Монголын шүүгчдийн төлөөлөл “Baylor University” сургуульд зочлон очиход оюутнууд угтан авч танилцуулга мэдээлэл өгч, хоёр орны соёлын талаар харилцан яриа өрнүүлжээ.
Сургуулийн дэргэдэх үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн болох “Dr Pepper” ундаагаар шүүгчдийг оюутнууд дайлсан байна.
Шүүгчид сургуулиар зочилсны дараа Техас мужийн шүүхийн тогтолцоотой танилцсан байна.
Тус мужид 5 шатны шүүх ажилладаг аж.
- Municipal and Justice Courts /Хотын захиргааны шүүх болон Үнэн шударгын шүүх/
- County Courts at Law /Сумын шүүх/
- District Courts /Дүүргийн шүүх/
- Courts of Appeal /Давж заалдах шатны шүүх/
- Supreme Court and Court of Criminal Appeals /Мужийн Дээд шүүх болон Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх-Эрүүгийн хэргийн Дээд шүүх/
Техас мужид Хотын захиргааны шүүх (Municipal court) болон Үнэн шударгын шүүх (Justice court нь) нэг түвшинд хэрэг хянан шийдвэрлэх хэдий ч эрх мэдэл, шийдвэрлэж буй хэргийн төрөл нь өөр өөр байдаг.
Хотын захиргааны шүүх нь тухайн хотын захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн үйлдлүүд, мужийн хууль дүрмийг зөрчсөн тухайн хотын хууль дүрмийн хүрээнд шийдвэрлэгдэх жижиг гэмт хэргүүдийг хянан шийдвэрлэдэг ажээ.
Түүнчлэн иргэний зарим хэрэг маргааныг хянан шийдвэрлэдэг байна. Жишээ нь, авто тээврийн хэрэг, тэжээвэр нохой нь бусдад аюул учруулсан хэрэг гэх мэт. Тус шүүхийн шүүгч нар нь тухайн хот сууринд нэр хүндтэй иргэн байх ба гэмт хэргийн шинжтэй тээврийн хэргүүдийг хянан шийдвэрлэж, эрэн сурвалжлах захирамж, хамгаалалт хорио цээрийн захирамж шийдвэрүүдийг гаргадаг байна.
Үнэн шударгын шүүх нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчил, 10.000 доллар хүртэлх иргэний нэхэмжлэл, албадан саатуулах ажиллагаа, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэргийн хохирогчийг хамгаалах захирамж, дарамт шахалт үзүүлэхийг хориглосон захирамжийг гаргадаг ажээ.
CountyCourtsatLawбуюуСумыншүүх нь Иргэний болон Эрүүгийн хэргүүдийг хянан шийдвэрлэдэг ба энэ шүүхийн шүүгч эрүүгийн жижиг хэрэг, иргэний хэрэг, өв залгамжлал, хүүхдийн асуудал, сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг хянан шийдвэрлэдэг байна.
Шүүгч тухайн нутаг дэвсгэрийн засаг захиргааны нэгжид голлох үүрэгтэй оролцдог албан тушаалтан байдаг. Тэдний хариуцлага нутаг дэвсгэрээс шалтгаалж өөр өөр байдаг боловч дараах үүрэгт хамаарч болно. Үүнд, сонгууль зохион байгуулах, шар айраг болон дарсны зөвшөөрлийн өргөдлийн сонсгол явуулах, тойргийн төсөв батлах, тухайн засаг захиргааны нэгжийн татварын хэмжээг тогтоох, дэд бүтэц, шүүхийн байр, шорон барих болон засварлах ажлыг хянах, онцгой байдлын удирдлагын эрх мэдлийг хэрэгжүүлдэг.
Тус шүүхийн шүүгч Барын холбооны гишүүн байхыг шаардахгүй тул бусад шүүхэд өмгөөлөгчөөр, эсвэл бусдыг төлөөлөн оролцох боломжтой байдаг байна.
Дүүргийн шүүхүүд нь Техас мужийн ерөнхий харьяаллын анхан шатны шүүх юм. Хууль тогтоогчоос бүс нутаг бүр нэг дүүргийн шүүхтэй байна гэж хуульчилсан хэдий ч хүн ам цөөн хэд хэдэн хот дундаа нэг дүүргийн шүүхтэй, харин хүн ам ихтэй хот суурин газарт хэд хэдэн дүүргийн шүүх үйл ажиллагаа явуулдаг ажээ.
Дүүргийн шүүх нь хүнд эрүүгийн гэмт хэрэг, гэр бүл салалтын хэрэг, газар өмчлөхтэй холбоотой хэрэг, сонгуулийн өрсөлдөөний хэрэг, хохирлын хэмжээ 200 доллар ба түүнээс дээш байх иргэний хэрэг, аль ч шүүхэд харьяалагдахгүй зарим хэргийг хянан хэлэлцдэг.
Ихэнх дүүргийн шүүх нь эрүүгийн болон иргэний хэргийн аль алиныг нь хэлэлцдэг бол хүн ам ихтэй хотын дүүргийн шүүх нь иргэний хэрэг, эрүүгийн хэрэг, өсвөр насны иргэдийн хэрэг, гэр бүлийн хэргийн чиглэлээр төрөлжин үйл ажиллагаа явуулдаг байна.
Давж заалдах шатны шүүх нь дүүргийн шүүх, үнэн шударгын шүүхийн шийдвэрт гомдол гаргасан иргэний болон эрүүгийн хэргүүдийг хянан хэлэлцдэг. Техас муж нь давж заалдах шатны 14 шүүхтэй ба нийт 80 шүүгч ажилладаг байна.
Нэг давж заалдах шатны шүүхэд нэг ерөнхий шүүгч, хоёр болон түүнээс дээш шүүгч ажилладаг ба давж заалдах шатны нэг шүүхэд доод тал нь гурван шүүгч, дээд тал нь арван гурван шүүгчийн орон тоотойгоор үйл ажиллагаа явуулдаг байна.
Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан “en banch hearing” буюу тухайн шүүхийн шүүгч нар бүгд оролцох шүүх хуралдаанаас бусад тохиолдолд гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хэргийг хянан хэлэлцдэг ажээ.
Техас мужийн Дээд шүүх нь иргэний болон насанд хүрээгүй хүмүүсийн хэргийг шийдвэрлэдэг хамгийн дээд шатны шүүх юм. Дээд шүүх нь Ерөнхий шүүгч болон найман шүүгчээс бүрддэг бөгөөд бүгд зургаан жилийн хугацаатайгаар иргэдээс сонгогддог байна.
Түүнчлэн Дээд шүүх нь шүүхийн ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс давж заалдах шатны 14 шатны шүүх хооронд хэргийг шилжүүлэх эрхтэй байдаг аж.
Техас мужийн Остин хотод байрлах Дээд шүүх нь тус мужийн эрүүгийн хэргийн хамгийн дээд шатны шүүх юм.
Ерөнхий шүүгч болон найман шүүгчийн бүрэлдэхүүнтэй ажилладаг бөгөөд шүүгчид нь мужийн иргэдийн саналаар 6 жилийн хугацаагаар сонгогддог.
Эрүүгийн хэргийн дээд шүүх нь заримдаа нүүдэллэн ажиллаж мужийн өөр хотод шүүх хуралдаанаа явуулдаг гэлээ.
Техас мужийн Дээд шүүх нь Техас мужийн Остин хотод байрладаг байна.
МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБОО АЖЛЫН АЛБА