Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 85 дугаар зарлигаар өнөөдөр (2026 оны 6 дугаар сарын 15) Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо. Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр Улсын дээд шүүхэд хүрэлцэн ирж, тус шүүхийн нийт шүүгч, ажилтнуудад уншиж сонордуулсан байна.

Зарлиг уншиж сонордуулсны дараа Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч асан Д.Ганзориг шинээр томилогдсон Ерөнхий шүүгч Ц.Цогтод шүүхийн тамгыг албан ёсоор гардуулан өгөв.
Тамга гардуулах үеэр шүүгч Д.Ганзориг шинэ Ерөнхий шүүгчид баяр хүргэж, хэлсэн үгэндээ: “Шударга шүүх ардчиллын үнэт зүйлсийн баталгаа болж буй энэ үед шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах, иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг баталгаажуулах үүрэг таны манлайлал дор тууштай үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Өнгөрсөн жилүүдэд шүүхийн эрх зүйн орчныг бэхжүүлэх чиглэлээр томоохон шинэчлэлүүд хийгдсэн нь хөгжлийн дараагийн шатны суурь тавигдсан. Шүүхийн индекс, тэр тусмаа бие даасан байдал, шүүхэд итгэх олон нийтийн итгэл нэмэгдсэн. Шүүн таслах ажиллагааны чанар, үр нөлөө, шүүхийн хүртээмж, хүний нөөц, эдийн засгийн баталгааг сайжруулах зорилт цаашид шүүхийн хөгжилд өндөр ач холбогдолтой байх болно” хэмээн онцлоод, шүүх эрх мэдлийг улам бэхжүүлэхийг хүсчээ.

Шинээр томилогдсон Ерөнхий шүүгч Ц.Цогт нь Монголын шүүгчдийн холбоог олон улсын түвшинд гаргах, Олон улсын шүүгчдийн холбооны гишүүн байгууллага болоход бодлогын болон үйл ажиллагааны гол дэмжлэгийг үзүүлсэн бөгөөд тус холбооны Гадаад харилцааны дэд хороог өдгөө ахалж байгаа юм.
Хууль зүйн салбарынхан болон хуульчид түүнийг захиргааны эрх зүйн төрөлжсөн нарийн мэргэшсэн сургалт, судалгаагаар дотооддоо төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, онол-практикийн туршлагатай хэмээн үнэлдэг байна.

Монголын шүүгчдийн холбооны зүгээс Ерөнхий шүүгч Ц.Цогтыг үүрэгт ажилдаа орж байгаатай холбогдуулан шүүгчдийн эрх ашгийг хамгаалах, шүүх засаглалын хараат бус байдлыг хангах, шүүхийн шинэчлэлийг бэхжүүлэх үйл хэрэгт нь өндөр амжилт хүсье.
МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБОО