70114100

99081135

94719111

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

“ИРЭЭДҮЙН ЭМЭГТЭЙ ШҮҮГЧИД – МАНЛАЙЛЛЫН ЭХЛЭЛ” УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА БОЛЛОО

   Нэгдсэн Үндэстний Байгууллагаас жил бүрийн (3 дугаар сарын 10) энэ өдрийг “Олон улсын эмэгтэй шүүгчдийн өдөр” болгон зарласан байдаг. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Монголын Шүүгчдийн Холбоо, Шихихутуг Их Сургуулийн дэргэдэх Суралцагч, төгсөгч хөгжлийн төвтэй хамтран ирээдүйн хуульч, эрх зүйч оюутнуудад зориулсан “Ирээдүйн эмэгтэй шүүгчид – Манлайллын эхлэл” сэдэвт онцлох уулзалт, ярилцлагыг өнөөдөр амжилттай зохион байгууллаа.

Арга хэмжээний зорилго нь шүүх засаглал дахь эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг сурталчлах, салбарын туршлагатай шүүгчдийн бодит түүхээр дамжуулан оюутан залууст мэргэжлийн урам зориг өгөхөд чиглэв.

 

 

Туршлага ба сорилт: Шүүгчдийн бодит түүх

Уулзалтад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа, Г.Нямсүрэн, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, “Шүүгч эмэгтэйчүүдийн холбооны” Тэргүүн Н.Дуламсүрэн, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал нар уригдан оролцлоо.

Зочин шүүгчид өөрсдийн шүүгч болохоор шийдвэр гаргаж байсан түүхэн мөчүүд, анхны шүүх хуралдааны сорилт, мэргэжлийн замнал дахь хамгийн хэцүү шийдвэрүүд болон сургамжтай тохиолдлуудаасаа нээлттэй хуваалцсан юм. Тэдний ярианаас шүүгч хүнд байх ёстой хамгийн чухал чанар бол шударга ёсны мэдрэмж, хариуцлага, ёс зүй гэдгийг онцлон тэмдэглэж байлаа.

Ирээдүйн хуульчдын идэвхтэй оролцоо

Шихихутуг Их сургуулийн 1, 2 дугаар курсийн 60 гаруй оюутан оролцсон тус уулзалт “Open Mic” буюу чөлөөт асуулт, хариултын хэлбэрээр үргэлжилсэн юм.

Оюутнууд шүүгчийн өдөр тутмын ажлын ачаалал, эмэгтэй хүний манлайллын онцлог болон ирээдүйд шүүгч болоход одооноос юунд анхаарах талаар сонирхсон асуултдаа бодит зөвлөгөөг авлаа.

Арга хэмжээний төгсгөлд зочин шүүгчид ирээдүйн мэргэжил нэгт залуустаа хандаж, хууль дээдлэх ёсыг эрхэмлэж, тасралтгүй суралцаж, зарчимдаа үнэнч байхыг хүсэн ерөөв.

Уулзалт оролцогчдын дурсгалын зураг татуулснаар өндөрлөсөн бөгөөд энэхүү арга хэмжээ нь жил бүрийн 3 дугаар сарын 10-нд уламжлал болон зохион байгуулагдах ач холбогдолтой юм.

Ажлын алба

“ИРЭЭДҮЙН ЭМЭГТЭЙ ШҮҮГЧИД – МАНЛАЙЛЛЫН ЭХЛЭЛ” УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА БОЛЛОО