
Олон улсын шүүгчдийн холбооны 67 дугаар Их хурал 2025 оны 10 дугаар сарын 11-17-ны өдрийн хооронд Азербайжан улсын нийслэл Баку хотод болж, 71 гишүүн улсын төлөөлөл чуулсан.
Монголын Шүүгчдийн Холбоог төлөөлж Тэргүүн Д.Батбаатар, гадаад харилцааны хорооноос Ц.Цогт (холбоонд төлөөлөгч оролцуулах зардал байхгүй тул өөр эх үүсвэрээр), Удирдах зөвлөлийн гишүүн З.Ганзориг (хувийн зардлаар) нар оролцлоо.
Олон улсын шүүгчдийн холбооны Их хурал нь Бүс нутаг /Европ, Өмнөд Америк, Африк болон Ази, Хойд Америк, Номхон далайн орнууд/-ийн холбоодын хуралдаан, Төв зөвлөлийн хуралдаан, Судалгаа /шүүх, эрүү, иргэн, нийтийн эрх зүй/-ны комиссын хуралдаанаас бүрддэг.

Ази, Хойд Америк, Номхон далайн орнуудын бүс (ANAO)-ийн хуралдаанд Монгол Улсаас гадна Канад, Австрали, Шинэ Зеланд, Бермуда, Казакстан, Америкийн Нэгдсэн улсын шүүгчдийн холбооны төлөөллүүд биечлэн оролцож, өнгөрсөн хугацаанд тус тусын холбоодын хэрэгжүүлсэн онцлох үйл ажиллагааны талаар танилцуулж, тулгамдаж буй асуудлаар санал солилцсон. Тухайлбал, шүүхийн бие даасан байдал, шүүгчийн сэтгэлзүй, ажлын ачаалал, эрүүл мэндийн асуудал хийгээд бүх нийтийн боловсрол олгоход шүүгчийн оролцоо чухал зэргийг хэлэлцэж, Төв зөвлөлийн нэгдсэн санал дүгнэлтэд тусгуулахаар зэрэгцээ ANAO бүсийн уулзалтын давтамжийг ойртуулах, дараагийн уулзалтын зохион байгуулалтын асуудал болон БНСУ, Сингапур, Пакистан, Энэтхэг, Вьютнам зэрэг тивийн зарим улсыг цаашид гишүүнээр элсүүлэх боломжийн талаар харилцан ярилцав.

МШХ-ны Тэргүүн Д.Батбаатар Шинэ Зеланд улсын Шүүгчдийн холбооны Тэргүүн Noel Sainsbury нар
Монголын шүүгчдийн холбооны хувьд бүс нутгийн улсын Шүүгчдийн холбоодтой хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд Америкийн Нэгдсэн Улс, Шинэ Зеланд улсын Шүүгчдийн холбоотой 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.
Гишүүддээ үйлчилдэг холбоодын хувьд харилцан туршлага солилцохоос гадна манай гишүүн-шүүгчдийн хувьд, англи хэлийг орчинд нь суралцах боломжийг эрэлхийлэхэд хоёр улсын шүүгчдийн холбооны хамтын ажиллагаа чиглэх юм.
Дээрх агуулгаар хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах саналыг Канад, Австрали улсуудын холбоод найрсагаар хүлээн авч, хариу өгөхөө илэрхийлсэн болно.

ОУШХ-ны Төв зөвлөлөөс Бүс нутгийн хороод, Судалгааны комиссын дүгнэлтийг нэгтгэж, зөвлөмж гаргах ба 67 дугаар Их хурлын үеэр Нигер улсын Ерөнхийлөгч нь Шүүгчдийн холбоог татан буулгасан, Тунис, Мексик улсад шүүгчийн аюулгүй байдалд халдаж, улс төрийн шахалт үзүүлэх болсон, Тайвань улс 2023 онд 65 дугаар Их хурлыг хүлээн авч, зохион байгуулснаас хойш тодорхойгүй шалтгаанаар идэвхигүй болсон, 67 дугаар Их хуралд оролцох төлөөлөгчдөд Азербайжан улс виз олгоогүй зэрэг асуудлыг ч гишүүн улсууд буруутган хэлэлцэж, “Гишүүн бүр оролцох” зарчмыг үгүйсгэлээ гэж санал нэгдсэн.
Судалгааны 4 комиссын хувьд гишүүн улсуудад урьдчилан хүргүүлж, ирүүлсэн саналуудыг нэгтгэсний үндсэн дээр тус тусын нэгдсэн тайлан, дүгнэлтийг гаргасан:
I судалгааны комиссын тайлан, дүгнэлтийг https://www.iaj-uim.org/iuw/1st-study-commission/
II судалгааны комиссын тайлан, дүгнэлтийг https://www.iaj-uim.org/iuw/2nd-study-commission/
III судалгааны комиссын тайлан, дүгнэлтийг https://www.iaj-uim.org/iuw/3rd-study-commission/
IV судалгааны комиссын тайлан, дүгнэлтийг https://www.iaj-uim.org/iuw/4th-study-commission/ холбоосоор тус тус, англи хэлээр танилцах боломжтой бөгөөд эдгээрийг МШХ-ны зүгээс тун удахгүй Монгол хэл рүү хөрвүүлж, та бүхэнд хүргэх болно.
Монголын шүүгчдийн холбооны төлөөлөгчдийн хувьд I судалгааны комиссын хуралдаанд оролцсон бөгөөд тус комиссын тайлан дүгнэлтэд тусгуулах саналаа МШХ-ноос урьдчилан хүргүүлсэн.

Мөн Их хурлын үеэр “Дэлхийн улсуудын шүүгчдийн нөмрөг”-ийн үзэсгэлэн гарсан бөгөөд энэ талаар бэлтгэсэн богино хэмжээний бичлэг (reel)-ийг МШХ-ны вэб сайт, фэйсбүүк фэйж хуудсаар сонирхуулна.
ОУШХ-ны 68 дугаар Их хурал 2026.10.15-21-ний хооронд Португаль улсад болно.
Мэдээлэл бэлтгэсэн: Удирдах зөвлөлийн гишүүн З.Ганзориг