Монголын Шүүгчдийн холбооны дүрэмд зааснаар Холбооны салбар хороод нь Улсын дээд шүүх, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, 21 аймаг тус бүрт нэг, Нийслэлийн эрүүгийн болон иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд нэг, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд нэг, Багахангай, Багануур, Налайх дүүргийн шүүхэд нэг, нийт 37 шүүхэд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна.
Зарим Салбар хороо нийт гишүүдийнхээ саналд үндэслэн, Салбарын тэргүүнээ өөрчлөн сонгосон тухай мэдээлэл ажлын албанд ирсэн юм.
Тухайлбал, Говьсүмбэр аймаг дахь Салбар хорооны тэргүүнээр Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмааг, Төв аймаг дахь Салбар хорооны тэргүүнээр Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэнг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Салбарын тэргүүнээр шүүгч Г.Энхцэцэгийг, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Салбарын тэргүүнээр шүүгч Ц.Амарыг, Хануул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Салбарын тэргүүнээр шүүгч Г.Төрболдыг тус тус сонгосон байна.
Шүүгчдийн холбооны дүрэмд зааснаар Салбар хорооны тэргүүнийг тухайн салбар хорооны гишүүдийн олонхийн саналаар гурван жилийн хугацаагаар сонгодог бөгөөд тухайн Салбар хорооны тэргүүнээ улируулан сонгох нь нээлттэй. Салбар хороо нь Холбооны дүрэмд нийцүүлэн үйл ажиллагаа явуулах хэлбэрээ өөрөө тогтооно гэж заасан байдаг. Иймд Салбар хороод дүрмийн дээрх заалтыг баримталж, тэргүүнийг өөрчлөн шинээр сонгохдоо хугацааг анхаарна уу.
Шүүгчдийн холбооны ажлын алба