
Өнөөдөр (2026.05.11) Монголын Шүүгчдийн холбооны төлөөлөл болон Канад Улсын Дээд шатны шүүхийн шүүгчдийн холбооны төлөөлөгчид, Монгол дахь төслийн удирдагч, зохицуулагчид, Шүүгчдийн холбооны Тэргүүн, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүн, гадаад харилцааны дэд хорооны ахлагч, ОНХ дэд хорооны ахлагч, гишүүд, шүүгчдийн төлөөлөл оролцсон стратеги төлөвлөлтийн чухал семинарыг зохион байгууллаа. Уулзалтаар байгууллагын засаглал, чиг үүрэг болон шүүгчдийн ажиллах нөхцөлийг сайжруулах чиглэлээр олон чухал асуудлыг хэлэлцэв.
Семинарын эхний хэсэгт Канадын холбооны үндсэн чиг үүрэг, үйл ажиллагааны цар хүрээг танилцууллаа. Үүнд:
- Шүүгчдийн хараат бус байдлыг хамгаалах, дэмжих;
- Шударга бөгөөд үндэслэлтэй тооцоолол бүхий зохистой цалин хөлсний төлөөх нөлөөлөл;
- Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шударга байдлыг хангуулах;
- Шүүгчдийн сэтгэл зүйн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэмжих зэрэг асуудлууд багтаж байна.
Байгууллагын засаглалын бүтцийн хувьд Удирдах зөвлөл, Зөвлөл, болон Гүйцэтгэх хороо/Гүйцэтгэх захирал гэсэн уялдаа холбоотой тогтолцоогоор ажиллаж байна. Үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдийг Хороодод хуваан (Засаглал, Технологи, Гадаад харилцаа, Нийтийн эрх зүйн боловсрол гэх мэт) мэргэшсэн байдлаар хэрэгжүүлдэг туршлагаа хуваалцсан юм.

Семинарын үеэр оролцогчид болон гишүүдээс дараах чиглэлээр хамтран ажиллах саналуудыг бичгээр авч нэгтгэлээ:
- Сургалт ба Хөгжил: Шүүгчдэд зориулсан хиймэл оюун ухааны (AI) сургалт, сэтгэл зүйн эрүүл мэндийн хөтөлбөр болон Канадын туршлагаас суралцах танин мэдэхүйн аялал зохион байгуулах.
- Цахим шилжилт: Шүүгчдэд зориулсан тусгай аппликейшн хөгжүүлэх, дотоод харилцааны платформыг сайжруулах.
- Олон нийтийн харилцаа: Шүүх, шүүгчийн нэр хүндэд халдах халдлагын үед хариу үзүүлэх медиа стратегийг боловсруулах, олон нийтэд зориулсан танин мэдэхүйн видео контентууд бэлтгэх.
- Ахмад шүүгчид: Ахмад шүүгчдийн мэдлэг туршлагыг ашиглах, тэднийг эргэх холбоотой байлгах үйлчилгээнүүдийг нэвтрүүлэх.
Өнөөдөр цугларсан эдгээр санал, санаачилгад тулгуурлан маргааш буюу 5 дугаар сарын 12-ны уулзалтаар Монголын Шүүгчдийн холбооны үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж, 5 дугаар сарын 13-ны өдөр нэгдсэн төлөвлөгөөг танилцуулж, айлчлалын үр дүнг танилцуулахаар товлоод байна.

Энэхүү хамтын ажиллагаа нь шүүгчдийн нийгмийн баталгааг хангах, мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх замаар Монгол улсын шүүхийн шинэчлэлд бодит хувь нэмэр оруулах зорилготой юм.
Шүүгчдийн холбооны Ажлын алба