70114100

92114100

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

Ж.Оюунтунгалаг: шүүгчид бид нэлээд вакумжчихсан, нийгмээсээ тусгаарлагдсаныг энэ хугацаанд ойлголоо

Одоогоос зургаан сарын өмнө ҮАБЗ-ийн зөвлөмжөөр Салхитын ордын хэргээр нэр бүхий 17 шүүгчийн эрхийг түдгэлзүүлэн, хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн билээ. Тэгвэл Ерөнхийлөгчийн зарлигаар тэдгээрээс долоон шүүгчийг ажилд нь буцаан томилжээ. Тэдний нэг, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагтай ярилцлаа.


-Ерөнхийлөгчийн зарлигаар шүүгчийн эрхийг тань сэргээгээд удаагүй байна. Ажилдаа орчихсон уу?

-Ажилдаа орсон. Манай шүүхээс дөрвөн шүүгч түдгэлзээд байсан нь бүгд буцаж сэргэсэн. Тиймээс бүрэн бүрэлдэхүүнээрээ хэрэг маргаанаа шийдвэрлэх, хэргээ хуваарилах, шүүх хуралдаанд орох журмаа зөвлөгөөнийн тогтоолоор батлах ёстой учраас Шүүгчдийн зөвлөгөөнийг хийснээр ажлаа эхлээд явж байна.

-Эрх түдгэлзүүлснээс хойш сэргээх хүртэлх хугацаанд үйл явдал хэрхэн өрнөв?

-Зургадугаар сарын 26-ны өдөр гарсан зарлигийн талаар шөнө хэвлэл мэдээллийн хэрэгслээс олж харсан. 27-ны өглөө ажил дээрээ ирэхэд зарлиг албан ёсоор гардуулж өгөөгүй ч хэвлэл мэдээллээр хариуцлагатай албан тушаалтнууд мэдэгдэл хийгээд эхэлчихсэн, ҮАБЗ-ийн дүгнэлт гарсан учраас түдгэлзсэн шүүгчид ажлаа хүлээлгэж өгсөн. Гэтэл албаны хүмүүсийн зүгээс түдгэлзсэн шүүгч нар ажлын байран дээрээ байж болохгүй талаар сануулж утсаар ярьсан учраас дахиж ажлын байран дээрээ очоогүй. Харин ямар хэргээр эрх түдгэлзүүлснийг тодруулахын тулд ҮАБЗ-ийн гишүүд, прокурорын байгууллага, АТГ, ШЕЗ зэрэг байгууллагад хандаж өргөдөл бичээд өгөх гэж байтал АТГ-аас гэрт ирж нэгжлэг хийж, үргэлжлүүлэн тэр орой гэрчийн мэдүүлэг авсан. Түүнээс хойш дахин 1-2 удаа гэрчээр асуусан. Энэ үед л Салхитын ордтой холбоотой хэрэгтэй холбоотой шүүгч нарын асуудал байгаа юм байна гэж ойлгосон.

-Ерөнхийлөгчийн зарлиг гарч, эрх түдгэлзүүлсний бараг маргааш нь байх аа, та хэвлэлийн хурал зарласан?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хариуцлагатай албан тушаалтнууд “Бүх шүүгч нар гарцаагүй баримтаар нотлогдсон” гэх мэтээр, тэр бүү хэл мөнгөн дүн зааж ярих зэргээр нийгмийн сэтгэл зүйд илт нөлөөлөхүйц мэдээлэл хийж эхэлсэн. Тэр мэдээллийн дор бичигдсэн иргэдийн сэтгэгдэл, хандлага бол авах юм байхгүй. Өдийг хүртэл хууль бус зүйл, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг эсрэг итгэл үнэмшилтэйгээр олон жил ажиллаж, амьдарч ирчихээд ийм байдалд орохоор шоконд ордог юм билээ. Тиймээс маргааш өглөө нь гэрийнхэндээ ч хэлэхгүйгээр гарч яваад, нэгэн танилаасаа хэвлэлийн бага хурал хийдэг газар хаана байдгийг асуугаад хурал зарласан. Амралтын өдөр байсан ч олон, цөөн хүн ирэх эсэх нь хамаагүй, үг хэлэх эрх чөлөөтэй байгаа дээрээ олон түмэнд хэлэх гэсэн зүйлээ хүргэе л гэж бодсон. Учир нь хүнийг хэлмэгдүүлэхэр шийдсэн бол, төрийн төмөр машины эсрэг зогсоход ямар хэцүү бэрх байдгийг манай түүхээс бэлээхэн харж болно. Ийм учраас л амралтын өдөр байгаа эсэхээс үл хамааран мэдэгдэл хийсэн.

-Шүүгчдийг эрхийг нь түдгэлзүүлэхэд бүх шүүгч энэ хэрэгтэй холбоотой ямар нэгэн хууль бус үйлдэл хийжээ гэдэг ойлголт нийгэмд түгсэн. Харин та энэ хугацаанд гэрч л байсан болж таарав уу?

-Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд шүүгчийг хэргийг аль нэг талд шийдвэрлэсэн гэж буруутгахыг, эсвэл шийдвэрлэсэн хэрэгтэй нь холбоотой гэрчээр асуух, байцаахыг хориглодог. Салхитын орд гээд байгаа уг хэргийг иргэний журмаар шийдвэрлэхэд шүүх бүрэлдэхүүнд надтай хамт түдгэлзсэн хоёр шүүгч нийлээд бид гурав орсон байдаг. Өөрөөр хэлбэл, шүүгчийг албадан гэрчээр асууж болохгүй. Тийм учраас эрх түдгэлзүүлсэн болов уу гэж таамаглаж байна. Гэхдээ хуулиа агуулга, мөн чанараар нь ойлгож хэрэглэвэл гэрчээр асуухын тулд заавал албан тушаалаас нь түдгэлзүүлэх хэрэгтэй юу гэдэг асуудал үүснэ. Сайн дураараа гэрчээр мэдүүлэг өгөх боломжтой хүмүүсийг цаашид эрхийг нь түдгэлзүүлээд байх уу үгүй юу гэдэг асуудал гарч байна. Миний хувьд гэрчээр асуугдахдаа бүх асуултад хариулсан, асуултад хариулахаас татгалзах ямар нэгэн үндэслэл шаардлага байхгүй.

-Зарим шүүгчдийг яллагдагчаар татаж, хэргийг нь шүүхэд шилжүүлсэн гэх сураг байна. Тэгэхээр шүүгчид ямар нэгэн байдлаар холбогдсон болох нь тодорхой болж байх шиг. Түүнчлэн таны оролцсон полиграфийн шинжилгээнд “Шүүгчид авлига авдаг уу” гэж асуухад та “Тийм” гэж хариулсан. Тэгэхээр шүүгчид холбоотой гэж ойлгож болох уу?

-Полиграфад ороход надаас зөвшөөрөл авсан, гэхдээ ямар асуулт асуухыг мэдэх боломжгүй байсан. Зарим асуулт нь ердийн өдөр тутмын шинжтэй байсан. Харин тэр дунд “Шүүгчид авлига авдаг уу” гэж гэнэт асуусан. Хариулахаас түдгэлзэхэд татгалзах боломж олгоогүй мэт санагдсан. Нийгэм тэр чигээрээ шүүгчид авлига авдаг гэж ярьж байгаагаас гадна гэрчээр асуугдаж байхдаа сонссон зарим нэг мэдээлэл тархинд үлдсэн байгаа. Тийм учраас “Үгүй” гэж хэлбэл худал болчихно. Гэхдээ яг тэр хариулт дээр надад сэтгэл хөдлөл их мэдрэгдсэн нь эргэлзээтэй хариулт хэдий ч үнэн гэдгээр үнэлсэн байна лээ.

-Тэдгээр шүүгчид дунд мэдээж таны таньдаг, магадгүй хүндэлж явсан хуульчид байсан болов уу. Ижил ажил мэргэжилтэй хүмүүс буруутгагдаад явчихаар танд ямар байгаа бол?

-Энэ хэрэг нууцын зэрэглэлтэй юм шиг байна. Хэнийг яллагдагчаар, хэн нь гэрчийн статустай байгаа талаар албан ёсны мэдээлэл байхгүй байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр тийм хүмүүсийг яллагдагчаар татжээ гээд зургаан шүүгчийн нэрийг заасан, тэр л хэмжээнд мэдээлэлтэй байгаа. Ер нь өөрийнхөө яваад өнгөрсөн замыг харахаар удаан ч гэсэн үнэн мөнийг тогтоож, энэ асуудлын гогцоог арилгаад шийдэлд хүргэх болов уу гэж найдаж харж байна. Хэрэг хийсэн хүн байвал заавал хариуцлагаа хүлээх ёстой. Хэрэг хийсэн, хүнийг хохироосон хүмүүст хариуцлага хүлээлгэдэг, хүмүүсийн хооронд үүссэн шударга бус байдлыг арилгах ажил хийдэг шүүгч хүн ийм зүйлд холбогдох явдал ерөөсөө байж болохгүй. Тийм хүмүүс байгаа бол тэр нь тогтоогдож, гүжирдүүлж гүтгэгдсэн хүмүүс байвал бас тогтоогдоод гарч ирэх болов уу гэж харж байгаа.

Шүүгчийн ёс зүйн дүрэмд шүүгч бусад хуульчийн талаар олон нийтийн мэлээллийн хэрэгслээр үнэлгээ дүгнэлт өгөх, сэтгэгдлээ хэлэх нь хориотой. Үүгээрээ бусад хуульчдаас ялгаатай. Гэхдээ би хүн юм чинь дотроо өөрийн гэсэн үнэлэмж, дүгнэлт байгаа. Түүнийгээ олон нийтэд гаргаж ярьж болохгүй.

-Энэ хэрэгтэй холбоотой шалгагдаж байсан гавьяат шүүгч Бямбаа хорих ангид амиа хорлосон гэдэг. Та тэр хүнийг таньдаг байсан уу, хэр мэддэг байсан бэ?

-Би 2012 онд шүүгч болсон. Тэр үед Бямбаа гуай ШЕЗ-д хэвлэл мэдээлэл хариуцсан дарга байсан болов уу гэж бодож байна. Ямартаа ч тийм хүн ажилладгийг сонсож байсан. ШЕЗ-ийн шугамаар шүүхүүдээр шалгалт хийх үед нь нэг удаа харснаас өөрөөр мэдэхгүй.

-Шүүгчдийг шалгах үед эрүүдэн шүүсэн байж болзошгүй гэсэн мэдээллийг зарим хуульчид ярьж эхэлж байгаа. Танаас мэдүүлэг авах үед ийм байдал ажиглагдсан уу. Ер нь бусад шүүгчдийн хувьд энэ тухай сонссон уу?

-Би өөрөө хуульч хүн учраас гэрт ирээд нэгжлэг хийхэд үндэслэлийнх нь талаар асуухад ерөнхий тайлбар хэлдэг юм билээ. Нэгжлэгийн хувьд бүх зүйлийг маш нарийн үзэж, нэг бүрчлэн камерын бичлэг хийж байсан. Мэдээж эвгүй байсан. Гэхдээ кинон дээр гардаг шиг хамаг юмыг онгичиж, авч шидээд, загнаж доромжлоод байсан зүйл байхгүй. Ажилтнууд нь нэлээд мэргэжлийн, эмх цэгтэй маягтай харагдаж байна лээ. Гэрчийн мэдүүлгийн хувьд ч тэр бүх зүйл бичлэгээр баримтжуулж, хуулийн заалтуудыг нэг бүрчлэн мөрдөж байх шиг харагдсан.

-Хэдийгээр эрх сэргэсэн ч танд шүүхийн нэр хүнд, шүүгчийн нэр төрийг цаашид улам өндөрт авч явах шаардлага улам өндөр болов уу даа?

-Би юу ч мэдэхгүй сургууль төгссөн “хүүхэд” байхдаа шүүхийн байгууллагад ороогүй. Хуулийн төсөл бичих, судалгаа шинжилгээний ажил багагүй хийж, шүүхтэй холбоотой хууль тогтоомж, эрдэм шинжилгээний бүтээлүүдийн түвшинд нэлээд судалчихаад орж ирсэн болохоор шүүгч гэж хэн байх ёстой вэ, шүүхийн байгууллага ямар байх ёстой талаар идеаль түвшинд ойлголттой байсан. Шүүгч өөрийнхөө ажил мэргэжилтэй холбоотой өөрийн танил тал, эсвэл хэн нэгэнд тусгайлан тус хүргэх, давуу тал үүсгэх боломжгүй. Дэлхийн бараг бүх улс оронд ийм жишигтэй, манай улсын хууль тогтоомжид ч яг адилхан хуульчилчихсан байгаа. Тийм түвшинд би ойлгож ирсэн.

Манай нийгэмд өндөр албан тушаалтнууд, олны танил улстөрчид олон хүнд тус болдог, ах дүү хамаатан садан, найз нөхдөө дээш нь татдаг. Түүнийг бидний монголчууд “Хүн чанартай”, “Тусч, сайн хүн” гэж ойлгодог байх. Гэтэл шүүгч хүн ийм байх боломжгүй. Ийм байх юм бол эсрэгээрээ шүүхийн ажил явахгүй. Нөгөө талаас ийм хандлага нь шүүгчийг хүнд таалагдах, хүнд зөвхөн сайхан харагдах зорилготой болговол маш аюултай. Харахад шударга дүр эсгэдэг байж болохгүй. Бүр цаад агуулгаараа л шударга, хүн чанартай байх асуудал шүүгч хүнд хамгийн чухал зүйл юм байна гэдгийг өнгөрсөн зургаан сарын хугацаанд олон нийтийн дунд байхдаа бодитойгоор мэдэрлээ. Өмнө нь цагаар хичээл заадаг байсан, энэ удаа бүр илүү цаг зав гарч, оюутнууд, ард түмний яриа хөөрөө, хандлагыг ажиглалаа. Ингээд харахад шүүгчийн ёс зүй, шүүгчид тавигдах шаардлага, шүүгч гэж хэн бэ гэхэд бид нэлээд вакумжчихсан, нийгмээсээ тусгаарлагдсан гэдгийг ойлгосон. Нэг тийм хэт мэргэжлийн, номын, албаны байдлаар хараад тэр нь хөрсөн дээрээ буухгүй, эсвэл мэдлэг боловсрол, хүн чанар муутай нэг хэсэг нь хэлбэрдэх шинж рүү орчихсон байна. Агуулга нь байхгүй хэлбэр байх боломжгүй, хэзээ нэгэн цагт дэлбэрдэг.

-Шүүх байгууллагын тогтолцоотой холбоотой шинэчлэл манайд чамгүй их хийгдсэн. Таныхаар шүүхийн өнөөгийн тогтолцоо, шинэчлэл хэр зөв явж байна вэ?

-Би ОХУ-д сургуулиа төгсч ирээд 2001 онд Хууль зүйн яаманд ажилд орж байсан үед гэхэд л шүүхийн шинэчлэл яригдаж байсан. Дараа нь 2011, 2012 оноос дахиад л өөрчлөлт шинэтгэл гэж яригдсан. Хуулийн салбар өөрөө нийгмийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж чадахгүй, зөрүү гараад байгаа учраас нийгмийн зүгээс шинэтгэлийг шаардаад байдаг. Түүний дагуу шинэтгэл хийх нь зөв боловч судалгаа шинжилгээ дутуу байв уу, хоорондын харилцаа холбоо муу байсан уу, эсвэл дотор нь байгаа хүмүүсийн олж авч байгаа мэдээлэл бодитой бус, өөрийнхөө үзэл бодлоос өөр зүйлийг сонсохыг хүсэхгүй байсан уу зэрэг олон асуудлаас болоод шинэчлэл дутуу хийгдээд байгаа харагддаг. Шинэчлэлийг нэг улстөрч хийлээ, тэр нь бодит байдал дээр хэрхэн бууж байна вэ, гүйцэтгэл нь ямар байна вэ гэдэг дээр зөрүү гарчихаад байгаа юм болов уу.

Үнэхээр хууль шүүхийн байгууллагад авлигын янз бүрийн сүлжээ, бүлэглэл үүсчихсэн бол шинэтгэж, ангижруулах нь маш чухал. Энэ нь улс орны хувь заяанд амин чухал асуудал яах аргагүй мөн. Ром улс мөхсөн нэг том шалтгааныг шүүхийн авлига, ялзрал гэж түүхэнд үздэг. Тиймээс шүүхийн шинэтгэлийг ямар нэгэн бүлэг ашиг сонирхол, тэрний энэний тал гэдэг үүднээс авч хармааргүй байна.

Б.ЭНХЗАЯА

Сэтгэгдэл бичих

Ж.Оюунтунгалаг: шүүгчид бид нэлээд вакумжчихсан, нийгмээсээ тусгаарлагдсаныг энэ хугацаанд ойлголоо