Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг, гишүүн Д.Зүмбэрэллхам, А.Отгонцэцэг, Л.Энхбилэг, мэргэжилтэн н.Гүнзаяабаяр, хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга Г.Буянхишиг нар Шүүгчдийн холбооны хүсэлтээр удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхтулга, Ц.Эрдэнэчимэг, гүйцэтгэх захирал М.Наранчимэг нарыг хүлээн авч ШЕЗ-ийн 104 тоотод уулзалт хийв.
Уулзалтын эхэнд Монголын Шүүгчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Наранчимэг Шүүгчдийн холбоотой хамтран ажиллаж хэрэгжүүлж буй төсөл, хамтын ажиллагааны талаар товч мэдээлэл хийж, харилцан санал солилцох асуудлуудыг танилцууллаа. Шүүгчдийн холбоо нь бүх шатны шүүгч нарын шүүхээс бусад үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, иргэд олон нийтэд шүүхийн үйл ажиллагааг үнэн зөвөөр таниулах, шүүхийн нэр хүндийг нэмэгдүүлэх, шүүгчийн хувь хүний хөгжлийг дэмжих чиглэлээр голлон ажилладаг бөгөөд 2022-2023 оны Шүүгчдийн холбооны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу гадаад, дотоодод хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ ШЕЗ, ШСХ, УДШ-ийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, АТГ-тай хамтран тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэж хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа тухай дурдсан юм.
Уулзалтаар шүүхийн байр, шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал, нийгмийн тулгамдсан асуудлын талаар ШЕЗ-ийн дарга мэдээлэл өгөв.
30 жил хөгжсөн ардчилсан улсад шүүх хуралдааны стандартын байр байхгүй, тусгай хэрэгцээт хүний боломжийг хангах байтугай энгийн иргэд нь давчуу байранд шүүх хуралдаан явуулж байгаа зэрэг асуудлуудыг ганц байр барьснаар шийдэхгүй энэ бүхэнд төсөв мөнгө шаардана. Тиймээс бид 10 жилийн урт хугацааны бодлогын баримт бичиг боловсруулж, “Шүүх байгуулах тухай” хуультай уялдуулж бодлогын хөтөлбөрөө УИХ-д оруулахаар ажиллаж байгаа гэлээ.
Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангаж, хамгаалах чиглэлээр болон олон нийтэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааныхаа талаар гишүүн шүүгч А.Отгонцэцэг, Л.Энхбилэг нар мэдээлэл хийлээ. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шүүгчдийн нэр төрд эзэн биегүй халдаж байгаа мэдээ мэдээлэлд ШЕЗ-ийн ОНХ хэлтэс хяналт тавих болон зарим тохиолдолд албан бичгээр харилцан асуудлыг шийдвэрлүүлэх зэргээр ажиллаж тодорхой мэдээ, нийтлэлүүдийн талаар Хэвлэл мэдээллийн зөвлөлд асуудлыг албан бичгээр хүргүүлж шийдвэрлэсэн тухай танилцуулав.