Олон Улсын Шүүгчдийн Холбоо болон НҮБ-ын Шүүгч, хуульчдын хараат бус байдлын асуудлаарх Тусгай илтгэгч хоорондын холбогдох хамтын ажиллагааны хүрээнд ирэх 10-р сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд танилцуулах профессор Маргарет Саттервейтийн “Шүүхийн тогтолцоонд хиймэл оюун ухаан ашиглахын хэтийн төлөв ба сорилтууд” сэдэвт илтгэлд хувь нэмрээ оруулах зорилготой онлайн уулзалт 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр боллоо.
Уг онлайн уулзалтад Ази тивийн болон Далайн орнуудын бүсийн зарим улс буюу Австрали, Шинэ Зеланд, Филиппин, Тайвань, Казакстан улсын шүүгчдийн төлөөллийн хамт Монголын Шүүгчдийн Холбоог төлөөлж МШХ-ны Гадаад харилцааны хорооноос Ц.Цогт, Ц.Мөнхтулга нар оролцлоо.
Дараах асуултуудын хүрээнд харилцан ярилцаж тус тусын улсын нөхцөл байдлын талаар санал солилцсон болно.
Асуулт 1: Шүүгчид хиймэл оюун ухааныг (AI) хэрхэн ашиглаж байна вэ? Шүүгчдийн хиймэл оюун ухааныг ашигласан талаарх мэдээллийг хэрхэн цуглуулж, дүн шинжилгээ хийж байна вэ? Шүүхийн үйл ажиллагаанд хиймэл оюун ухааныг ашиглан хууль эрх зүйн судалгаа; хэргийн талаар санал дүгнэлт, дүн шинжилгээ боловсруулах; шийдвэр гаргахад шаардлагатай мэдээлэл өгөх.
Асуулт 2: Шүүгчдийн хиймэл оюун ухааныг ашиглахтай холбоотой ямар асуудал тулгардаг вэ? Эдгээрийг шийдвэрлэх гол шилдэг туршлагууд юу вэ?
Асуулт 3: Шүүгчид хиймэл оюун ухааныг ашиглах сургалтад хамрагдах боломжтой юу? Хэрэв тийм бол тэр сургалтыг хэн зохион байгуулж, санхүүжүүлдэг вэ?
Асуулт 4: Шүүгчид хиймэл оюун ухааныг ашиглахад чиглүүлэх хууль эрх зүйн болон зохицуулалтын тогтолцоо бий юу? Хэрэв тийм бол эдгээрийг хэн гаргасан, ямар процессоор бэлтгэсэн бэ? Шүүгчид хиймэл оюун ухааныг ашиглаж болох хэргийн ангиллыг тэд хязгаарлаж байна уу?
Мэдээлэл бэлтгэсэн
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч,
Монголын Шүүгчдийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхтулга