон Улсын Шүүгчдийн холбоотой байнга холбоотой байж, үйл ажиллагаа явуулж ирлээ. Жил бүр хийх ажлын чиглэл гарган төлөвлөгөөтэй ажиллаж, хийсэн ажлынхаа талаарх мэдээллийг вэб сайтаар тогтмол мэдээлж ажилласан. Удирдах зөвлөлийн хуралдааныг 2019 онд 5 удаа /3-ыг нь цахим хэлбэрээр, 2-ыг нь гишүүдийн бүрэлдэхүүнтэй/ хийж зохих шийдвэр гаргаж ажиллав.

Одоогийн байдлаар 114 шүүхэд ажиллаж байгаа 504 шүүгч-гишүүд бүртгэгдэж, 49 салбар хороодод харьяалагдан, Салбар хороо үйл ажиллагаа явуулж, хийсэн ажлынхаа тайлан, мэдээг хагас, бүтэн жилээр ирүүлж байна.

Холбооны удирдах зөвлөлийн гишүүд, тэргүүн шинээр сонгогдсонтой холбогдуулан Улсын бүртгэлийн газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдох материалыг шинэчлэн бүрдүүлж, холбооны улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт хийлгэж, гэрчилгээг шинээр авсан. Мөн Татварын ерөнхий газарт албан ёсоор бүртгүүлж, санхүү, үйл ажиллагааныхаа тайлан, балансыг хагас, бүтэн жилээр тогтмол өгч ажиллав.

Шүүгчдийн холбооны хагас, бүтэн жилд хийгдсэн ажил болон цаг үеийн асуудлаар Олон Улсын Шүүгчдийн холбоонд жинхэнэ гишүүнийхээ хувьд тогтмол мэдээлэл өгч, зарим тодорхой асуудлаар танилцуулга-мэдээлэл хүргүүлсэн бөгөөд Олон Улсын Шүүгчдийн холбооноос 2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүдэд хандаж, Олон Улсын хэмжээнд шүүх, шүүгч хараат бус, бие даасан байдлаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх талаар хийгдэж буй ажил, цаашид ажиллах асуудлаар зөвлөмж-мэдээлэл ирүүлсэн. Тайлангийн хугацаанд “Шударга ёсны хэмжүүр” сэтгүүл 5 удаа гарч, нийт гишүүдэд хүргүүлснээс гадна уг сэтгүүлд болон веб сайтаар удирдах зөвлөлийн гишүүд, ажлын албаны бүрэлдэхүүн, нийт шүүгч-гишүүдийн дунд хийгдсэн зарим тодорхой ажлын талаар мэдээлэл гарган, бүх гишүүдэд хүргүүлсэн.

Шүүгч-гишүүдийнхээ саналыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сард Монголын шүүгчдийн холбооны тэргүүн Х.Батсүрэн, Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, нийт шүүгч, шүүхийн ажилтан, гэр бүлийн гишүүдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, (элэг, цөс, нойр булчирхай, дэлүү, бөөр, түрүү булчирхай, умайн дайвар, давсагны эхо, уушгины рентген, эсийн шинжилгээ, ходоод, улаан хоолойн дуран, толгой хүзүүний байрлалын хавдар илрүүлэгэ, хөхний үзлэг, зүрхний бичлэг, эмэгтэйчүүд, дотор зүрх судасны эмчийн үзлэгт) шинжилгээнд хамруулах ажлыг салбар хороодын тэргүүн нарын оролцоотойгоор зохион байгуулж, гишүүдийн орон нутгаас ирэх тээврийн зардал, үзлэг, шинжилгээний төлбөрт тус холбооноос 4.360.000 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн нь ач холбогдолтой ажлын нэг боллоо. Энэ арга  хэмжээнд эрэгтэй, эмэгтэй шүүгч-гишүүд 198, захиргааны ажилтан, гэр бүлийн гишүүд нийт 66 хамрагдсан бөгөөд үзлэг, шинжилгээгээр илэрсэн хавдрын урьдал өвчин, хоргүй хавдар … зэргийг зөвхөн холбогдох хүмүүст нь тусгайлан мэдэгдэж, давтан шинжилгээ, эмчилгээ хийлгэх арга хэмжээг зохион байгуулсан. Тус арга хэмжээнд Монголын шүүгч эмэгтэйчүүдийн холбоо оролцож 900.000 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн болно. Шүүгчдийн холбооноос зохион байгуулсан энэ ажилд Улсын Дээд шүүх, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүх, Хэнтий, Ховд, Сэлэнгэ, Сүхбаатар, Өвөрхангай, Завхан, Дундговь, Дорноговь, Говь-Алтай, Баянхонгор, Баян-Өлгий аймаг, Булган сум дахь сум дундын шүүх,  шүүхийн салбар хорооны тэргүүн, Тамгын газрын дарга нар идэвхтэй оролцож, ажилласныг тэмдэглэж байна. Мөн энэ ажлыг зохион байгуулахад Удирдах зөвлөлийн гишүүн-шүүгч Ч.Цэнд, холбооны нягтлан бодогч Х.Бадамжаргал, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр нар сайн ажилласан.

2019 онд Шүүх, шүүгчдийн хараат бус, бие даасан байдалд нөлөөлж … улс төрийн зарим албан тушаалтнууд болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр хууль бус үйл ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан Монголын шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн хурлаар хэлэлцээд холбооны байр суурийг илэрхийлсэн “Шаардлага”-ыг гаргаж “Өдрийн сонин”-д (1.600.000 төгрөг төлж) хэвлүүлэн, (вейб сайтад 2019 оны 3 дугаар сарын 13-нд тавигдсан) улмаар Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хүргүүлэх, мөн зарим шүүгчдийн эрхийг түдгэлзүүлсэн асуудлаар Ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурор, Авилгатай тэмцэх газрын удирдлагуудад албан бичиг, шаардлага хүргүүлж ажилласан. 

Хоёр. Гадаад арга хэмжээтэй холбогдсон ажлын талаар:

Монголын шүүгчдийн холбоо нь 2012 оны 11 дүгээр сарын 14-нд болсон Олон Улсын шүүгчдийн холбооны 55 дугаар хуралдаанд Холбооны тэргүүн Б.Батцэрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцож, Олон Улсын шүүгчдийн холбооны жинхэнэ гишүүнээр элссэнээс хойш жил бүр гишүүнийхээ татварыг (352 евро буюу тухайн үеийн ханшаар бодож төгрөгөөр) хугацаанд нь тушааж, хийсэн ажлынхаа тайлан болон шүүгчдийн цалин хангамж, ажиллах нөхцлийн талаар (англи хэл дээр орчуулан) тогтмол мэдээлэл хүргүүлж, холбоотой ажиллаж байна. Энэ ажилд Холбооны гадаад харилцаа хариуцсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч-гишүүн Ц.Цогт, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч-гишүүн Ц.Мөнх-Эрдэнэ нар идэвхтэй оролцон, сайн ажиллаж байна. Тухайлбал:

1.2017 онд Монгол Улсын Их хурлын чуулганаар 2018 оны төсөв хэлэлцэх явцад шүүгчдийн цалин бууруулах тухай асуудал хөндөгдсөнтэй холбогдуулан Шүүгчдийн холбооны удирдах зөвлөлөөс явуулсан мэдээллийг хүлээн авсан Олон Улсын Шүүгчдийн холбооноос: “… Шүүгчдийн цалин, хангамж, ажиллах нөхцлийг бууруулах талаар төсөл-санал гарч байгаад харамсаж байгаагаа илэрхийлж, энэ нь ардчилсан үндсэн хуульт оронд байж боломгүй муу жишиг болохыг тэмдэглэн, бусад хөгжиж байгаа орны шүүхийн төсөв, шүүгчдийн цалин, хангамжийн талаар танилцуулга, мэдээллийг Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч нарт ирүүлсэн нь чухал арга хэмжээ болж, үр дүнгээ өгсөн билээ.

2. 2018 онд Франц Улсын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид Монголд Улсад айлчлан ирэхэд Шүүгчдийн холбооны тэргүүн Х.Батсүрэн хүлээн авч, 2 орны шүүгчдийн холбооны үйл ажиллагааны талаар санал солилцож, улмаар тус улсад болох Олон Улсын шүүгчдийн хувцас, хэрэглэлийн үзэсгэлэнд “Монголын шүүгчдийн нөмрөг”-ийг оролцуулахаар хүргүүлсэн. Мөн НҮБ-ын эрүүл, аюулгүй, цэвэр орчинд амьдрах эрхийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч-илтгэгч Жонн Кнокс тэргүүтэй төлөөлөгчдийг холбооны удирдлага хүлээн авч, ажил төрлийн санал солилцсон байна.

3. Марокко Улсын Марракеш хотод 2018 оны 5 дугаар сард зохион байгуулагдсан Олон Улсын Шүүгчдийн холбооны Ази, Хойд Америк, Далайн орнуудын шүүгчдийн бүсийн уулзалтад Монголын Шүүгчдийн холбооны гишүүн-шүүгч Ц.Цогт оролцсон бөгөөд тэрээр Олон Улсын Шүүгчдийн холбооны 4 судалгааны комиссын 1 дүгээр комиссын хуралдаанд оролцож Монголын шүүхийн байгууллага, шүүгчдийн ажиллах нөхцөл байдлыг танилцуулан, тус комиссоос гарсан дүгнэлт, зөвлөмжид санал өгсөн байна. Тус хуралд илтгэл тавих, санал, судалгаа гаргахаар Монголын Шүүгчдийн холбоог төлөөлөн тусгай төлөөлөгчөөр оролцсоны хувьд нэг талын зардалд 1.156.950 төгрөгийн зардал гаргасан болно.

4. Бүгд Найрамдах Казакстан улсын Астана хотод 2019 оны 9 дүгээр сарын 14-нөөс 20-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Олон Улсын Шүүгчдийн холбооны 62 дугаар хуралдаан, Ази, Номхон далай, Хойд Америкийн (АНДХА) орнуудын шүүгчдийн бүсийн хуралдаанд /уг бүсд Монголын Шүүгчдийн холбоо багтдаг/ холбоог төлөөлж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч Ц.Цогт, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцлоо. Олон Улсын Шүүгчдийн холбооны хурлын талаарх мэдээлэл болон Олон Улсын Шүүгчдийн холбооноос гаргасан “Social media and judge” судалгааны Комиссын дүгнэлт, санал (2019)-ыг холбооны веб сайтад тавьсан. Тус хуралд оролцсон 2 төлөөлөгчийн зардлаас Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 5.000.000 төгрөг гаргаж, бусад зардал үйлчилгээний асуудлыг БНКУ-д Монгол Улсаас суугаа элчин сайдын яам хариуцахаар Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж болон ЭСЯ-ны зөвлөх Ч.Амарболд нартай Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч-холбооны удирдах зөвлөлийн гишүүн Х.Батсүрэн санал солилцож харилцан тохиролцсон. Шүүгчдийн холбооноос ямар нэг зардал гараагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч нарын санаачилсан “Шүүхийн стресс, шүүгч ба нийгмийн сүлжээ” сэдэвт чөлөөт уулзалт-ярилцлагыг Шүүгчдийн холбоо хамтран зохион байгуулсан. Уг уулзалт ярилцлагад шүүгч-гишүүн Ц.Цогт, Ц.Мөнх-Эрдэнэ нар Олон Улсын Шүүгчдийн холбооны хуралд оролцсон тухай товч мэдээлэл хийж, илтгэл тавьснаас гадна Нийслэл дүүргийн болон Захиргааны хэргийн шүүгч нар идэвхитэй оролцлоо.

5.“Олон Улсын Шүүгчдийн нийтлэг дүрэм”-ийг орчуулж Шударга ёсны хэмжүүр сэтгүүлийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дугаарт нийтлүүлсэн.

Гурав. Санхүүгийн үйл ажиллагааны талаар:

Шүүгчдийн холбоо нь иргэд, байгууллагын хандив, гишүүдийн татвараар санхүүжиж байхаар  дүрмээр зөвшөөрөгдсөн боловч иргэд, байгууллагаас ямар нэг хандив авахгүйгээр зөвхөн гишүүдээс сар бүр хураалгадаг 6000 төгрөгөөс 1000 төгрөгийг тухайн салбар хуримтлалд үлдээж, үлдэх 5000*12=60000 төгрөгийг Голомт банкны 1102099071 тоот холбооны дансанд төвлөрүүлэн, энэ фондыг зөвхөн гишүүдэд өөрт нь зориулах гол чиглэлийг урьдын адил баримталж ирлээ. 2013 онд 4.4 сая, 2014 онд 13.7 сая, 2015 онд 24.3 сая, 2016 онд 31.9 сая, 2017 онд 49.5 сая төгрөгийн үлдэгдэлтэй байж, үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд 2018 онд 57.5 сая төгрөгийн үлдэгдэлтэй байснаас 2019 онд  зохих зарлагыг (зарцуулалтын арга хэмжээг) Удирдах зөвлөлийн гишүүдийн шийдвэрийг үндэслэн Тэргүүний захирамжаар зарцуулж, хагас, бүтэн жилийн тайлан гарган татварын байгууллагад мэдээлж, жил бүрийн эцэст нийт гишүүддээ хуримтлалыг хэрхэн зарцуулсан талаарх дэлгэрэнгүй мэдээллийг жилийн ажлын тайланд тусган мэдээлж ажилласан.

Удирдах зөвлөлийн дээрх санхүүгийн үйл ажиллагаанд Холбооны Санхүүгийн хяналтын зөвлөл шалгалт хийж, дүнг Ерөнхий шүүгч нарын зөвлөгөөнд танилцуулж байсан болно.

Удирдах зөвлөлийн хуралдаанаар тэргүүний ажиллагаатай гэх 3 салбарыг жил бүр байр эзлүүлэн шагнах, шүүхэд олон жил ажилласан 1-3 шүүгч-гишүүдийг жил бүр “Оргил” рашаан сувилалд амруулж, амралтын болон унааны зардлыг нь Шүүгчдийн холбоо хариуцдаг байсныг хэлэлцээд, цаашид хуримтлалыг бүх салбар хороо, гишүүдэд хүртээмжтэй, үр ашигтай, тэдгээрийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, салбар хороодын хуримтлалыг арвижуулах, хамт олныхоо дунд өөрсдөө тодорхой ажил зохиохыг дэмжих нь зүйтэй” гэсэн шийдвэр гаргаж ажилласан. 2003-2016 онд 340 шүүгч-гишүүдийг амруулж, энэ хугацаанд тэргүүн байр эзэлсэн гэж 43 салбар хороодыг шагнаж байсныг өөрчлөн, 2016 онд гишүүдийн тоо, татвар хураалгасан байдал, хамт олны дунд зохиосон ажил… зэргийг харгалзан 49 салбар хороодод 100.000-300.000 төгрөг, бүгд 8.400.000 төгрөгийг, 2017 онд бүх салбар хороодод 300.000-400.000 төгрөг, бүгд 16.900.000 төгрөгийг тус тус олгож, 2018 оны ажлын үзүүлэлтээр Улсын Дээд шүүх, Нийслэл, Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Сүхбаатар, Увс, Ховд, Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэг, (иргэн) Багануур дүүргийн дэргэдэх 13 салбар хороог 1.300.000 төгрөгөөр шагнасан.

Түүнчлэн 2019 онд Олон Улсын Шүүгчдийн холбооны татварт 352 евро буюу 1.131.408 төгрөг, “Шударга ёсны хэмжүүр” сэтгүүл хэвлүүлсний зардалд 2.340.000 төгрөг, домэйн нэрийн үйлчилгээнд 88.000 төгрөг, Шүүх, шүүгчдийн бие даасан, хараат бус нөхцөлд үйл ажиллагаа явуулахад нөлөөлж буй хууль бус ажиллагааг таслан зогсооход чиглэгдсэн “Шаардлага”-ыг Өдрийн мэдээ сонинд хэвлүүлэхэд 1.600.000 төгрөг, сэтгүүлийн редакцийн хөлс-250.000 төгрөг олгож, Олон Улсын Шүүгчдийн холбооны хуралд оролцсон төлөөлөгчдийг шүүгч-гишүүдтэй уулзах, ярилцлага… зохион байгуулахад 423.620 төгрөг зарцуулсан, Холбооны тэргүүн Х.Батсүрэн Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч болоход нийт гишүүдийн нэрийн өмнөөс 365.000 төгрөгийн үнэ бүхий дурсгалын зүйл олгох, тэтгэвэрт гарсан 12 шүүгч-гишүүдэд  тус бүр дурсамж, тус бүр 100.000 төгрөг олгоход 1.662.000 төгрөгийг, мөн нас барсан шүүгчийн ар гэрт болон эрүүл мэндийн хувьд удаан хугацаагаар эмчилгээ хийлгэсэн 6 шүүгчид 800.000 төгрөгийг нийт гишүүдийн нэрийн өмнөөс олгосон, холбооны ажлын албаны үйл ажиллагааны зардал, цалинд 1.410.000 төгрөгийг… тус тус зарцуулж, 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар фондод 62.102.328 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Дөрөв. Дүгнэлт цаашид анхаарч ажиллах талаар:

Монголын Шүүгчдийн холбоо нь сайн дурын үндсэн дээр… тодорхой зорилгоор байгуулагдсан төрийн бус байгууллага бөгөөд Монголын шүүгч нар сайн дурын үндсэн дээр нэгдэж өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах, эрхэлсэн албаа шударгаар гүйцэтгэж, улмаар Монголын Шүүхийн байгууллага хуулиар хүлээсэн үүрэг-зорилтоо нэр төртэй биелүүлэхэд нь үйл ажиллагаагаараа чухал үүрэг хүлээж, өндөр нэр хүндтэй албан тушаалд томилогдсон шүүгчийн хувьд хамт олны дотор үлгэрлэх шаардлагатай… болохыг 2015 онд болсон Монголын Бүх шүүгчдийн Их хурлаас онцлон тэмдэглэж, Монголын шүүгчдийн холбоо гэх төрийн бус байгууллагын дүрмийг баталж, гишүүдийн татварыг сар бүр 6000 төгрөг байхаар тогтоож, зохион байгуулалт үйл ажиллагааны журмыг баталсан билээ. Урьд энэ байгууллага нь хэсэг шүүгчдийн саналаар 1995 оны 02 дугаар сарын 21-ний өдөр анх үүсгэн байгуулагдаж, 2006 онд Монголын шүүгчдийн зөвлөгөөнөөс Холбоо байгуулан бэхжүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлт хийж, дүрэм батлагдаж, Ерөнхий шүүгч нар зөвлөгөөнөөс удирдах зөвлөлийг 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр сонгож, анхны тэргүүнээр шүүгч О.Зандрааг сонгож байжээ. (Гишүүд холбооныхоо үүсэл, өнөөдрийг хүртэлх хугацаанд ажиллаж ирсэн нөхцөл байдлыг мэдэж байх нь зүйтэй гэж үзээд энэ талаар товч дурдаж байна.)

Жил бүрийн тайлан, удирдах зөвлөлөөс хийсэн ажлын үр дүн, гишүүдээс холбооныхоо ажилд оролцож байгаа идэвх, санаачилгын байдал… зэрэгт үндэслэн дүгнэлт хийхэд:

2014 онд сонгогдсон Холбооны Удирдах зөвлөлийн гишүүд үндсэн ажлынхаа зэрэгцээгээр санаачлага гаргаж идэвхтэй ажилласны дүнд Монголын Шүүгчдийн холбооны дүрэмд заасан ажил, үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэж байна.

Салбар хороодын тэргүүн нарын 70 гаруй хувь нь шүүхийнхээ Ерөнхий шүүгч, Тамгын газар-хэлтсийн дарга нараас дэмжлэг авч хамт олныхоо хүрээнд тодорхой ажлыг санаачлан сайн зохион байгуулж, хийсэн ажлаа хагас, бүтэн жилээр Монголын Шүүгчдийн холбооны удирдлагад тайлагнаж байсныг сайшаан тэмдэглэж байна. Тухайлбал: Улсын Дээд шүүх, Говь-Алтай, Дархан, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Хөвсгөл, Сүхбаатар, Увс, Ховд, Хэнтий аймаг, Багануур, Баянгол дүүрэг (эрүү), Чингэлтэй дүүрэг (иргэн), Сүхбаатар дүүрэг (эрүү), Сонгинохайрхан дүүрэг (эрүү), Тосонцэнгэл, Мандал, Булган сум дахь шүүхийн салбар хороо татвараа тогтмол хурааж, хийсэн ажлын тайланг хугацаанд нь ирүүлж хэвшжээ.

Монголын Шүүгчдийн холбоо, салбар хороо бүр энэ жилийн хувьд Шүүхийн зохион байгуулалт, шүүн таслах үйл ажиллагаа болон шүүгчийн эрх зүйн байдалтай холбоотой асуудлаар Шүүхийн багц хуулинд өөрчлөлт оруулахаар тусгайлан Ажлын хэсэг байгуулагдан хуулийн төсөл, хэлэлцүүлэг явагдаж байгаа тул энэ ажилд шүүгч-гишүүн нэг бүр идэвхи санаачлагатай оролцож, саналаа Шүүхийн Ерөнхий зөвлөл, Улсын Дээд шүүх, хууль батлах эрх бүхий байгууллагад хүргүүлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна.

Цаашид Удирдах зөвлөл нь гишүүдийн татварыг хүн нэг бүрээр тооцож, фондыг бүрэн төвлөрүүлэх, холбооны нэрэмжит шагнал бий болгох, сайн ажиллаж байгаа шүүгч-гишүүнийг нь хамт олны саналыг үндэслэн төрийн одон медаль, салбарын шагналд тодорхойлох ажлыг зохион байгуулах, Гадаад болон дотоодын сургалтын үйл ажиллагааг Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран зохион байгуулах, нийт шүүгчдийг төрийн өндөр албан тушаалын ангилалд хамааруулах талаар гишүүдээс гаргасан саналын дагуу холбогдох хууль тогтоомж болон Олон Улсын жишиг ямар байгаа талаар харьцуулсан судалгаа гаргаж, хэлэлцүүлэг хийх ажлыг хийх шаардлагатай байна. Мөн Шударга ёсны хэмжүүр сэтгүүлийг хагас, бүтэн жилээр чанартай тогтмол гаргах, шүүгч-гишүүдийнхээ зөрчигдсөн эрхийг сэргээх, няцаалт өгөхөд чиглэгдсэн арга хэмжээг дорвитой зохион байгуулж үр дүнд хүргэх, салбар хороодын санаачлан хийж байгаа дэвшилттэй ажил, арга барилыг бусдад дэлгэрүүлэх ажил учир дутагдалтай байна. Харин Олон Улсын шүүгчдийн холбоонд танилцуулга хийж, дэмжлэг авах талаар зохих хэмжээний үр дүнтэй байгаа болно.

Олон Улсын Шүүгчдийн холбооноос жил бүр зохион байгуулах хуралдаанд Монголын хуульчдын холбооноос 2-5 хүнийг (зардлыг тухайн орны холбоо өөрөө хариуцаж) оролцуулах урилга ирдэг боловч 1 хүний зардал 5.000.000-7.000.000 төгрөг гарахаар байгаа тул тэр бүр төлөөлөгчөө оролцуулж чадахгүй байгаа тул төлөөлөгчийг тогтмол оролцуулах боломжийг судлах шаардлагатай байна.

Тухайлбал, унааны зардлаа өөрсдөө хариуцвал шүүгч-гишүүд оролцох боломжтой болохыг жил бүр веб сайтад тавьж байлаа. Энэ 2020 оны 05 дугаар сард АНУ-ын Вашингтон хотод болох Олон Улсын Шүүгчдийн Хуралд төлөөлөгч оролцуулах талаар ирүүлсэн мэдээллийг 2020 оны 01 дүгээр сард веб сайтад байршуулсан боловч гишүүдээс санал, хариу ирээгүй байна.

Салбар, хороо, гишүүдийн хувьд: Мэдээллийн технологи өндөр хурдацтай хөгжиж байгаа өнөө үед интернет, веб сайт ашиглах, татварыг сар бүр зохион байгуулалттай хураалгаж, салбар хороо нь Удирдах зөвлөлд гишүүн 1 бүрээр татварын мэдээлэл өгч байх шаардлагатай байна. Хэрэв нэр бүхий гишүүн сар бүр төлөх татвараа /6000 төгрөг/ хураалгах эдийн засгийн хувьд боломжгүй, хамт олныхоо дунд зохиосон ажилд оролцдоггүй гишүүн байгаа бол гишүүнээс нь Удирдах зөвлөл хасаж, энэ талаар мэдээлж байх нь зүйтэй гэж үзэж байна. Шүүгчийн алба хашиж, цалин авч байгаа хугацаанд гишүүнийхээ татварыг өгч байх, хэрэв зайлшгүй онцлох шалтгаан гарвал Удирдах зөвлөлд хүсэлтээ бичгээр гаргаж, татвар төлөх, эсэхийг шийдвэрлэдэг журмыг хэвших нь холбооны фондыг бүрэн төвлөрүүлж, фондын зарцуулалтыг тооцоо, судалгаанд үндэслэн урьдчилан төлөвлөхөд ач холбогдолтой гэж үзэж байна.

Цаашид гишүүдийн татвараас бүрдсэн фондыг зөвхөн хамт олныг хамарсан арга хэмжээ, гишүүдийн  зайлшгүй хэрэгцээт арга хэмжээнд зориулах чиглэл барьж ажиллах, жилийн фондыг үр ашигтай зарцуулсан эсэхэд Хяналтын комисс томилон шалгалт хийлгэж, дүнг гишүүдэд мэдээлж хэвших, салбар хороод нь хуримтлалын фондоо хэрхэн зарцуулсан тайланг шүүхийнхээ хамт олонд заавал мэдэгдэж энэ талаар гишүүдийнхээ саналыг авч тодорхой ажил зохиож ажиллахыг салбар хорооны Тэргүүн нарт анхааруулж, тухайн шүүхийн Ерөнхий шүүгч нар, Тамгын дарга нар дэмжиж, хамтарч ажиллахыг уриалж байна. 

Энэ тайланд дурдсан ажил, дутагдал, санал, цаашид анхаарч ажиллах асуудлаар салбар хороо бүр гишүүдийнхээ хурлаар хэлэлцэн цаашид хийх ажлын тодорхой санал ирүүлэх, нэгэнт гишүүдийн саналаар байгуулагдсан Монголын шүүгчдийн холбооныхоо ажлыг улам сайжруулахад салбар, хороо, гишүүн нэг бүр илүү идэвхи, санаачлагатай ажиллана гэдэгт найдаж байна.

                            ТАЙЛАН ТАВЬСАН:

ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ                М.ДАМИРАНСҮРЭН

Сэтгэгдэл бичих

Монголын шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн сүүлийн 3 жилийн хийсэн ажлын товч тайлан