Энэхүү тайланг НҮБ-ын шүүгч, хуульчдын хараат бус байдлын асуудлаарх тусгай илтгэгч Маргарет Саттертуэйт боловсруулсан бөгөөд шүүхийн тогтолцоонд хиймэл оюун ухаан (ХО)-ыг нэвтрүүлэхэд анхаарах гол асуудлуудыг авч үзжээ.
1. ХО ба хүний эрх
ХО нь шүүхийн ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтой ч хэрэглээ нь хүний эрхийн стандартуудтай нийцсэн байх ёстой.
Шударга шүүхээр шүүлгэх, өмгөөлөгч авах, хуулийн өмнө тэгш байх эрхийг ХО зөрчих эрсдэлтэй.
Иймд “технологи бүх асуудлыг шийднэ” гэсэн техно-солюшинизм хандлагаас зайлсхийж, хүний эрхийг нэгдүгээрт тавихыг уриалжээ.
2. Шүүхэд ХО ашиглах боломжууд
- Мэдлэг түгээх: Иргэдэд хуулийн мэдээллийг хялбар, ойлгомжтой хэлээр хүргэх.
- Хууль зүйн хэл найруулгыг хялбаршуулах: ХО нь нарийн хууль зүйн үг хэллэгийг энгийн болгож орчуулж чадна.
- Иргэдэд дэмжлэг үзүүлэх: Өөрийгөө өмгөөлөх шаардлагатай иргэдэд чатбот, зөвлөгөөний системээр туслах боломжтой.
- Шүүхийн ачааллыг бууруулах: Хэрэг ангилах, мэдээлэл боловсруулах, бичиг баримт эмхлэх ажлыг автоматжуулж болно.
3. Эрсдэл ба сорилтууд
- Алдаа ба буруу мэдээлэл: Хуулийн нэр томьёо, өгөгдлийн алдаа нь буруу дүгнэлтэд хүргэж, хууль зүйн алдаа гаргах эрсдэлтэй.
- Хүний оролцоог орлуулах аюул: Хүн шүүгч, өмгөөлөгчийн оролцоог орлох нь шударга шүүхийн эрхийг зөрчинө.
- Хараат бус байдалд халдах: Улс төр, бизнесийн нөлөө ХО системд шингэж болзошгүй.
- Автомат шийдвэр ба хэт найдалт: ХО-ны саналд сохроор итгэх нь шүүгчийн бие даасан байдлыг алдагдуулдаг.
- Тэгш бус байдал: Хөгжингүй орнуудын технологийн давуу байдал нь ядуу орнуудыг хоцроох эрсдэлтэй.
4. Шүүхийн хараат бус байдлыг хангах
· ХО нь шүүгчийн ажлыг дэмжих хэрэгсэл байж болох ч, шийдвэр гаргах үндсэн үүргийг орлох ёсгүй.
· Шүүгчид ёс зүй, хууль зүйн хяналтаа алдалгүйгээр ХО-г ашиглах, шинэ технологийг нэвтрүүлэх шийдвэрийг шүүхийн байгууллага өөрөө гаргах ёстой.
· Мөн ХО нь өмнөх шийдвэрүүдэд тулгуурладаг тул шинэ хууль зүйн сэтгэлгээг боомилох эрсдэлтэй.
5. Гол зөвлөмжүүд
- Шүүхэд ХО нэвтрүүлэх шийдвэрийг шүүгчид өөрсдөө гаргах ёстой.
- Шүүгч, хуульчдыг ХО болон дижитал мэдлэгээр сургах, тэдний оролцоог хангах.
- Шүүхийн ХО системийн талаарх мэдээллийг ил тод байлгах, олон нийт, мэргэжилтнүүдийн хяналттай байх.
- ХО-г нэвтрүүлэхийн өмнө эрсдэл, хүний эрхийн нөлөөллийг үнэлэх.
- Хүн шүүгч, өмгөөлөгчийн оролцоог орлуулахгүй байх.
- ХО-ны шийдлүүдийг соёл, хэл, хууль зүйн онцлогт тохируулан, хүний эрхэд нийцүүлэн хэрэгжүүлэх.
Дүгнэлт:
Хиймэл оюун ухаан нь шүүхийн хүртээмж, үр ашиг, ил тод байдлыг сайжруулах боломжтой хэрэгсэл боловч хүний оролцоо, шүүгчийн хараат бус байдлыг орлох шийдэл биш юм.
Шүүхийн шинэчлэл технологид бус, хүний эрх, ил тод байдал, хариуцлага, шударга ёсны зарчимд тулгуурлах ёстой гэж тусгай илтгэгч дүгнэжээ.
Тайланг хураангуйлан орчуулсан:
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга.
Үндсэн илтгэлийг доорх линкээс үзэх боломжтой.

