
Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн (Твиннинг) төслийн хүрээнд шүүгчийн ёс зүйн асуудлаарх Европын холбооны дэвшилтэт туршлага, олон улсын стандартыг хуваалцах чухал уулзалт өнөөдөр буюу 6 дугаар сарын 15-ны Даваа гарагт Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийн байранд амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү албан уулзалтаар Европын холбооны богино хугацааны зөвлөх ноён Арно Лоренц Филипп Поннат, хатагтай Хайке Хуммельмайер нар хүрэлцэн ирж, Европын шүүгчдийн зөвлөлдөх зөвлөл (CCJE)-ийн үйл ажиллагаа, ХБНГУ-ын шүүхийн тогтолцоо болон Европын Хүний Эрхийн Шүүхийн ёс зүйн хэм хэмжээ, хариуцлагын тогтолцооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, туршлагаа солилцов.

Уулзалтад шүүгчийн ёс зүйн зөвлөх хорооны гишүүн, Улсын Дээд Шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн, Шүүгчдийн холбооны гишүүн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл, шүүгчийн ёс зүйн зөвлөх хорооны гишүүн, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Дашдондов, Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяа, Шүүгчдийн холбооны Хяналтын зөвлөлийн гишүүн Н.Батчимэг, Ёс зүйн зөвлөх хорооны гишүүн, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Болормаа, Н.Одонтуул, Шүүхийн сахилгын хорооны гишүүн Б.Сугар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн М.Мөнхдаваа, Л.Өлзийжаргал, Х.Эрдэм-Ундрах нар оролцож, шүүгчийн хараат бус байдал ба ёс суртахууны хариуцлагын талаар туршлагыг хуваалцав.

Европын олон улсын шинжээчдийн зүгээс шүүгчийн ёс зүй нь зөвхөн хатуу хууль цаазын хүрээнд бус, шүүгч өөрөө өөртөө төлөвшүүлэх мэргэжлийн үнэлэмж, дотоод итгэл үнэмшил байх ёстойг зөвлөхүүд онцоллоо. Тухайлбал, Европын шүүгчдийн зөвлөлөөс гаргасан санал дүгнэлтэд “Шүүгчийн бие даасан байдал бол шүүгчид зориулсан давуу эрх биш, харин иргэдийн шударга шүүхээр шүүлгэх баталгаа юм” хэмээн заасныг онцлон тэмдэглэв. Мөн уулзалтын үеэр Европын шүүхийн тогтолцооны дөрвөн тулгуур багана болох Институцийн болон хувийн бие даасан байдал, Албан ба материаллаг хараат бус байдал, Мэргэжлийн өндөр ур чадвар, Албан тушаалын нэр хүндийг хэрхэн хамгаалж, хөгжүүлдэг талаар Германы Шүүгч, прокуроруудын холбоо (DRB) болон Европын Хүний Эрхийн Шүүхийн практикт тулгуурлан танилцууллаа. Цаашилбал, шүүгч ёс зүйн алдаа болон хууль зөрчсөн үйлдэл гаргавал олон улсын практикт Эрүүгийн, Иргэний, болон Сахилгын гэсэн 3 төрлийн хариуцлагын тогтолцоог зааг ялгаатай хэрэглэдэг байна. ХБНГУ-ын жишээн дээр шүүн таслах ажиллагааны цөмд захиргааны зүгээс хяналт тавихыг хатуу хориглодог бөгөөд зөвхөн гадаад дэг журам, хугацаа алдах зэрэг захиргааны шинжтэй үйл ажиллагаанд л төрийн албаны адил хяналт тавьдаг гэлээ.

Уулзалтад оролцсон шүүгчид харилцан санал бодлоо хуваалцаж, туршлага солилцсон ажил хэрэгч уулзалт болсныг ШЕЗ-ийн гишүүн Х.Эрдэм-Ундрах тэмдэглэв.
Эх сурвалж: ШҮҮГЧДИЙН ХОЛБОО