Монголын Шүүгчдийн Холбооны
2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн
Их хурлын хуралдаанаар батлав.
Монголын Шүүгчдийн Холбооны
ээлжит Их хурлын дэг
Нэг. Ерөнхий үндэслэл
1.1. Монголын Шүүгчдийн Холбооны Их хурлын /цаашид “дэг” гэх/-ийн зорилго нь Монголын Шүүгчдийн Холбоо /цаашид “Холбоо” гэх/-ны Их хурлыг зохион байгуулах, хууль болон дүрэмд заасан тодорхой асуудал хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргах, түүнийг мэдээлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Их хурал нь Төрийн бус байгууллагын тухай хууль, Холбооны дүрэмд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн хэлбэр мөн.
1.3. Их хурал нь хууль дээдлэх, нээлттэй, ил тод байх, асуудлыг хэлэлцэхэд чөлөөтэй, сайн дурын, эрх тэгш оролцоог хангах, өөрөө өөрийгөө удирдах, хараат бусаар, олонхын саналаар шийдвэр гаргах зарчмыг баримтална.
1.4. Ээлжит их хурлыг товлон зарлах, бэлтгэл хангах, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тогтоох, хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргах, шийдвэрийг биелүүлэх, мэдээлэх талаар Төрийн бус байгууллагын тухай хууль, Холбооны дүрэмд зааснаас бусад асуудлыг энэ дэгээр зохицуулна.
Хоёр. Их хурлыг товлон зарлах, бэлтгэх хангах
2.1. Холбооны дүрмийн 4.3-д зааснаар Удирдах зөвлөлийн шийдвэрээр ээлжит Их хурлыг товлон зарлаж, хэлэлцэх асуудлын жагсаалт гаргана.
2.2. Удирдах зөвлөлөөс Их хурлыг товлон зарлахдаа Холбооны нийт гишүүдийг биечлэн оролцох, хэлэлцэх асуудлаар санал гаргах боломжит хугацааг харгалзана.
2.3. Их хурлаар хэлэлцэх асуудалд хамаарах баримт бичгийн төсөл, холбогдох судалгаа тооцоог Салбар хороо, Холбооны вэб сайтаар дамжуулан гишүүдэд урьдчилан мэдэгдсэн байна.
3. Их хурлын ирц
3.1. Холбооны дүрмийн 4.4-т зааснаар салбар хороо тус бүрийн 3/1-ээс дээш гишүүн буюу Холбооны гишүүдийн олонхи оролцсоноор Их хурлыг хүчинтэйд тооцно.
3.2. Их хурал эхлэхэд Ажлын албанаас ирцийг бүртгэж танилцуулах ба бүртгэж танилцуулсан ирц Их хурлаар хэлэлцэх асуудлыг шийдвэрлэх дуустал үйлчилнэ. Хоцорч ирсэн гишүүнийг нэмж бүртгэж болно.
3.3. Их хурлын ирцийг танилцуулснаас хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, эсхүл даргалагчийн зөвшөөрөлгүй хуралдааныг орхин гарсан бол ирцээс хасахгүй.
3.4. Холбооны гишүүн бус этгээдийг санал өгөх зэрэг аливаа хэлбэрээр Холбооны их хуралд оролцуулахгүй.
4. Их хурлын нийтлэг журам
4.1. Их хурлыг Холбооны тэргүүн даргалах бөгөөд Их хурлыг нээж, хэлэлцэх асуудал, тэдгээрийн дарааллыг танилцуулна. Дэгээр тухайлан зохицуулаагүй асуудлыг даргалагч Их хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ.
4.2. Холбооны дүрмийн 4.6, 4.10-д заасны дагуу даргалагчид дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий нарийн бичгийн даргыг Их хурлаас сонгох ба хэлэлцэж буй асуудлаар санал хураалтыг электрон техник хэрэгсэл ашиглан зохион байгуулахаас бусад тохиолдолд оролцогчдын саналыг тоолж, баталгаажуулах 5 гишүүний бүрэлдэхүүнтэй Тооллогын комиссыг байгуулж болно.
4.3. Тооллогын комисс байгуулсан тохиолдолд даргыг гишүүд дотроосоо сонгох ба санал хураалтын үр дүнг Тооллогын комиссын дарга Их хуралд мэдээлнэ.
4.4. Хурлаар хэлэлцэх асуудлыг дор дурдсан дарааллын дагуу хэлэлцэнэ:
- Хэлэлцэж буй асуудлын танилцуулга /Хөтөлбөрт заасан хугацаагаар/
- Асуулт хариулт /нэг гишүүн 2 минут хүртэл/
- Санал дүгнэлт /нэг гишүүн 2 минут хүртэл/
4.5. Хэлэлцэж буй асуудлын танилцуулга болон холбогдох тайлбарыг холбооны Тэргүүн, Гүйцэтгэх захирал, Удирдах зөвлөл хийнэ.
4.6. Хуралд оролцогч асуулт асуух, санал дүгнэлт гаргахдаа даргалагчаас тогтоосон дарааллыг баримтлана. Их хурлаар хэлэлцэж буй асуудлын хэлэлцүүлэг дууссан даруй оролцогчдын олонхын саналаар шийдвэрлэж, тогтоол үйлдэнэ.
4.7. Холбооны гишүүн нь Их хурлаар хэлэлцэх асуудлаар горимын санал гаргах бол нэгээс доошгүй хоногийн өмнө Ажлын албанд ирүүлнэ. Уг шаардлагыг хангаагүй горимын саналыг Их хурлаар хэлэлцүүлэхгүй.
4.8. Их хурлаар хэлэлцэх асуудалд илээр санал хурааж шийдвэрлэх ба дэгийн 4.7-д заасны дагуу нууцаар санал хураахаар гаргасан горимын саналыг оролцогчдын олонхи дэмжсэн тохиолдолд санал хураалтыг нууцаар явуулж болно.
4.9. Их хуралд оролцож байгаа гишүүн шүүгч санал хураалтад саналын нэг эрхтэй оролцоно. Хурлын төлөөлөгч санал хураахад түдгэлзэх эрхгүй бөгөөд “зөвшөөрсөн”, “татгалзсан” саналын аль нэгийг өгнө.
4.10. Их хурлаар хэлэлцүүлж буй асуудал олонхын дэмжлэг аваагүй бол “дэмжсэн”, “дэмжээгүй” санал гаргасан оролцогчдын тайлбар, тодруулгыг тэнцвэртэй сонссоны дараа дахин санал хураалт явуулж болно.
4.11. Холбооны санхүүгийн болон Удирдах зөвлөлийн ажлын тайланг хэлэлцсэн талаар санал хураалт явуулахгүй.
4.12. Дэгээр зохицуулаагүй бусад харилцааг Холбооны дүрмээр зохицуулах ба дүрэмд тухайлан заагаагүй бол Их хуралд оролцогчдын олонхын саналаар шийдвэрлэнэ.
–ooOoo–