
Монголын Хуульчдын холбооноос жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрийг “Хуульчийн про боно өдөр” болгон зарлаж, 2019 оноос хойш уламжлал болгон тэмдэглэж ирсэн. Энэ хүрээнд өнөөдөр Сүхбаатарын талбайд “Хуульчийн про боно-2026” нэгдсэн өдөрлөгийг улс орон даяар амжилттай зохион байгууллаа.
Монголын Хуульчдын холбоо нь хуульчдынхаа сайн дурын оролцоо, идэвх санаачилгад тулгуурлан нийтийн тусын тулд хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, эрх зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор энэхүү өдрийг тэмдэглэдэг юм.

Өнөөдрийн өдөрлөгт хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн зарим байгууллагууд, мөн төрийн бус байгууллага, өмгөөллийн фирмүүд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгч, төрийн зарим үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлсэн байна.
Арга хэмжээнд Шүүгчдийн холбооны гүйцэтгэх захирал болон тус холбооны дэргэдэх ахмадын дэд хорооны гишүүн шүүгчид оролцож, иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө. 10:00-17:00 цагийн хооронд үргэлжилсэн тус өдөрлөгт олон зуун иргэд хүрэлцэн ирж, Иргэний болон захиргааны хэргийн маргаан, нийгмийн даатгал, халамжийн асуудал, газар зохион байгуулалт, өмчлөл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зэрэг чиглэлүүдээр мэргэшсэн хуульчдаас зөвлөгөө авсан байна.

Хуульчид мэргэжлийн мэдлэг, ур чадвараа нийгмийн сайн сайхны төлөө зориулж, иргэдийн эрх ашгийг хамгаалахад бодитой хувь нэмэр оруулсан үр дүнтэй өдөрлөг боллоо.
АЖЛЫН АЛБА