70114100

99081135

94719111

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБОО, ШҮҮХИЙН СПУРЛОК САНТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ ОЛОН УЛСЫН ТӨСЛИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ, ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ ХИЙЛЭЭ

“Монголын Шүүгчдийн холбоо” ТББ, “Хуульчдын үйл ажиллагааг дэмжих төв” ТББ болон АНУ-ын “Шүүхийн Спурлок сан” ТББ Монгол Улсын шүүхийн тогтолцоонд шүүгчийн ёс суртахууны эрхэм чанар, ёс зүйт манлайлал, мэргэжлийн хариуцлагыг бэхжүүлэх олон улсын төсөл хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд өнөөдөр (2026 оны есдүгээр сарын 10) албан ёсоор гарын үсэг зурж, хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

АНУ-ын Жон Темплетоны сангийн (John Templeton Foundation) буцалтгүй тусламжаар санхүүжих уг төсөл 2029 оны долоодугаар сарын 31-ний өдөр хүртэл гурван жилийн хугацаанд хэрэгжинэ.

Төслийн нээлт болон гэрээнд гарын үсэг зурах ёслолд Монголын талаас Монголын Шүүгчдийн холбооны тэргүүн Д.Батбаатар, Удирдах зөвлөлийн төлөөлөл, Гадаад харилцааны дэд хорооны гишүүн, шүүгч Г.Нямсүрэн, тус холбооны Ажлын албаны төлөөлөл, төслийн үндсэн судлаач, Спурлок шүүхийн сангийн захирал, шүүгч Мэттью Райт (Matthew Wright), туслах шүүгч Дэвид Моррисон (David Morrison), “Ганзориг консалтинг” сангийн захирал, шүүгч асан Г.Ганзориг, Хуульчдын үйл ажиллагааг дэмжих төвийн тэргүүн Д.Батсүх, төслийн улс төр, бодлогын зөвлөх Ж.Энхнасан нар оролцов.

Мөн АНУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн дэд дарга Фиона Мардэйл (Fiona Mardale), улс төрийн мэргэжилтэн М.Номинцэцэг, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров, Улсын ерөнхий прокурорын газрын Гадаад харилцааны хэлтсийн төлөөлөл Ц.Гантулгатбат, “Шихихутуг” их сургуулийн захиргаа, үйл ажиллагаа эрхэлсэн проректор Л.Мөнхдэмбэрэл нар хүрэлцэн ирлээ.

Төслийн хүрээнд суурь болон бодлогын харьцуулсан судалгаа хийх, сургалтын хөтөлбөр, арга зүй боловсруулах, сургалт зохион байгуулах, сургагч багш бэлтгэх зэрэг цогц ажил хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Монголын Шүүгчдийн холбооны тэргүүн Д.Батбаатар:

“Монголын Шүүгчдийн холбоо АНУ-ын Техас мужийн Спурлок шүүхийн сантай өмнө нь хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Уг санамж бичгийн хүрээнд Жон Темплетоны сан төслийг санхүүжүүлэх болсонд баяртай байна.

Төслийн хүрээнд хамтарсан судалгаа хийж, мэдээллийн сан бүрдүүлэн, бодлогын цогц баримт бичиг боловсруулна. Судалгааны үр дүнд тулгуурлан шүүгчдэд зориулсан тусгай сургалтын хөтөлбөр, гарын авлага бэлтгэж, шүүгч-багш нараар дамжуулан системтэй сургалт зохион байгуулна. Түүнчлэн хууль тогтоомж, эрх зүйн орчныг сайжруулах шаардлага тогтоогдвол холбогдох саналыг боловсруулж, эрх бүхий байгууллагад уламжилна.

Гурван жилийн хугацаанд хэрэгжих энэхүү төсөл нь шүүгчид харилцан туршлага солилцохын зэрэгцээ судалгааны ажилд биечлэн оролцох боломж бүрдүүлж байгаагаараа онцлог юм” хэмээн тэмдэглэв.

Төслийн удирдагч, судлаач, шүүгч Мэттью Г. Райт хэвлэлийн бага хурлын үеэр:

“Сайн хууль, үр нөлөөтэй институци чухал. Гэвч шударга ёс эцсийн дүндээ тухайн байгууллагад ажиллаж буй хүмүүсээс хамаардаг. Энэхүү санаачилга нь зарчимч, шударга, даруу төлөв, ухаалаг, ёс зүйн зоригтой байх зэрэг эрхэм чанарыг төлөвшүүлж, хөгжүүлэх тогтолцоог бэхжүүлнэ” хэмээн онцоллоо.

Талууд академик судалгааг практик үйл ажиллагаатай хослуулах энэхүү төсөл нь шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлж, шүүгч, хуульчдын хараат бус байдал болон мэргэжлийн хариуцлагыг шинэ түвшинд гаргахад бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Эх сурвалж: Монголын Шүүгчдийн холбооны Ажлын алба

МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБОО, ШҮҮХИЙН СПУРЛОК САНТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ ОЛОН УЛСЫН ТӨСЛИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ, ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ ХИЙЛЭЭ