Монголын Шүүгчдийн холбоо болон АНУ-ын Spurlock Judicial Foundatoin сангийн хамтын ажиллагааны хүрээнд эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн арван шүүгч 2024 оны 09 дүгээр сарын 26-наас 10 дугаар сарын 05-ны өдрүүдэд АНУ-ын Техас мужид зохион байгуулагдсан сургалт, соёлын хөтөлбөрт оролцоод ирлээ.
Spurlock Judicial Foundatoin сангийн төлөөлөгчид шүүгчдийг угтан авсан байна.
Сургалтын эхний өдөр АНУ-ын Техас мужийн Техас A&M University их сургуулийн хуулийн сургуульд зочилж, сургуулийн үйл ажиллагаа, номын сантай танилцаж, cудалгаа хийх арга зүйн талаар, АНУ-ын шүүхийн тогтолцоо, жишиг тогтоосон шүүхийн шийдвэрүүдийг хэрхэн хайж олох зэрэг сэдвээр танилцуулга, илтгэл сонсож, хэлэлцүүлэг өрнүүлжээ.
Сургуулийн номын санд 200 гаруй жилийн өмнөөс өнөөг хүртэлх АНУ-ын Дээд шүүхийн шийдвэрүүд хэвлэмэл байдлаар хадгалагдаж байна.
Номын сангаар оюутнууд болон өмгөөлөгч, прокурор, иргэд үйлчлүүлэх боломжтой бөгөөд ажилтнууд нь судалгааны ажил хэрхэн хийх талаар сургалтыг ордог аж.
Номын санд нэр хүндтэй, туршлагатай ахмад шүүгчдэд зориулсан танхим байх ба гэр бүлийнх нь зүгээс тухайн шүүгчийн нөмрөг, ширээ, сандал, эд зүйлийг байрлуулж тохижуулсан нь сонирхолтой үзмэр болжээ.
Шүүгч Joe Spurlock тус сургуульд хичээл зааж байсан аж. Түүний ажиллаж байсан өрөөний үүдэнд уйгаржин монгол бичгээр нэрийг бичсэн дурсгалын самбар байрлуулжээ.
Texas A&M University хуулийн сургуулийн захирал Robert Ahdien сургуулийнхаа үнэт зүйл болсон 6 уриаг танилцуулж, нийтийн тусын тулд нийтэд үйлчлэх үйл хэрэг сургуулийнх нь хувьд маш чухал болохыг онцоллоо.
Профессор, багш нар танилцуулга хийж, илтгэл тавьсантай холбогдуулан хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
Монголын шүүгчдийн холбооноос тус сургуульд Монгол Улсын түүх (англи хэл дээр) болон тус холбооны гишүүн, шүүгчдийн эрдмийн бүтээлийг бэлэглэлээ.
Шүүгчдийн төлөөлөл Техас мужийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхтэй танилцжээ.
Техас муж нь давж заалдах шатны 14 шүүхтэй.
Техас мужийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхэд 3 шүүгч ажилладаг, шүүгчдэд санамсаргүй тохиолдлоор хэрэг хуваарилагддаг байна.
Хэргийн оролцогч анхан шатны шүүхийн шийдвэртэй танилцаад зөвшөөрөхгүй тохиолдолд давж заалдах мэдэгдэл өгч хугацаа тоологддог бөгөөд нэмэлт тайлбар, гомдлоо тусад нь бичиж өгнө.
Жишиг тогтоосон шүүхийн шийдвэрүүд анхан шатны шүүхэд удирдамж болдог, мөн хуульч өмгөөлөгч, прокурор нь тухайн хэрэгт давж заалдах эсэх нь жишиг тогтоосон шийдвэрээс хамаардаг гээд давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, мөн ялын тохиролцоо, Техасын барын холбооны гишүүн хуульчид мөрдөх нэгдсэн дүрэмтэй, зөрчил гаргавал хуульчийн эрхийг хасах, шүүгч зөрчил гаргавал ёс зүйн хороо шийдвэрлэдэг тухай танилцуулж, шүүгчдийн сонирхсон асуултад хариулжээ.
Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байгаа хуульчид анхан шатны шүүхийн шүүгчийн алдаанд дөрөөлж гомдол гаргаж байгаа тул тэр нь бидэнд сургамж болдог тухай онцлон дурдсан байна.
Ерөнхий шүүгч Matt Johnson шүүхийн үйл ажиллагаа, давж заалдах журам, шүүгч, прокурор, өмгөөлөгч талын чиг үүргийн талаар шүүгчдэд танилцуулга мэдээлэл хийжээ.
Шүүгч Justin Lewis Hill County-Хилл тойргийн шүүхийн үйл ажиллагаа, шүүхийн шийдвэрлэх хэрэг маргааны талаар шүүгчдэд танилцуулга хийжээ.
Шүүх хуралдааны танхим, шүүгчийн ажлын өрөө, шүүгчийн туслахын өрөө зэргийг үзүүлж танилцуулсан байна.
МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБОО АЖЛЫН АЛБА