
Монголын Шүүгчдийн Холбоо нь олон Улсын түншлэлийн хүрээнд үйл ажиллагаагаа өргөжүүлэх, институцийн чадавхыг бэхжүүлэх болон олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэх зорилгоор Канадын шүүгчдийн холбооны төлөөлөгчидтэй хийх цуврал уулзалтаа (2026.05.06) өнөөдөр эхлүүллээ. Энэ удаагийн уулзалтаар талууд шүүхийн шинэчлэл, ёс зүйн зөвлөх хорооны үйл ажиллагаа болон мэдээлэл харилцааны дэвшлийг шүүхийн салбарт нутагшуулах асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын эхний хэсэгт МШХ-ны бүтэц зохион байгуулалт, тэргүүлэх чиглэл болон хэрэгжиж буй төслүүдийн талаар Холбооны Тэргүүн Д.Батбаатар танилцуулга хийв. Мөн Олон нийттэй харилцах (ОНХ) дэд хорооны үйл ажиллагааны талаар тус хорооны ахлагч П.Соёл-Эрдэнэ, гадаад харилцааны чиглэлээр хийж буй ажлуудыг Гадаад харилцааны дэд хорооны ахлагч Ц.Цогт нар танилцуулсан юм.

Уулзалтын үеэр зочид Канадын шүүгчдийн холбооны туршлага, мужийн болон холбооны шүүгчдийн хамтын ажиллагааны загвар, сахилга батын хорооны үйл ажиллагааны онцлог зэрэг сэдвүүдээр туршлагаа хуваалцаж, Монгол Улсын шүүхийн тогтолцоонд хэрэгжүүлэх боломжийг хэлэлцэв. Үүнээс гадна шүүгчийн хараат бус байдал, шүүхийн төсвийн бие даасан байдлыг бэхжүүлэхэд холбооны зүгээс үзүүлэх нөлөөллийн талаар санал солилцлоо.
Талууд цаашид шүүгчдийн мэргэжлийн чадавхыг дээшлүүлэх сургалт семинарыг тогтмолжуулах, Ёс зүйн зөвлөх хорооны үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлэх, шүүгч бүрийн оролцоог хангасан мэдээллийн дотоод сүлжээг сайжруулахаар хамтын ажиллагааны хүрээнд төлөвлөхөөр тохиролцов. Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад шударга шүүхийн тогтолцоог бэхжүүлэхэд чухал алхам болохыг оролцогчид онцоллоо.

Уулзалтад МШХ-ны Тэргүүн Д.Батбаатар, Гадаад харилцааны ахлагч Ц.Цогт Олон нийттэй харилцах дэд хорооны ахлагч П.Соёл-Эрдэнэ болон Удирдах зөвлөлийн гишүүд, ОНХ дэд хорооны гишүүд, шүүгчдийн төлөөлөл Э.Амин-Эрдэнэ, Д.Батцэцэг, В.Амартүвшин, Б.Болор-Эрдэнэ, З.Ганзориг, Б.Мөнхзул, А.Сарангэрэл, С.Отгонтуяа, Л.Түвшинжаргал, Г.Урангуа нар оролцов.
Монголын Шүүгчдийн Холбоо, Ажлын алба