
Шүүхийн ерөнхий зөвлөлийн (ШЕЗ) дарга, гишүүд болон Монголын шүүгчдийн холбооны төлөөллүүд өнөөдөр (2026.04.27) ШЕЗ-ийн байранд ажил хэргийн уулзалт хийж, харилцан санал солилцлоо.
Өмнөх уулзалтаар хэлэлцсэн “Шүүгчдийн эрүүл мэндийн даатгал”-ын гэрээг ирэх тавдугаар сард дүгнэхтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх үзлэгийн чанарыг сайжруулахаар тогтов. Шүүгчдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу ачаалал ихтэй дүүргийн шүүгчид болон олон жил ажилласан шүүгчдийг квотын дагуу тэгш хамруулахад анхаарахаа илэрхийлэв.
“Шихихутуг” их сургууль дээр зохион байгуулагдаж буй англи хэлний “Fulbright” хөтөлбөрийн явц, үр дүнгийн талаар ярилцаж, сургалттай холбоотой зарим зардлыг гэрээний дагуу ШЕЗ-өөс шийдвэрлэж өгөх хүсэлтийг тавилаа. Тус хөтөлбөрт 2025-2026 онд шүүхийн захиргааны ажилтнуудыг хамруулсан юм.
Шүүхийн шийдвэрийг иргэдэд энгийн, ойлгомжтой тайлбарлах зорилгоор Шүүгчдийн холбооны Олон нийттэй харилцах (ОНХ) дэд хорооны 15 шүүгчийг төслийн хүрээнд мэргэшүүлж эхлээд байна. Эдгээр шүүгчид “Ярьж буй хууль” нэвтрүүлэг болон медиа контентоор дамжуулан шүүхийн үйл ажиллагааг сурталчлахад идэвхтэй оролцож байгаа бөгөөд цаашид ШЕЗ-ийн Мэдээллийн төвтэй хамтран ажиллах боломжтойг ШЕЗ-ийн гишүүн Л.Өлзийжаргал онцлов.
Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, Шүүгчдийн холбооны дэргэдэх Ахмадын дэд хороог бодлогоор дэмжих, орон нутгийн шүүхүүдэд ажиллахдаа Ёс зүйн зөвлөх хорооны гишүүдийг оролцуулах саналыг ШЕЗ-ийн удирдлагууд дэмжлээ. Энэ нь шүүгчдэд зөвлөн туслах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтойг Холбооны тэргүүн Д.Батбаатар тэмдэглэв.

Уулзалтад ШЕЗ-ийн дарга П.Золзаяа, гишүүн Ч.Баянжаргал, О.Жанчивнямбуу, М.Мөнхдаваа, Л.Өлзийжаргал, Мэдээллийн төвийн дарга Б.Баттүвшин болон Шүүгчдийн холбооны Тэргүүн Д.Батбаатар, гишүүн Н.Оюунтуяа, Гүйцэтгэх захирал Т.Туяа, хэвлэлийн ажилтан М.Наранчимэг нар оролцлоо.
Ажлын алба