
Монголын Шүүгчдийн холбоо, Шүүгчийн ёс зүйн зөвлөх хороо хамтран Канад Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газар (КУХШХЭГ)-ын дэмжлэгтэй хэрэгжиж буй “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийн хүрээнд Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймаг дахь шүүхүүдэд амжилттай ажиллалаа.
2026 оны 5 дугаар сарын 20-ноос 23-ны өдрүүдэд зохион байгуулсан тус арга хэмжээ, уулзалт, хэлэлцүүлэгт дээрх аймгуудаас гадна Сэлэнгэ аймгийн Мандал, Хөтөл сум дахь сум дундын шүүхүүдийн шүүгчид нийт 60 гаруй шүүгч оролцож, тулгамдаж буй асуудлаар санал бодлоо солилцсон юм.


“Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төсөл нь Канад Улсын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр 2025-2030 оны хооронд хэрэгжих бөгөөд шүүхийн хараат бус, хариуцлагатай, шударга байдлыг бэхжүүлэх, шударга ёсны хүртээмжийг нэмэгдүүлж, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэх үндсэн зорилготой. Тус төсөл нь өмнө нь амжилттай хэрэгжсэн “Жендерийн мэдрэмжтэй, сайжирч хөгжсөн шүүхийн тогтолцооны үр шимийг Монгол Улсын иргэд хүртэх нь” техникийн туслалцааны түншлэлийн төслийн үргэлжлэл бөгөөд энэ удаад Шүүгчийн ёс зүйн зөвлөх хорооны үйл ажиллагааг сурталчлах, шүүгчдийн ёс зүйн чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байна.



Уулзалтын хүрээнд:
- Шүүгчдийн холбооны үйл ажиллагааг танилцуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, мөн 2023 онд байгуулагдсан цагаасаа хойш шүүгчдээс ирүүлсэн асуултын дагуу 7 удаагийн зөвлөмж гаргаад буй “Шүүгчийн ёс зүйн зөвлөх хороо”-ны чиг үүргийг сурталчлав.
- Шүүгчийн ёс зүйн стандарт батлах хэрэгцээ шаардлагыг ёс зүйн зөвлөх хорооны гишүүн, УДШ-ийн шүүгч Б.Батцэрэн танилцуулан хэлэлцүүлж, шүүгч сахилгын зөрчилд холбогдож буй нийтлэг асуудлууд, холбогдох статистик мэдээллийг Ёс зүйн зөвлөх хорооны ахлагч, УДШ-ийн шүүгч Д.Мөнхтуяа, шүүгчдээс ирүүлсэн асуултын дагуу гаргасан зөвлөмжийн агуулгыг бусад гишүүд танилцуулж, сахилгын зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлаар ярилцлаа.

Шүүгчид тулгамдсан асуудлаар сайн дурын үндсэн дээр, нууцлалыг бүрэн хангасан байдлаар зөвлөгөө авах, санал солилцох ганцаарчилсан уулзалтуудыг амжилттай зохион байгуулав.
Уулзалтын төгсгөлд томилолтын үр дүнг нэгтгэн дүгнэж, цаашид шүүгчдийн ёс зүйн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг үе шаттай авч хэрэгжүүлэх нь зүйтэй цаг үеэ мэдэрсэн хэрэгцээ шаардлагатай уулзалт болохыг тэмдэглэв.

Орон нутгийн шүүхүүдэд ажилласан ажлын хэсэгт Монголын Шүүгчдийн холбооны Тэргүүн, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Д.Батбаатар, Шүүгчийн ёс зүйн зөвлөх хорооны 8 гишүүн Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн, шүүгч Д.Мөнхтуяа, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн, Увс аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Алтан, Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Давааренчин, Хэнтий аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч (ахмад шүүгч) Б.Дэнсмаа, Дундговь аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Одонтуул, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа, “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийн удирдагч С.Билгүүн, “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийн зохицуулагч Ч.Чинхүслэн, Шүүгчийн холбооны хэвлэл мэдээллийн ажилтан-туслах М.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй ажиллав.
МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА