
Монголын Шүүгчдийн холбооны (МШХ) засаглалыг бэхжүүлэх, дотоод үйл ажиллагааг сайжруулах, шүүгчдийн эрх ашгийг хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх зорилготой ажлын хэсгийн айлчлал амжилттай боллоо. Долоо хоногийн турш үргэлжилсэн цуврал хэлэлцүүлэг, семинарын үр дүнд талууд ирэх хоёр жилийн хамтын ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж, Удирдах зөвлөлийн гишүүд, шүүгчдэд танилцуулан саналаа нэгтгэв.
Хамтын ажиллагааны төлөвлөгөөнд дараах үндсэн чиглэлүүдийг тусгав.

-
Засаглал болон бүтэц зохион байгуулалт
Канад Улсын Шүүгчдийн холбооны (КШХ) туршлагад тулгуурлан МШХ-ны бодлогын баримт бичгүүдийг шинэчлэх, Гүйцэтгэх хороо байгуулах, засаглалын бүтцийн чиглэлээр мэргэжлийн сургалтуудыг тогтмолжуулахаар болов.
- Цахим шилжилт ба мэдээлэл солилцоо
Гишүүнчлэлийн нэгдсэн бүртгэлийг шинэчилж, шүүгчдэд зориулсан мэдээлэл солилцох тусгай аппликейшн хөгжүүлснээр мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.
- Шүүгчийн сэтгэл зүйн сайн сайхан байдал
Канад Улсын дээд шатны шүүхийн шүүгчидтэй туршлага солилцох вебинар зохион байгуулахаар төлөвлөв.
- Ёс зүй ба олон нийтийн харилцаа
Шүүгчийн ёс зүйн зөвлөх хорооны үйл ажиллагааг шүүгчдэд сурталчлан таниулж, шүүх эрх мэдлийн талаарх олон нийтийн ойлголтыг дээшлүүлэхэд чиглэсэн мэдээллийн контентуудыг бэлтгэж түгээнэ.
- Туршлага судлах арга хэмжээ
Хамтын ажиллагааны хүрээнд 2027 онд Канад Улсад туршлага судлах айлчлал зохион байгуулна.

Айлчлалын төгсгөлд талууд төслийн хүрээнд хэрэгжүүлэх боломжтой үйл ажиллагааны талаар нэгдсэн дүгнэлтэд хүрсэн юм. Энэхүү алхам нь Монголын Шүүгчдийн холбоог олон улсын жишигт нийцсэн, гишүүддээ өгөөжтэй, мэргэжлийн байгууллага болж төлөвшихөд чухал ач холбогдолтой ажил хэрэгч үйл явдал боллоо.
МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА