70114100

92114100

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

СУДЛААЧ ШҮҮГЧЭЭР БЭЛТГЭГДЭЖ БАЙНА

Улсын дээд шүүхийн Сургалт, судалгаа, Мэдээллийн хүрээлэнд 2023 онд Нийслэлийн давж заалдах шатны Иргэний хэргийн шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг, Сонгино хайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа, Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Володя нар шүүгч судлаачаар ажиллан, судалгааны тайлангаа танилцуулсан билээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “Зөвлөгөөн болон шүүгчийн өөрийнх нь саналыг үндэслэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийг зургаан сар хүртэл хугацаагаар Хүрээлэнд судлаачаар ажиллуулж болох бөгөөд түүнд шүүгчийн цалин хөлсийг хэвээр олгож, шүүгчээр ажилласанд тооцно.” гэж заажээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнд шүүгч-судлаачаар ажилласан судалгааны ажлын тайлангаа хэлэлцүүллээ.

   Шүүгч Б.Батаа нь 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрийн хугацаанд тус хүрээлэнд шүүгч-судлаачаар ажиллахдаа, “Хорих ялын хугацааг сонгон хэрэглэж буй харьцуулсан судалгаа”, “Хялбаршуулсан болон ердийн журмаар хянан шийдвэрлэсэн хэргийн ялын төрөл хэмжээний харьцуулсан судалгаа”, “Ялын зорилго, төрөл: харьцуулсан судалгаа”, ”Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн хүчин зүйлсийн дүн шинжилгээ” зэрэг судалгааг тус хүрээлэнгийн болон Шүүхийн практик судлалын хэлтсийн судлаач нартай хамтран хийж гүйцэтгэлээ. Дээрх судалгааны үр дүнд “Монгол Улсын ялын удирдамж”-ийн загвар төслийг боловсруулжээ. Мөн өнгөрөгч 08 дугаар сард тус хүрээлэнгийн судлаачдад “Эрүүгийн хэргийг шүүхийн журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог”сэдэвт танилцуулга сургалтыг орсон байна.

   Шүүгч Б.Батаа нь Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Сургалтын хөтөлбөрийн хорооны гишүүн, сургагч багш бөгөөд “Гэмт хэрэг зүйлчлэлийн онолын зарим асуудал”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд процессын хуулийг зөв хэрэглэх, нэгдмэл байдлыг хангах нь (l хэсэг)” гэсэн сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулан батлуулж, “Гэмт хэрэг зүйлчлэлийн онолын зарим асуудал” сэдэвт контент хичээлийг заасан байна. 

Тус Хүрээлэнгийн ажиллах журамд заасны дагуу 2024 онд шүүгч-судлаачаар ажиллах хүсэлтээ ирүүлсэн шүүгчдээс дараах таван шүүгч сонгогдон 2024 оны 01 дүгээр сараас эхлэн зургаан сарын хугацаанд шүүгч-судлаачаар ажиллаж байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Тунгалагмаа, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар нар Дээд шүүхийн дэргэдэх судалгааны Хүрээлэнд ажиллах хугацаандаа шүүгч нар хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулахуйц судалгаануудыг хийж, судалгааны эргэлтэд оруулахаар ажиллаж эхэллээ.

Өмнөх жилд ажилласан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, хууль зүйн доктор (LL.D.) Ж.Оюунтунгалаг 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Шүүхийн сургалт, судалгаа мэдээллийн хүрээлэнд шүүгч-судлаачаар ажилласан судалгааны ажлын тайлангаа онлайнаар хэлэлцүүлсэн юм.

     Ж.Оюунтунгалаг шүүгч нь 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 08 дугаар сарын 06-ны өдөр хүртэл тус хүрээлэнд шүүгч-судлаачаар ажиллан, “Тээврийн хэрэгслийн өмчлөгчийн хариуцлага хатуу хариуцлагын үзэл баримтлал болох талаарх харьцуулсан шинжилгээ”, “Шүүхийн цахимжилт: хайлтын системээс хиймэл оюун ухаанд” зэрэг судалгааг хийж гүйцэтгэжээ. Мөн шинэ шүүгчийн сургалтад зориулан “Шүүхийн шийдвэр бичих арга зүй”, “Иргэний хууль тайлбарлах”, “Гэм хорын эрх зүйн тусгай төрөл” зэрэг сэдвээр сургалт орж, харин хүрээлэнгийн судлаачдад өөрийн хийсэн судалгааны ажлын арга зүйн талаар танилцуулга хийжээ.

   “Тээврийн хэрэгслийн өмчлөгчийн хариуцлага хатуу хариуцлагын үзэл баримтлал болох талаарх харьцуулсан шинжилгээ” сэдэвт судалгааны өгүүлэл нь Нагоягийн Их Сургуулийн Азийн эрх зүйн солилцооны төвийн хянан магадлал бүхий (peer review) сэтгүүлд англи хэлээр хэвлэгдсэн бөгөөд “Шүүхийн цахимжилт: хайлтын системээс хиймэл оюун ухаанд” сэдэвт судалгаа нь “Монголын төр, эрх зүй” сэтгүүл болон “Шүүгч-судлаач: Судалгааны ажлын эмхэтгэл (цуврал-I)”-д хэвлэгдэхэд бэлэн болсон байна. Сэтгүүлийн шинэ дугаарыг Шүүхийн сургалт, судалгаа мэдээллийн хүрээлэнгийн цахим номын сангаас үзэх боломжтой.

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнд Шүүгч-судлаачаар ажилласан шүүгч нарын хийж гүйцэтгэсэн судалгааны бүтээлийг олон нийтэд түгээж, судалгааны эргэлтэд оруулах зорилготой “Шүүгч-судлаач: Судалгааны ажлын эмхэтгэл”-ийн анхны дугаарыг хэвлүүлжээ.
    Тус эмхэтгэлд “Хорих ялын хугацааг сонгон хэрэглэх арга зүйн талаарх судалгаа”; “Монгол Улсын Эрүүгийн хууль дахь зорчих эрхийг хязгаарлах ялын зохицуулалт, анхаарах зарим асуудал”; “Захиргааны хэргийн шүүхэд “Прокурорын дүгнэлт”-ээр үүсгэсэн зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь тулгамдсан асуудлууд”; “Шүүхийн цахимжилт: Хайлтын системээс хиймэл оюун ухаанд” зэрэг нийт 8 судалгааны бүтээл олон нийтийн хүртээл болоод  байна.
    “Шүүгч-судлаач: Судалгааны ажлын эмхэтгэл”-ийг тус Хүрээлэнгийн “Цахим Сургалтын Систем”-д байрлах “Цахим номын сан”-гийн “Бусад судалгаа” хэсгээс үзэх боломжтой.

2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Володя Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнд шүүгч-судлаачаар ажилласан судалгааны ажлын тайлангаа хэлэлцүүллээ.

   Шүүгч Б.Володя нь 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрийн хугацаанд тус хүрээлэнд шүүгч-судлаачаар ажиллахдаа “Эрүүгийн эрх зүй дэх хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний зохицуулалт, анхаарах зарим асуудал”, ‘’Монгол Улсын Эрүүгийн хууль дахь зорчих эрхийг хязгаарлах ялын зохицуулалт, анхаарах зарим асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл, “Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний талаарх харьцуулалт” сэдэвт судалгааг хийж гүйцэтгэжээ.

  Мөн анхан шатны шүүхэд шинээр томилогдсон шүүгчийг мэргэшүүлэн дадлагажуулах сургалтын хүрээнд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь нотлох баримт, түүнийг үнэлэх” сэдвээр сургалтын материал боловсруулсан юм. Шүүгч-судлаач Б.Володя нь “Торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацааг 90-ээс доош хоногоор тогтоож болохгүй”, “Хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилсэн тухай” шүүхийн шийдвэрийн хураангуйг бичиж тус хүрээлэнгийн цахим санд байршуулжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнд шүүгч-судлаачаар ажилласан судалгааны ажлын тайлангаа хэлэлцүүллээ.

2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнд шүүгч-судлаачаар ажилласан судалгааны тайлангаа хэлэлцүүлсэн юм.

   Шүүгч С.Отгонтуяа 2023 оны 2 дугаар сарын 6-ны өдрөөс 8 дугаар сарын 6-ны өдрийн хугацаанд шүүгч-судлаачаар ажиллахдаа “Захиргааны хэргийн шүүхэд прокурорын дүгнэлтээр зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны тулгамдсан асуудлууд”, “Захиргааны хэргийн шүүхэд прокурорын   дүгнэлтээр үүсгэсэн захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбоотой зарим асуудал” зэрэг сэдвийн хүрээнд судалгаа хийж, эрдэм шинжилгээний өгүүлэл бичжээ.

 ‘’Захиргааны актын бичилтийн алдаа нь шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй” сэдэвт шүүхийн шийдвэрийн  хураангуй, ‘’Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлаагүй, үнэлээгүй бол сахилгын шийтгэл хүлээлгэхгүй’’, ‘’Эрх бүхий албан тушаалтан албадлагын арга хэмжээ авхуулах үндэслэлээ нотлох үүрэгтэй’’ зэрэг тоймыг “legaldata.mn” сайтад болон хүрээлэнгийн цахим санд байршуулжээ. Түүнчлэн Шүүгч-судлаач С.Отгонтуяа нь Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог сэдвээр хүрээлэнгийн судлаач нарт сургалт орсон байна.

                                                              (эх сурвалж: шүүхийн судалгааны төв)

                           ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА

Сэтгэгдэл бичих

СУДЛААЧ ШҮҮГЧЭЭР БЭЛТГЭГДЭЖ БАЙНА