Монголын шүүгчдийн холбоо, Шүүхийн академитай хамтран шүүгчийн сэтгэл зүйн эрүүл мэндийн чиглэлийн шүүгч-сургагч багш бэлтгэх хөтөлбөрийг зарласан бөгөөд тус хөтөлбөрийн хүрээнд “Шүүгчийн сэтгэл зүйн эрүүл мэнд” сэдэвт эхний шатны сургалт 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулагдлаа.

Шүүгчийн сэтгэл зүйн байдалд дүн шинжилгээ хийх зорилгоор 233 шүүгчийг хамруулан судалгаа хийгдсэн байх бөгөөд тус судалгаанд, “шүүгч өөрийн сэтгэл зүйн тогтвортой байдлыг хянаж, ажил мэргэжлийн онцлог гэж хүлээн авч чадаж байгаа хэдий ч ажлын ачаалал, хамтын ажиллагаа, шүүгчийн нэр хүнд, байр сууринаас бусдаас өөрийгөө тусгаарлах, сэтгэл хөдлөлөө нуух, аливаа үйлдэлд хэт болгоомжлох, нэгэн хэвийн амьдралын хэмнэлд орох” зэрэг хувь хүний сэтгэл зүйн хязгаарлагдмал нөхцөл бий болж шүүгчийн стрессийн түвшин нэмэгдэх хүчин зүйлүүд үүссэн талаар дурдагдсан.

Мөн судалгаанд хамрагдсан шүүгчдийн 18 хувь нь ажлаас халшрах хам шинж бага, харин 82 хувь нь ажлаас халшрах хам шинж дундаас дээш түвшинд байсан байна.
Иймд тус судалгааны үр дүнд тулгуурлан “шүүгчийн стресс болон ажлаас халшрах хам шинж”-ийг үүсгэж буй хүчин зүйлсийг хэрхэн даван туулах, сэтгэл зүйн хувьд үүсэх сөрөг хүчин зүйлийг тодорхойлж, асуудлыг зөв аргаар хэрхэн шийдвэрлэж сэтгэл зүй болон бие махбодыг хэвийн тогтвортой байлгах, өөрийнхөө сэтгэл зүйг удирдан чиглүүлэх аргыг шүүгч нарт төлөвшүүлэхээр үе шаттайгаар сургалт зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна.
МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБОО
ШҮҮХИЙН АКАДЕМИ