
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон Монголын Шүүгчдийн холбоо хамтран “Спурлок сан”-гийн төлөөлөгчдийг оролцуулан Төрийн ордны «Их Эзэн Чингис хаан» танхимд өнөөдөр (2026.05.19) «Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг»-ийг амжилттай зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, Хууль зүй, дотоод хэргийн яам (ХЗДХЯ)-ны төлөөлөл, салбарын судлаачид, иргэний хэргийн чиглэлээр мэргэшсэн 30 гаруй шүүгчид болон АНУ-ын Техас мужийн “Спурлок сан” (Spurlock Judicial Fund)-гийн 20 орчим төлөөлөгч оролцлоо.

Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал чиглүүлэн явуулж, нээлтийн үг хэлэв. Тэрээр гэр бүл, хүүхдийн эрхийг хамгаалахад шүүхийн тусгайлсан, төрөлжсөн зохицуулалт нэн шаардлагатай байгааг онцолсон бол боловсруулж буй хуулийн төслийн үзэл баримтлал, зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын Хувийн эрх зүйн хэлтсийн дарга О.Оюунзул танилцуулсан юм.

Хэлэлцүүлгийн үндсэн хэсэгт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа «Гэр бүлийн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж байгаа шүүхийн практик» сэдвээр илтгэл тавьж, өнөөгийн эрх зүйн орчин дахь хүндрэлтэй асуудлуудыг хөндөв. Мөн тус шүүхийн шүүгч Г.Нямсүрэн «Хүүхдийн асрамжийн эрх зүйн зарим зохицуулалтын асуудал» сэдвийн хүрээнд хүүхдийн эрх ашгийг тэргүүн ээлжинд хамгаалахад шүүхээс анхаарах практик арга замуудыг танилцууллаа.
Ялангуяа хүүхдийн асрамжийн асуудлыг олон улсын жишгээр “Биечилсэн асрамж” (Physical custody) болон “Хууль ёсны асрамж” (Legal custody) гэж зааглах, тэдгээрийг эцэг, эх хамтран (Joint) болон дангаар (Sole) хэрэгжүүлэх эрх зүйн шинэ зохицуулалтыг Монгол Улсын шүүхийн практикт хэрхэн нутагшуулах асуудлыг хөндөв.


Хэлэлцүүлэгт олон улсын туршлага хуваалцахаар АНУ-ын Техас мужийн “Спурлок сан”-гийн захирал, шүүгч Мэттью Райт оролцож, «АНУ-ын Техас мужийн Гэр бүлийн шүүхийн үйл ажиллагааны талаарх танилцуулга» хийлээ.



Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн С.Одонтуяа, П.Алтангэрэл нар оролцсон бөгөөд оролцогчдоос гарсан үнэтэй санал, дүгнэлтүүдийг хуулийн төсөлд тусгана гэдгийг илэрхийллээ.

Энэ өдөр хэлэлцүүлэг эхлэхийн өмнө тус сангийн төлөөлөл болох шүүгч Мэтью Райт (Wright Matthew), Жастин Льюис (Justin Lewis), Г.Ганзориг, хуулийн ангийн оюутан Наташа Феррейра (Natasha Ferreira), Мэллори Викерс (Mallory Vickers) нарын албаны хүмүүсийг Монголын Шүүгчдийн холбооны удирдлагууд Улсын Дээд Шүүхийн хурлын танхимд тусгайлан хүлээн авч уулзан, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, хэд хэдэн асуудлаар нэгдсэн ойлголтод хүрсэн юм.

Шүүгчдийн холбооны Ажлын алба