70114100

92114100

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

“Нээлттэй дэлхий” хөтөлбөрийн онлайн хурлын талаарх тайлан

Нээлттэй дэлхий” хөтөлбөрөөр АНУ-д сургалтын аялалд оролцсон дэлхийн улс орнуудын шүүгч нарын дунд 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд АНУ-ын цагаар өглөөний 10-12 цагт, Монголын цагаар шөнийн 22-24 цагийн хооронд 2 өдрийн хэлэлцүүлэгт оролцож, шүүх ковидын нөхцөл байдалд хэрхэн ажиллаж байгаа талаар болон Монгол Улсын Шүүхийн шинэтгэлийн үе шат, үйл явц, Шүүгчдийн холбооноос хийлгэсэн судалгааны дүгнэлт, шүүхийн талаарх ойлголтыг олон нийтэд өгөх шаардлагатай байгаа талаар танилцуулга, илтгэл тавьсан.

АНУ-ын шүүгч нар түүний дотор “Нээлттэй дэлхий” хөтөлбөрийн хүрээнд шүүгчдийн аяллыг зохион байгуулахад оролцсон шүүгчид, Шүүгчдийн олон улсын асуудал хариуцсан хорооны тэргүүн шүүгч болон Конгрессын “Шүүхийн асуудал хариуцсан хороо”-ны гишүүн зэрэг хүмүүс оролцсон. АНУ-ын шүүгчид панилистаар оролцсон ба хуралд оролцсон хүмүүс ковид-19 буюу цар тахлын үеийн шүүхийн үйл ажиллагаанд гарч байгаа хүндрэл, нөхцөл байдал, хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын зүгээс үзүүлж буй дэмжлэг болон шүүх хэрхэн үйл ажиллагаа явуулж байгаа талаар тус бүр товч танилцуулгуудыг хийсэн. Тухайлбал, АНУ-ын шүүхэд гэм буруугийн шүүх хуралдаан нь буюу тангарагтны шүүгчийг оролцуулах шүүх хуралдаанууд удтал хойшилсон нөхцөл байдалтай холбоотойгоор оролцохгүй байх, татгалзах эрхийг тангарагтны шүүгчдэд олгосон боловч тангарагтны шүүхийн гишүүн-иргэд биечлэн өөрийн санаачилгаар танхимд зай барин оролцож байсан талаар онцгойлон тэмдэглэж байсан.

Үүний дараа “Нээлттэй дэлхий” хөтөлбөрт хамрагдсан дэлхийн буюу улс орнуудын шүүгчдийн төлөөллөөс Армен, Гүрж, Украйн, Серб, Македон, Оросын Холбооны Улс, Молдав, Казахстан, Киргиз, Кыргызстан зэрэг олон улс орны шүүгч нар ковид-19 цар тахлын үед шүүх ажиллахад үүсч буй асуудал, хүндрэлийн талаар болон өөрийн улс оронд шүүхийн үйл ажиллагаа, шүүх засаглалын хүрээнд тулгамдаж байгаа асуудлуудын талаар тус бүр 10 минутын танилцуулга илтгэл тавьж харилцан ярилцлага, асуулт хариулт бүхий үр бүтээлтэй өнгөрлөө.

Армен Улсын шүүх нэн яаралтай шүүх хуралдаанаас бусад шүүх хуралдаануудыг хойшлуулж байгаагаас гадна ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хууль тогтоомж болон шүүхийн үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомж, дүрэм, журмуудыг өөрчлөх, сунгах үйл ажиллагаанууд шаардлагатай байгааг дурдсан. Жишээлбэл, нэн яаралтай шүүх хуралдаан гэдэгт гэр бүлийн хүчирхийлэл, цагдан хорио зэрэг асуудлаас бусад шүүх хуралдааныг танхимд хийх боломжгүй байгаатай холбогдуулан хойшлуулах, зарим шүүх хуралдааныг зайнаас хийх тоног төхөөрөмжийн нөхцөл бүрдсэн тохиолдолд хийх боломж бүрдүүлснээр чармайлт гаргаж байгаа талаар ярьсан.

Хоёр өдрийн ярилцлага төлөвлөсөн цагаас сунгагдаж байсан боловч шүүгчдийн зүгээс цаашид ярилцах нийтлэг олон асуудал байгааг дурдаж байсан ба “Нээлттэй дэлхий” хөтөлбөрийг уулзалт зохион байгуулж байгаад гүн талархалтай байгаагаа илэрхийлэн, эдгээр улс орнуудын Шүүгчдийн холбоод хоорондоо хамтран ажиллах, энэ асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэх зэрэг санал санаачлагууд гарсан. Цаашид “Нээлттэй дэлхий” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах хэлэлцүүлэг, конференц зохион байгуулах ажлуудыг тогтворжуулах талаар шүүгчид санал гаргаж байв.

Гүрж улсын хувьд ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор шүүхийн үйл ажиллагаанд бусад улсын нэгэн адил хүндрэл байгаа боловч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Сахилгын хороо байгуулж, шүүгчдийг туршилтын болон 10 жилийн хугацаатай зэргээр томилж, хугацаа дууссаны дараа шалтгаан заахгүйгээр дахин томилохгүй байх зэргээр шүүгчдийн хараат бус байдалд халдаж байгаа нь шүүх засаглалын тогтвортой байдал, улс орны ардчилалд ноцтой аюул тулгарч байгаа тул бусад улс орны зүгээс анхаарал хандуулаач гэх агуулгатай илтгэл тавьсан.

Казахстан Улсын шүүхийн хувьд ковидын улмаас нэг шүүгч нас барсан харамсалтай тохиолдлыг хэлээд шүүхийн үйл ажиллагаа ковид-19 цар тахлын үед онлайнаар хэвийн явагдаж байгааг дурдсан. Е-шүүхийн системд 2017 оноос шилжих талаар буюу зайнаас шүүх хуралдааныг явуулах, шүүхийн үйл ажиллагааг онлайн, дижитал хэлбэрээр явуулах талаар хууль тогтоомж батлагдсан, бүх иргэд, хэргийн оролцогч нар цахим гарын үсэгтэй учраас хэргийн нотлох баримт өгөх, шүүх хуралдаанд оролцох, цахим шүүхийн тусгай талбар үүсгэж, тоног төхөөрөмж технологийн шийдлүүдийг өргөнөөр нэвтрүүлж байгаа тул шүүхийн үйл ажиллагаанд ноцтой хүндрэл учрахгүй байгааг тэмдэглэн, түүнчлэн хууль тогтоох засаглалын зүгээс энэ асуудалд дэмжлэг үзүүлж байгааг танилцуулсан.

Тухайлбал, Молдав, Серб зэрэг олон улсын шүүгч нар идэвхтэй оролцож асуулт тавьж байсны дотор тухайн улсуудын Шүүгчдийн холбооны зүгээс шүүхийн хараат бус байдал, шүүхийн нэгдмэл, шударга байдлын төлөө юу хийж болох талаар харилцан туршлага солилцох шаардлагатай байгаа талаар дурдаж байсан болно.

Мөн манай улстай төстэй нөхцөл байдлууд буюу олон нийтийн зүгээс шүүхэд итгэх илтгэл алдрах, шүүхийн нэр хүнд унах зэрэгт шүүгч нарын зүгээс олон нийтэд илүү нээлттэй ил тод болох, түүнчлэн шүүгчийн зан төлөв, үйл ажиллагаанд анхаарах, нөгөө талаар хараат бус байдалд халдсан үйл ажиллагаа үйлдлийн талаар хэрхэн хуулийн дагуу зөв арга хэмжээ авах талаар санаа зовниж байгаа талаар яригдаж байсан бөгөөд цаашид Шүүгчдийн холбооны үйл ажиллагааны хүрээнд хамтран ажиллах, хоорондоо холбоо, харилцаатай байх саналыг гаргаж байсан.

Бусад улс орны оролцогч шүүгчид асуулт, хэлэлцүүлгийн явцад дээрх асуудлаар адил байр суурьтай байгаагаа илэрхийлж байсан ба бусад улс оронд мөн адил асуудлууд байгаа учраас цаашид хэлэлцэх шаардлагатай талаар ярьсан.

МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН Ж.ОЮУНТУНГАЛАГ

Сэтгэгдэл бичих

“Нээлттэй дэлхий” хөтөлбөрийн онлайн хурлын талаарх тайлан